УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Түвшин, Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин нар ирэх оны улсын төсвийн зарлагыг бууруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлснээ энэ сарын 4-нд мэдэгдсэн. Тэд ирэх оны төсвийн урсгал зардлыг 3.6 их наяд төгрөгөөр бууруулахыг шаардлагадаа онцолсон юм. Уг санаачилгад нэгдэхийг уриалж, тэд гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэллээ. Гишүүн Ж.Баярмаа “Иргэд, аж ахуйн нэгжүүдээс хураасан татвар, гадаадын зээл, тусламжийг үргүй зарцуулахын эсрэг, бас улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх төсвийг таналгүйгээр батлахыг эсэргүүцэж, олон нийтийн эрх ашгийн төлөө гишүүд нэгдэж байна” хэмээн цахим хуудсандаа бичсэн байв. Өчигдөр 17.40 цагийн байдлаар төсвийн зардлыг бууруулах саналыг 14 гишүүн дэмжээд байлаа. Тодруулбал, АН-аас Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин, Ш.Бямбасүрэн, Д.Цогтбаатар, ХҮН намаас Г.Уянгахишиг, Үндэсний эвслээс парламентад сонгогдсон дөрвөн гишүүн болох Н.Номтойбаяр, А.Ундраа, М.Сарнай, Д.Пүрэвдаваа, ИЗНН-аас М.Нарантуяа-Нара нар тэдний санаачилгыг дэмжжээ.
Түүнчлэн улсын төсвийн үрэлгэн зардлуудыг хэмнэхийг эрх баригчдаас шаардсан өргөдлийг “Цогц хөгжлийн үндэсний төв” төрийн бус байгууллагаас www.uih.mn цахим хуудсанд гаргаж, иргэдээс санал авч эхлээд байна. Өчигдөр 15.30 цагийн байдлаар 3990 хүн уг өргөдлийг дэмжсэн байв. “Хэт үрэлгэн зардлуудыг хэмнэж, улс орны хөгжлийг чухалчлан, ач холбогдлын эрэмбийг баримталж, төсвийг дахин хэлэлцүүлэхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс шаардаж байна” гэж уг өргөдөлд дурджээ. Мөн төсвийн тухай хэлэлцүүлэгт хариуцлагатай хандаж, улс орон, иргэдийн эрх ашгийг чухалчилж, Засгийн газарт шахалт үзүүлж ажиллахыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалангаас шаардсан юм. Хэт үрэлгэн, ач холбогдлын эрэмбэ алдагдсан төсвийг баталсан тохиолдолд бүрэн эрхийн дагуу хориг тавихыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс хүсжээ.