Ирэх оны улсын төсвийг УИХ-аар хэлэлцүүлж буйтай холбоотойгоор Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын Удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөлөл өчигдөр байр сууриа илэрхийллээ. Эрх баригчид татвар төлөгчдийн мөнгийг замбараагүй зарцуулах төсөв батлахаар хэлэлцэж эхэлснийг эсэргүүцэж байгаагаа тэд мэдэгдэв. Ингэхдээ “Чөлөөт зах зээлийг хумьсан, коммунизм руу эргүүлсэн” гэж ирэх оны төсвийг тодорхойлсон.
Төсвийн орлого бүрдүүлэх хүнд ачаа татвар төлөгчдийн нуруун дээр л ирдэг. Өөрөөр хэлбэл, манай улсын төсвийн дийлэнх хувийг татвараас бүрдүүлдэг. Гэтэл Засгийн газар татвар төлөгчдөд ямар ч үр ашиггүй, зөвхөн өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлсэн төсвийн төсөл боловсруулж, зарцуулах нь буруу гэдгийг МҮХАҮТ-ынхан хэлэв. Тиймээс төслийг буцаан татахыг шаардсан юм. Ялангуяа ийм төслийг УИХ-аар хэлэлцүүлж буй Сангийн сайд хариуцлага хүлээх ёстой гэлээ. Цаашлаад Ерөнхий сайд ч хариуцлага хүлээх ёстойг онцлов.
“Татвар төлөгч бид төрийн данхайсан бүтцийг тэжээхийн төлөө ажиллах ёсгүй. УИХ 126 гишүүнтэй болсон шалтгаан нь өнгөрсөн найман жилд бугшсан дарангуйлал, дарамтыг бууруулах, хяналтыг сайжруулах байлаа. Гэтэл сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх байх гэж бодсон намууд Засгийн газарт нэгдээд, төсвийн хяналт үндсэндээ үгүй болчихлоо. Бидний татварын мөнгөөр хэдхэн хүн “тоглох” ёсгүй. Эрх мэдэлтнүүдийг даврааж болохгүй. Тийм учраас бид үгээ хэлэхээс өөр аргагүйд хүрлээ” гэж танхимын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Лхагважав дурдсан юм.
“Цар тахлаас хойш улсын төсөв маш их тэлсэн. Тэр хэрээр татвар төлөгчдөд ирэх дарамт нэмэгдсээр байна. Одоо хэлэлцэж буй төсвийг 2020 оныхтой харьцуулахад гурав дахин нэмэгдчихлээ. Нэмэгдсэн орлогыг уг нь ард түмний амьдралыг сайжруулахад зарцуулах учиртай. Гэтэл ирэх оны төсвийг ийм зүйлд биш, төрийн байгууллагуудын урсгал зардалд зарцуулаад л дуусах шинжтэй байна. Тиймээс шийдвэр гаргагчид урсгал зардлаа танах ёстой” гэж МҮХАҮТ-ынхан хэллээ. Мөн парламентын гишүүд төсөвтэй сайн танилцсаны дараа шийдвэр гаргаж, хариуцлагатай хандахыг зөвлөв. Түүнчлэн намынхаа хүлээснээс гарч, буруу зүйлийн төлөө зоригтой дуугарахыг хүслээ.