Иргэдийг төлөөлөн парламентад сууж буй гишүүд сонгуулийн дараа гэнэт зангаа хувиргаж, сонгогчдын дэмжлэгээр энэ суудалд хүрснээ мартчихав бололтой. Уг нь УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн 2.1.5-д зааснаар тэд биеэ авч явах болон шударга байдлаараа бусдад үлгэр дуурайл үзүүлэх ёстой. Гэтэл төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж буй гишүүн иргэдээ хээвнэг доромжилж, хараадаг болов. Цаашлаад хараал урсгасан, хашхичсан лайвыг нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрынхан цахим хуудсаараа түгээн, дэмждэг хачирхалтай үйлдлийг ч бид харлаа.
Ард түмэнд гомдсон гэв үү
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара саяхан фэйсбүүкт уйлан хайлан лайв хийв. Тэрбээр ард түмэнд гомдсон юм байх. Соёлын асуудал хариуцсан сайд Ч.Номин хүүхдүүдэд эрхийн бичиг үнэгүй тараахын тулд татвар төлөгчдийн 18.3 тэрбум төгрөгийг зарцуулна гэдгийг дэмжсэнээрээ М.Нарантуяа-Нара олон нийтэд ийнхүү “шийтгүүлсэн” юм, уг нь. Өөрөө өөрийнхөө нэрийг шалбаагтай хутгасан эрхэм гишүүн харин гол асуудлаа ойлгосонгүй, гэнэт л “гэгээнтэн” болж, хүүхдийн төлөө “за” гэж хэлж, тэдний эрхийг хамгаалах гэж байхад нь олон нийт эсэргүүцсэнд гомдсон гэнэ. Бас “УИХ-ын гишүүний албан тушаалаа ав” гэж агсрав. Түүгээр зогсохгүй цахим хуудсандаа дунд хурууны зураг оруулж, бусдыг гадаад үзэмж, үс, зүсээр нь ялгаварлан гадуурхсан зүйл бичиж “томорсон”. Уг нь манай улс Үндсэн хуульдаа “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасан биш бил үү.
М.Нарантуяа-Нара гишүүн болсноосоо хойш гаргасан анхны зохисгүй үйлдэл нь энэ биш. Тэрбээр өмнө нь олон нийтийн сүлжээгээр бараа, бүтээгдэхүүн сурталчилж, “Би УИХ-ын гишүүн болсон ч гэсэн гэр бүлээ тэжээх ёстой” гэж гоншигнож байв. Улмаар эл үйлдлээрээ иргэдийн шүүмжлэлд өртөж, УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооныхон түүнд сануулга өгөхөөр шийдвэрлэсэн. Гэсэн ч тэрбээр засарсангүй. Харин ч иргэд удаа дараа түүн рүү дайрсан нь буруу юм байх. Уг нь олон нийт түүнийг зүгээр байхад нь шүүмжлээгүй, бас ажилд нь ч саад учруулаагүй. Иргэдийн, ялангуяа эмэгтэйчүүдийн, хүүхдийн төлөө дуугарах нь уу гэж итгэсэн гишүүн нь зүй бус санаачилга, төсвийн үрэлгэн зардал, эрх баригч намыг хамгаалсан, дэмжсэн “кнопчин” болоод, өөрийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, шүүмжилсэн нэгнийг загнан, харааж доромжлоод буйг л эсэргүүцсэн юм.
