-Урьдчилан сэргийлэх ажлын үр дүнд 160.8 тэрбум төгрөгийн хохирлыг таслан зогсоосон-
Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиштэй ярилцлаа.
-Манай улсын авлигаас урьдчилан сэргийлэх ажил олон улсад ямар түвшинд байгаа бол. Та саяхан Казахстанд болсон олон улсын сургалтад оролцоод ирсэн учраас тэнд манай АТГ-ын ажлыг дүгнэсэн байх гэж бодлоо.
-Казахстаны Алматы хотод болсон Евразийн бүс нутгийн есөн улсын төлөөлөл оролцсон, ОУВС-гийн засаглал ба авлигатай тэмцэх арга барилыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох хэмжээнд оролцоод ирсэн. Авлигын эсрэг авч хэрэгжүүлж байгаа Монгол Улсын арга хэмжээ нь үр дүнтэй, бүс нутагтаа дээгүүрт орох идэвх санаачилга гаргаж буй, “Нүүрсний” гэх хэргийн дараах УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, АТГ-ын мөрдөн шалгасан хэргүүд ихээхэн үр дүнд хүрсэн, хулгайлагдсан хөрөнгийг буцаан авах талаар маш сайн ажиллаж байгаа, албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахимаар авч, олон нийтэд ил тод мэдээлэх ажлыг тууштай, үр дүнтэй зохион байгуулж чаддаг талаар тус сангийн төлөөлөгчид сэтгэгдлээ илэрхийлсэн. Түүнчлэн авлигатай тэмцэх үйл ажиллагаанд олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэхээс гадна өөрийн улсын нөхцөл байдалд тохирсон, эсвэл бүс нутагт хэрэгжсэн сайн туршлагаас суралцах нь үр дүнтэй гэдгийг бидэнд зөвлөсөн.
-Манай улс авлигын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр яг ямар ахиц дэвшил гаргаад байна вэ?
-Харьцуулж яривал илүү ойлгомжтой байх. Дөрвөн жилийн өмнө гэхэд гадаад улстай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаагүйн улмаас бид гадагш хулгайлагдсан хөрөнгө болон сэжигтэн этгээдийг өөрийн улсад буцаан авах боломж хязгаарлагдмал байсан. Хамгийн сүүлд гэхэд Монгол Улс 1989 онд БНХАУ-тай Эрх зүйн талаар харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Өнөөдрийн байдлаар бид 22 улстай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, Авлигын эсрэг конвенцын хүрээний хамтын ажиллагааны үр дүнд авлигын гэмт хэргийн улмаас учирсан 13.9 ам.доллар буюу 47.9 тэрбум төгрөгийн хохирлыг гадаадын улс орнуудаас татан авч улсын төсөвт төвлөрүүлэх, хохирол барагдуулах ажлыг зохион байгуулаад байна. Энэ нь зөвхөн гадаадын улс орноос хохирол нөхөн төлүүлэхээр татан авсан мөнгөн дүн. Сүүлийн дөрвөн жилийн байдлаар гадаад болон дотоодод авлигын гэмт хэргийг шалгаж, нийт гурван их наяд төгрөгийн хохирлыг улсад нөхөн төлүүлэх ажлыг зохион байгууллаа.
-Гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр тодорхой түвшинд ажиллаж буй. Тэгвэл гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр танайх хэрхэн ажиллаж байгаа бол?
-АТГ байгуулагдсан цагаасаа авлига, ашиг сонирхлын зөрчил гэдэг зүйлийг хэмжиж, гэмт хэрэг, зөрчил гарах болсон шалтгаан нөхцөлийг судалж, дахин гарахгүй байх, таслан зогсоох ажлыг тасралтгүй зохион байгуулж байна. АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс үр дүнг сайжруулах зорилгоор ажлын дотоод зохион байгуулалтыг өөрчлөн “Дэд бүтэц”, “Хөдөлмөр, нийгэм хамгаалал, эрүүл мэнд, боловсрол”, “Банк санхүү, цахим хөгжил” гэсэн гурван чиглэлд хуваарилан, тухайн салбаруудад гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх үүрэг хүлээн ажиллаж эхэлсэн. Миний хувьд дэд бүтцийн салбар хариуцан ажиллах болоод байна.
