Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох давж заалдах шатны шүүх хурал маргааш болно. Шүүх хурлыг нээлттэй явуулж өгөхийг хүсэж, түүний ар гэрийнхэн өчигдөр Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд суулт зарлав. Н.Өнөрцэцэгийн аавын бие тааруу байгаа учраас хүрэлцэн ирж чадаагүй гэнэ. Харин түүний ээж болон эгч, дүү нар нь сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Н.Өнөрцэцэгийн дүү Н.Амгаланбаяр “Ямар хэрэг хийгээд шоронд орсныг бид мэдэхгүй. Тиймээс шүүх хурлыг нээлттэй явуулж өгөөч. Ингэснээр олон хүний эргэлзээ тайлагдана, бид шударга нийгмийг хүсэж байна.
Төрийн нууцтай холбоотой хэргээс бусдыг нь нээлттэй явуулах боломжтой гэж хуульч, өмгөөлөгчид үзэж байгаа. Өмнөх шүүх хурлаар дүүд минь 4.9 жилийн хорих ял оноосон. Одоо дахин алх цохиод ял оноож, ачаад явахыг үгүйсгэхгүй. Тиймээс бид энд суулт зарлаж, үзэл бодлоо илэрхийлж байна” гэв. Мөн түүний ээж М.Алдартуяа “Миний охин 2023 оны арванхоёрдугаар сарын 4-нөөс одоог хүртэл хоригдож байгаад харамсаж байна. Шүүх хурлыг нээлттэй явуулж өгөхийг хүсэж охин минь шоронд өлсгөлөн зарласан. Биеийн байдал нь тааруу байна. Аавынх нь биеийн байдал ч тааруу байгаа” гэв.
Харин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс “Шүүх хурлыг нээлттэй явуулах, эсвэл зарим хэсгийг нээлттэй явуулах, цаашлаад шүүх хуралдаанд ажиглагчаар оролцох тухай хүсэлт, санал, шаардлагууд нэр бүхий УИХ-ын гишүүд, ХЭҮК, МСНЭ зэрэг байгууллага, зарим иргэнээс удаа дараа ирүүлж байгаа бөгөөд тухай бүрд нь зохих хариуг бичгээр хуульд заасан журмын дагуу өгсөн. Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэг нь бүхэлдээ маш нууцын зэрэглэлд хамаарах тул шүүх хуралдааны зарим хэсгийг нээлттэй явуулах хууль зүйн боломжгүй” гэх тайлбар өгөв.
Ч.БОЛОР