Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх вакциныг энэ сарын 25-наас улсын хэмжээнд хийж эхлэхээр бэлтгэл хангаж буйг ХӨСҮТ-ийнхөн хэллээ. Өсвөр насны охид, хөвгүүдэд хийх уг дархлаажуулалтыг уг нь өнгөрсөн сарын 1-нээс эхлүүлнэ гэж салбарын яамнаас мэдэгдсэн. Гэвч Эрүүл мэндийн сайдын тушаал гараагүй гэсэн шалтгаанаар ийн хойшилсоор буй юм. ХӨСҮТ-ийнхөн “Ямартай ч бид вакцинжуулалтыг 25-наас эхлүүлэх төлөвлөгөөтэйгөөр холбогдох бэлтгэл ажлуудаа хангаж байна. Үндэсний хэмжээний сургалтаа ч зохион байгуулсан” гэв.
Манай улс эмэгтэйчүүдийн хорт хавдрын тэргүүлэх шалтгаан болсон умайн хүзүүний хавдар үүсгэгч HPV-ийн эсрэг вакциныг Дархлаажуулалтын тухай хуулийн дагуу үндэсний товлолд хамруулсан билээ. Уг вирусний хавдар үүсгэгч түгээмэл дөрвөн төрлийн хэв шинжийн эсрэг вакциныг манай улс НҮБ-ын Хүүхдийн сангийн шугамаар оруулж ирээд буй. Тус вакцин нь АНУ-д үйлдвэрлэсэн, ДЭМБ-ын гэрчилгээтэй аж.
Өсвөр насныхныг бэлгийн харьцаанд орохоос нь өмнө уг дархлаажуулалтыг хийснээр умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч вирусээс урьдчилан сэргийлнэ. Цаашлаад бэлгийн үү, шулуун гэдэсний хавдраас ч давхар сэргийлдэг тул ДЭМБ-аас улс орнуудыг дархлаажуулалтын товлолдоо оруулж, хүүхдүүдийг уг вакцинд олноор нь хамруулахыг зөвлөж буй. Тус байгууллагаас 2030 он гэхэд 15 хүртэлх насны охидын 90 хувийг HPV-ийн эсрэг вакцинд хамруулах зорилт тавьжээ.
О.ОРГИЛОХ