Сүүлийн жилүүдэд гаргасан ажлын үр дүнг товчхон дурдахад, авлигын гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлсэн хохирлын хэмжээ 2022 онд 70.3, 2023 онд 90.5 буюу хоёр жилийн хугацаанд нийт 160.8 тэрбум төгрөг болсон. Мөн төрийн байгууллагаас иргэд, аж ахуйн нэгжид хүнд суртал, чирэгдэл үүсгэсэн 2022 онд 32, 2023 онд 30 үйлчилгээг таслан зогсоож, түүнийг хялбарчлах, хүний оролцоог багасгах, цахим хэлбэрт шилжүүлэх арга хэмжээ авсан.
2008 оноос хойш жил бүр АТГ-аас гаргадаг “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа” болон OECD байгууллага, IMF буюу ОУВС-гаас гаргасан зөвлөмж, заавар, судалгаагаар бол улс төрд нөлөө бүхий этгээдүүд дэд бүтэц, барилга байгууламж, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрт нөлөөлөх, төрийн өмчит компаниудад өөрсдийн хувийн ашиг сонирхлын нөлөөлөл тогтоох эрсдэл өндөр байгаа. Энэ эрсдэлийг арилгах зорилгоор бид дэд бүтцийн салбарыг авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд “Зам дагасан авлига”, “Барилгын салбарын авлигын эрсдэл, инженерийн ёс зүй”, барилга хүлээж авах комиссын үйл ажиллагааг судалсан “Комисс” арга хэмжээ, “Он дамжсан барилга”, “ТЭЗҮ ба зураг төсөл” зэрэг олон судалгаа шинжилгээ, шалгалтын ажлыг цогц байдлаар бусад хэлтэс, албатайгаа хамтран зохион байгуулж, гэмт хэрэг гарах эрсдэлийг бууруулах ажил хэрэгжүүлж байна.
-Энэ арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр ямар үр дүн гаргаад байна вэ?
-Хамгийн эхэнд бидэнд ямар асуудлууд тулгарч байгааг, мөн авлига үүсэх болсон суурь шалтгаануудыг мэдэх шаардлагатай. Тухайлбал, “Зам дагасан авлига” арга хэмжээгээр бид анх найман эрсдэлийг олж тогтоосон. Үүний нэг нь авто замын зураг төсөл хийгээгүй, судалгаагүй ажил УИХ-ын гишүүдийн тойрогт болон яам, агентлагийн төсөвт таамагласан, хийсвэр төсөвтэйгөөр тусгаж батлагддаг. Энэ нь тухайн ажлыг хийх төсөвт өртөг уг ажлыг хийхэд нэг бол хүрдэггүй, илүү хөрөнгө тусгаж татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулах, эсвэл барилгын ажил чанаргүй гүйцэтгэх эрсдэл дагуулдаг. Зураг төсөл нь бэлэн болоогүй байхад барилга байгууламжийг хэдэн тоосгоор, ямар материалаар барих зардлын төсөв тооцоо гаргах ямар ч боломжгүй. Гэтэл жил бүр яамдын төсвийн 10-30 хувьд зураг төсөлгүй ажил төлөвлөж байна. АТГ-ын зүгээс төсвийн ерөнхийлөн захирагч нарт албан зөвлөмж, хуулийн хэрэгжилтийг хангах албан бичиг болон тусгайлсан уулзалт зохион байгуулж, зураг төсөлгүй ажлыг санхүүжүүлэхгүй байх, авлигын гэмт хэрэгт өртөхөөс сэргийлж ажиллахыг зөвлөсний үр дүнд төрд учрах байсан дээрх 160 орчим тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлж чадсан.
-Одоо нийслэлд болон орон нутагт мега төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа шүү дээ. Энд авлигын эрсдэл өндөр байж болзошгүй юм.
