Нийгэмд эерэг өөрчлөлт авчрах, хүртээмжийг дэмжих шинэ санаагаа хөгжүүлэн, старт ап эхлүүлэх боломжтой инновацын уралдааныг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зарлалаа. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах технологи хөгжүүлэх, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг хялбараар авах, хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжихүйц шинэ санаа, шилдэг бүтээгдэхүүн нэвтрүүлэхийг хүссэн хэн бүхэн уг уралдаанд оролцох боломжтой аж.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгардаг орчны хүртээмж, нийгмийн саад бэрхшээлүүдийг даван туулахад бүх давхаргын оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой уг уралдааны шилдэг гурван төслийг хэрэгжүүлэх юм байна. Хувь хүн, байгууллага гэхчлэн уралдаанд багаараа төсөл бичих боломжтой бөгөөд бүтээлийг энэ сарын 15 хүртэл хүлээн авч, шилдгүүдийг 30-нд болох “Ability expo-2024”-ийн үеэр шалгаруулах гэнэ. Уралдааны тэргүүн байрын шагнал 10, дэд байрынх долоо, гуравдугаар байрынх тав, тусгай байрыг нэг сая төгрөгөөр тус тус урамшуулна.
О.БАТ