Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээнээс нийгмийн даатгалын шимтгэл авч байгааг эсэргүүцэж, Үндсэн хуулийн цэцэд гаргасан нэхэмжлэлийн талаар хуульч Ө.Эрдэнэ-Очир, эдийн засагч С.Баярхүү нар өчигдөр мэдээлэл өгсөн юм. Хуульч Ө.Эрдэнэ-Очир “Нийгмийн даатгалын ерөнхий хуулийг өнгөрсөн жил баталсан. Хуулийн хэлэлцүүлгийн шатанд Монголын хуульчдын холбоо, Монголын татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг хамтраад Нийгмийн даатгалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой хэлэлцүүлэг зохион байгуулсан. Уг хэлэлцүүлгээр ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээнээс буюу нэг удаагийн ажил эрхэлсэн гүйцэтгэгч, захиалагч хуулийн этгээд аль алинаас нь нийгмийн даатгалын шимтгэл авч байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна.
Мөн холбогдох татварын хуулиудтай нийцэхгүй байна гэсэн дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтийг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороонд хүргүүлсэн. Гэвч тус дүгнэлтийг хүлээн аваагүй. 2023 оны долдугаар сарын 10 буюу баяр наадмаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийг баталсан. Одоо хэрэгжүүлж байна. Бид Үндсэн хуулийн цэцэд хандсан ч хүлээж авахаас татгалзсан шийдвэр гаргасан. Хуулийн хүрээнд цааш явах арга мухардлаа. Гэхдээ энэ асуудлыг олон нийтийн анхааралд хүргэсний дүнд УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө зарим нам, эвсэл мөрийн хөтөлбөртөө нийгмийн даатгалын шимтгэлийг хасуулах тухай тусгасан. Одоо зарим сайд, гишүүн энэ хуулийг өөрчлөх талаар ярьж байна. Гэвч Төсвийн тухай болон дагалдах хууль, нэмэлт өөрчлөлтөд энэ талаар огт дурдаагүй. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээнээс нийгмийн даатгалын шимтгэл авах заалтыг хасаагүй. Энэ байдлаараа 2025 онд өөрчлөхгүй нь.
Тиймээс хуулийн тухайн заалтыг хасуулах нөлөөллийн ажил зохион байгуулна, хамтарч ажиллахад нээлттэй” гэв. Мөн тэрбээр “2017 оны Эрүүгийн хуулийн 18.14-т нийгмийн даатгал төлөхөөс зайлсхийх гэсэн заалт бий. Үүний дагуу аж ахуйн нэгж, байгууллагын захиралд ял шийтгэх нөхцөл үүсээд байгааг анхаарна уу” гэсэн юм. Харин эдийн засагч С.Баярхүү “2024 онд нийгмийн даатгалаас төсөвт төвлөрүүлэх орлого 5.9 их наяд төгрөг байсан. Гэтэл 2025 оны төсөлд 6.9 их наяд болгожээ. Нэг их наяд төгрөгийг төвлөрүүлэх зорилгоор ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээнээс татвар, шимтгэл авна гэсэн үг. Энэ хэрээр аж ахуйн нэгжийн ачаалал нэмэгдэнэ. Бизнес эрхлэгчид татвар, нийгмийн даатгалын шимтгэлд дарлуулж байна” гэв.
Ташрамд дуулгахад, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээнээс нийгмийн даатгалын шимтгэлийг хасах саналыг D.parliament цахим өргөдлийн системд оруулж, иргэдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн байна.
Ч.БОЛОР