Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн салбар эмнэлэгт сэтгэл заслын эмчилгээ нэвтрүүлж, үйлчлүүлэгчдэд зориулсан өрөөг иж бүрэн тохижуулж, ашиглалтад оруулсан байна. Уг үйлчилгээнд эмч, эмнэлгийн ажилтнууд болон тус төвд эмчлүүлэгчид ч хамрагдах боломжтой аж. Тус төвөөс БНСУ-ын “Saranbat” олон улсын хүмүүнлэгийн байгууллагатай хамтран дээрх үйлчилгээг нэвтрүүлжээ. Сэтгэл зүйн зөвлөн туслах үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор ГССҮТ-д арт терапи буюу урлагийн сэтгэл заслын тусламж үзүүлэх юм байна. Сэтгэл заслын эмчилгээний өрөө нь уулзалтын хэсэг, уран зургийн хэрэглэгдэхүүн, бага насны хүүхдэд зориулсан тоглоомын булантай гэнэ.
“Сэргээн засах эмчилгээний нэг хэсэг болох сэтгэл заслын өрөөтэй болсноор гэмтлийн дараах стрессийн эмгэг, гэнэтийн осол, түлэгдэлт, хүчирхийллийн дараах айдас түгшүүрт өртсөн үйлчлүүлэгч болон ар гэрийнхэнд нь сэтгэл зүйн мэргэжлийн зөвлөгөө өгч, эмчилгээний үр дүнг дэмжих замаар амьдралын чанарыг нь сайжруулах юм. Мөн мөч тайрах мэс засал хийлгэсэн, урт хугацааны эмчилгээ шаардлагатай хүмүүсийн эрүүл мэнд болон нийгмийн харилцааны тулгамдсан асуудалд нь тохирсон мэдээлэл, зөвлөмж хүргэнэ. Мөн судалгаа шинжилгээ хийх, сургалт танин мэдэхүйн ажлыг ч уг үйлчилгээгээр дамжуулан зохион байгуулах боломжтой” гэж дээрх төвөөс мэдээлэв.
М.ОЧ