Огцрох болзлоо хангасан
Улс төрчид ёс зүйн зөрчил гаргасан бол огцорч, цаашлаад карьер нь дуусаж, эл тавцангаас бүрмөсөн арчигддаг олон улсын жишиг байдаг. Ийм жишээ бид олныг мэднэ. Харин Монголд хууль тогтоогчид нь хүртэл ёс зүйн зөрчлийг байдаг л зүйл мэт үзэж, тоохгүй орхидог болчихсон. Эл “цоорхой”-г ашиглан дураараа авирлагч нь зөвхөн М.Нарантуяа-Нара ч биш. Хүүхдүүдийн нэрийг барьж төсвөөс хулгай хийхээр улайран дайрч, бас хувийнхаа зочид буудал руу төрийн элдэв хурал цуглааныг “нүүлгэдэг” сайд Ч.Номин ч хамаарна. Тэд ёс зүйгүй үйлдэл гаргасныхаа төлөө албан тушаалаасаа огцорч, олон нийтээс уучлал гуйх ёстой. Гэтэл М.Нарантуяа-Нара нь бидэнд гомдож, Ч.Номин “Зөв, буруу, эсэхийг цаг хугацаа тос, усаар нь ялгаад өгнө” гэж тоомжиргүй хандаж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдоод сар гаруйн хугацаа өнгөрч байсан Д.Сарангэрэл иргэдийг “ул”-ныхан гэж хэлснийхээ төлөө огцорч байсан нь саяхных. Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан Н.Уртнасан “Утаа гаргаж байгаа айл өрхүүдийг дроноор илрүүлнэ” гэж хэлснийхээ төлөө хариуцлага хүлээж байсан билээ. Бас Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ “Хоцрогдсон ахмад үеийнхэн төрийн ажлыг явуулахад саад учруулдаг” гэснийхээ төлөө мөн л суудлаа орхисон юм даг. Буруу үйлдэл гаргасных нь төлөө иргэд эсэргүүцсэний үр дүнд тэдэнд ийнхүү хариуцлага тооцуулж байлаа. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара нар ч тэдний адил хариуцлага хүлээх “болзол”-оо хэдийн хангасан атлаа буруугүй мэтээр “ширэн нүүрлэсээр” буй юм.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн “Шинэ цагийн улс төрийн соёлыг бий болгох” гэж тодорхойлсон 126 гишүүнтэй энэ парламент өмнөхөөсөө сайжрах бус, харин ийм болтлоо уруудах гэж үү. Хууль тогтоогчдын ёс суртахуун, хариуцлага хүлээх чадвар ямар түвшинд хүрчихээд буйг эндээс харж болно.
30 гаруй жилийн хөдөлмөр талаар болох вий
Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь ардчилсан парламентын түүхэн дэх хамгийн чухал зорилтуудын нэг байсаар ирсэн. Манай улс ардчилсан тогтолцоонд шилжээд хэдийн 30 гаруй жил өнгөрсөн ч улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо сул хэвээр байгаа. 1992 онд баталсан шинэ Үндсэн хуулиар УИХ-ын анхдугаар сонгуулийг явуулахад гурван эмэгтэй гишүүн сонгогдож байсан гэдэг. Тухайн үед парламент дахь эмэгтэй гишүүдийн эзлэх хувь 3.9 байж. Найм дахь удаагийн сонгуулийн дараа буюу 2020 онд 13 эмэгтэй гишүүн сонгогдож, парламентад тэдний эзлэх хувь 17.1-т хүрсэн билээ. Өнгөрсөн зургаадугаар сард болсон УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн дараа 126 гишүүнд эмэгтэйчүүдийн эзлэх хувь 25.4-т хүрч нэмэгдээд байгаа.
Улс төр, ялангуяа парламент дахь эмэгтэй гишүүдийн квот, тоог нэмэхийн төлөө дуугарч, тодорхой арга хэмжээнүүд ч зохион байгуулж ирсэн төрийн бус байгууллагуудынхан эрх баригчдыг лоббидож чадсан нь дээрх үр дүнд хүрэхэд нөлөөлсөн гэхэд болно. Гэвч УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүд ийм түвшинд хүргэхийн төлөө олон арван жил зарцуулсан хүмүүсийн хөдөлмөр зүтгэлийг талаар болгож байна. Өмнөх парламентаас Ч.Ундрам, М.Оюунчимэг, Д.Сарангэрэл, энэ удаад УИХ-д “ирсэн” Ч.Номин, М.Нарантуяа-Нара нарыг энд дурдаж болно. Тэдний балаг парламентад эмэгтэйчүүдийг сонгох нь тийм ч үр дүнтэй биш гэсэн мессежийг олон нийтэд өгөөд байгаа нь хамгийн ноцтой. Өөрөөр хэлбэл, улс төрд эмэгтэйчүүд олноор ажиллах ёстой гэдгийг саяхнаас л ойлгож эхэлсэн олон нийтийн оюун санаа руу Ч.Номин, М.Нарантуяа-Нара нар “нулимж” байна. Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог сайжруулах алхмуудыг тэд хэдэн жилээр хойш татаж болзошгүй гэсэн үг.
