Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд замд хий тээвэрлэж явсан автомашин шатаж дэлбэрсэн ноцтой осол өнгөрсөн нэгдүгээр сард гарсан. Уг дэлбэрэлтэд тус төвийн урд байрлах 207 дугаар байр өртөж, оршин суугчид нь орох оронгүй болсон юм. Уг байрыг хүчитгэх, эсвэл буулгах, эсэхийг шийдвэрлэхгүй явсаар 10 орчим сарын хугацаа өнгөрлөө. Тэгвэл нийслэлийн ЗДТГ-аас 207 дугаар байрыг буулгаж, дахин барих шийдвэр гаргасан юм. Үүнтэй холбоотойгоор ипотекийн зээлтэй, даатгалд хамрагдсан айлуудад асуудал үүсжээ. Тус орон сууцын 20 орчим айл өрх нь ипотекийн зээлээр байраа авсан байжээ.
Үүнээс 10 гаруй айл нь даатгалд хамрагдсан байж. Барилгыг дахин барих болсонтой холбоотойгоор даатгалын компаниуд “Таны хохирлыг бид төлнө. Гэхдээ оронд нь шинэ байрыг чинь авна” гэх болжээ. Гамшиг, гэнэтийн ослын үед эрсдэлгүй үлдэх гэж иргэд даатгалд мөнгө төлдөг. Гэтэл юун эрсдэл хаалгах, бүр байраа алдахдаа тулаад байгаа талаар хуульч О.Батхүү өөрийн цахим хуудсандаа хуваалцсан байна. Тэрбээр дэлбэрэлт болсон цагаас эхлэн тус 207 дугаар байрны зарим оршин суугчид хууль зүйн зөвлөгөө өгч иржээ. Энэ тухайд О.Батхүүгээс тодруулахад “Энэ бол даатгалын компанийн 100 хувь буруу.
Учир нь Даатгалын тухай хуулийн 8.7-д даатгалын компани нөхөн төлбөр өгсөн бол буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй” гэж заасан байдаг. Байр барьж өгч байгаа хот “буруутай этгээд” биш. Тиймээс энэ байшинг булаацалдах хуулийн үндэс байхгүй. Зүй нь банканд учирсан хохирол буюу зээлийн эрсдэлийг даатгал хариуцаж барагдуулах, иргэнд учирсан хохирол буюу байрыг хот барьж өгөөд буруутай этгээдээс мөнгөө гаргуулах ёстой юм. Түүнээс иргэд зээлээ хаалгаад байргүй үлдэх, эсвэл даатгалаас нэг ч төгрөг авахгүй, өр зээлтэйгээ үлдээд байраа авах гэдэг дээрэм хаана ч байж болохгүй” гэв.