Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн долоодугаар сарын 19-нд дөрвөн жил есөн сарын хугацаагаар хорих ял сонссон “Зариг.мн” сайтыг үүсгэн байгуулагч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хаалттай хэлэлцлээ. Тус шүүх хурлыг шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг илтгэн танилцуулж, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй, НПГ-ын хяналтын прокурор Н.Улсболд, Б.Энх-Эрдэнэ, хохирогч Х.Ундрах-Оргил, Б.Өнөрбат, Д.Мөнхтуул, “Найман ишигний” гэх хэргийн хохирогч Ж.Эрэвгийлхам, “Монполимет” ХХК-ийн үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав нар өмгөөлөгчдийн хамтаар оролцсон юм. Н.Өнөрцэцэгийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас шүүх танхимд авчирсан бөгөөд ар гэр, үр хүүхэдтэйгээ уулзах гэсэн боловч хуяглан хүргэж, хууль сахиулагчид хүчээр Нийслэлийн шүүхийн байр луу авч оров. Эл хуралд тэрбээр Д.Батболд, З.Хүрэлсүх, Б.Баатарсайхан, О.Батсүх, Д.Оросоо, Р.Булгамаа, П.Эрхэмбаяр, Б.Мөнхбаяр, Ц.Хишигжаргал гэсэн есөн өмгөөлөгчөөр эрхээ хамгаалуулж, давж заалдах гомдлоо тайлбарлуулсан аж. Шүүх хурал 10.10 цагийн үед эхлэхэд зургаан өмгөөлөгч нь шүүх хурлыг нээлттэй явуулах санал гаргасан байна. Гэвч шүүх бүрэлдэхүүн уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзжээ. Улмаар шүүхийн хэлэлцүүлэг эхэлж илтгэгч шүүгч хэргийн талаар танилцуулсны дараа хохирогчид болон тэдний өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо тайлбар хэлсэн бол шүүгдэгчийн зарим өмгөөлөгч ч бас гомдлын үндэслэлээ танилцуулсан. Ингээд 14.00 цагт шүүх хурал түр завсарлав. Үдээс хойших хурлаар шүүгдэгчийн өмгөөлөгч нар давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарлаж, улсын яллагч хоёр хүн дүгнэлтээ танилцуулснаар 17.00 цагт шүүх хурал завсарлаж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж эхэлсэн юм.
Анхан шатны шүүх Н.Өнөрцэцэгийг дөрвөн иргэн, нэг хуулийн этгээдийн нэр төрд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогоо зориуд худал тодорхойлж, нуусан, татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж ашигласан, төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан гэм буруутайд тооцож, дээрх ялыг оноогоод байсан юм. Тэгвэл нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Н.Өнөрцэцэгт оноосон ялыг хэвээр нь үлдээж, гомдлыг нь хэрэгсэхгүй болгов.