Тунхгийн шинжтэй дүрэм
Энэ удаагийн парламентаас хамгийн түрүүнд сахилгын хариуцлага хүлээсэн хүн бол М.Нарантуяа-Нара. Түүний дараа УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгөөгүй шалтгаанаар өнгөрсөн сард хариуцлага хүлээсэн юм. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн дагуу тэдэнд сануулах арга хэмжээ авсан. 2021 онд баталсан уг дүрмийн дагуу гишүүдэд хариуцлага тооцох арга хэмжээг УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооныхон хэлэлцэн шийддэг.
Гэвч дүрмийн хариуцлага хүлээлгэх заалт нь тунхгийн шинжтэй, нэрийн төдий байгаагаас гишүүдэд нөлөөлдөггүй. Жишээ нь, ёс зүйн дүрмийн дагуу тооцох хариуцлага нь сануулга өгөх, уучлал гуйхыг үүрэг болгох, албан тушаалын цалингийн хэмжээг зургаан сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах гэсэн ердөө гуравхан заалттай. Ийм заалтууд ёс суртахууныг сайжруулах хөшүүрэг болж чадахгүй. Харин ч эсрэгээрээ, ёс зүйгүй байж болно гэж гишүүдэд “зөвлөөд” байгаа бус уу.
Н.Учрал ч ёс зүйн алдаа гаргачихав уу
Ирэх оны улсын төсвийг парламентаар хэлэлцүүлж буйтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин эсрэг байр суурь илэрхийлээд буй билээ. Тэрбээр “2025 оны төсөвтэй холбоотой байр сууриа МАН-ын бүлгийн хурлын үеэр илэрхийлсний төлөө ЗГХЭГ-ын дарга Н.Учралаас дарамт ирсэн” хэмээсэн нь анхаарал татна. Үзэл бодол, байр сууриа илэрхийлснийх нь төлөө бусдыг дарамталсан нь ёс зүйн зөрчлийн жишээ мөн. Учир нь Үндсэн хуульд иргэн “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй” гээд, хүнийг үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахыг хориглохоор заасан билээ. Гэтэл Н.Учрал юу ч болоогүй мэт “Д.Энхтүвшин гишүүн яагаад байгаа юм бэ. Ямар эмзэг юм бэ” гээд л өнгөрч байна.
Гишүүдийнхээ ёс зүйг хянах учиртай Ёс зүй, дэгийн байнгын хорооныхон ч эл асуудлаар дуугарсангүй. Тус байнгын хороо өмнөх парламентын үеэс ажиллаж эхэлсэн. Гэвч хүүхдэдээ гар хүрсэн нь олон нийтийн сүлжээгээр цацагдаж, түмний шившиг болж байсан Ч.Ундрамд ч ёс зүйн хариуцлага хүлээлгэж чадаагүй. Хариуцлага хүлээх нь битгий хэл, Ч.Ундрам дахиад л УИХ-д ороод ирчихсэн, өдгөө хоёр дахь бүрэн эрхээ хэрэгжүүлж байна. Ер нь хэн нэгэн гомдол гаргахгүй л бол гишүүд ямар үйлдэл гаргах нь тус байнгын хорооныхонд хамаагүй аж. Танхимын гишүүд нь яаж ч аягласан дуугүй өнгөрдөг, бэлгэдлийн чанартай ийм байнгын хороог “амьгүй албат” шиг байлгасаар байх уу.