-Гадаадын зээл, тусламжаар болон улсын төсвийн санхүүжилттэй томоохон мега төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээс нь өмнө түүнийг хийх болсон шалтгаан, үр ашигтай байдал, төслийн нэгжийн албан тушаалтнуудын мэргэжлийн чадварыг харах, тэдгээрийг чадавхжуулах, зээлийн гэрээ, гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулахаас дуусах хүртэлх арга хэмжээнд өнгөрсөн жилээс хойш манай комиссарууд хяналт тавих, сургах ажлыг хийж гүйцэтгэж байна. Жишээ нь, энэ жил эрчим хүчний барилга байгууламжийн найм, зам тээврийн болон батлан хамгаалах салбарын тус бүр хоёр, уул уурхайн нэг, барилга, хот байгуулалтын гурав, нийслэлээс хэрэгжүүлж эхлэх гэж байгаа Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах хүрээнд дэд төвийг түшиглэн босгох “Сэлбэ дэд төв”-д 12 мянган айлын орон сууцын бүтээн байгуулалт”, Засгийн газраас хэрэгжүүлж буй Улаанбаатарт их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл (метро)-ийг 2024-2027 онд багтаан барих төсөл, “Шинэ тойрог зам” төслийн зөвлөх үйлчилгээ, барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүдтэй уулзаж, “Дэд бүтцийн төслийн авлигын эрсдэлийн үнэлгээний аргачлал”-аар сургалт явуулан, хэрэгжилтэд нь хяналт тавьж байна. Бид цаашид дээрх төслийн нэгжүүдтэй тогтмол уулзаж, төсвийн хөрөнгийг үр ашиггүй захиран зарцуулахаас сэргийлж ажиллах юм.
-Зураг төсөлгүй арга хэмжээг улсын төсөвт тусгадаг эрсдэлийг бүрэн арилгаж чадсан уу?
-Зураг төсөл хийгээгүй нийт 83 барилга байгууламжийн ажил 2024 оны төсөвт орж ирсэн. Төсөвт өртөг нь 861 тэрбум төгрөг. 2024 ондоо 280.1 тэрбум төгрөгөөр санхүүжихээр байгаа. 2025 оны төсвийн төсөлд Монгол Улс 35.8 их наяд төгрөгийн зарлагатай байхаар туссан байна лээ. Гэхдээ уг төсвийн төсөлд зураг төсөл хийгээгүй ажлыг одоогоор тусгаагүй. УИХ-аар яг батлах үед нэмж оруулах эрсдэлтэй. Ямар үед зураг төсөл хийгээгүй ажил төсөвт тусгагддаг вэ гэхээр УИХ-аар төсөв хэлэлцэх үед гишүүд зураг төсөлгүй ажлыг улсын төсөвт суулгадаг. Энэ нь авлигын гэмт хэрэг гарах эрсдэлийг дагуулж байгааг Сангийн яам, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс ч хэлдэг. АТГ-ын зүгээс мөн төсвийн ерөнхийлөн захирагч нарт зураг төсөл хийгээгүй, судалгаагүй ажлыг эхлүүлэхгүй байж өөрсдийгөө эрсдэлээс хамгаалаарай гэж зөвлөж, зарим тохиолдолд санхүүжилтээ зогсоохыг хүсэж байгаа. Мега төслийг хэрэгжүүлэх гэж байгаа бол эхлээд бэлтгэл ажлыг нь маш сайн хангах, иргэдэд ч хэрэгжих боломжтой хугацаа, бодитой мэдээллийг ил тод өгөх хэрэгтэй. Дарханы авто замын төсөл дээр бид хангалттай алдсан, түүнээсээ сургамж авах болсон шүү дээ.
Дараагийн нэг анхаарал татсан, санаа зовоож байгаа төсөл бол БНЭУ-тай хамтарсан “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийнх. Монгол Улс 388 сая ам.долларын зээлийг тус улсын Засгийн газраас нүүрсээр бартер хийж барьж буй төслийн хэрэгжилт хангалтгүй байгаад бид нийтээрээ анхаарлаа хандуулах ёстой.
-Та сая Дарханы замыг жишээ болгож хэллээ. Энд бид ямар алдаа гаргаад ийм удаан хэрэгжсэн юм бэ?
-ТЭЗҮ, зураг төслийг нь эхэлж боловсруулаагүй, бараа материал бэлтгэн нийлүүлэх хугацааг бодитой тооцоогүйн улмаас зах зээлд цементийн хомсдол үүсэж, өртөг нь нэмэгдэн, барилга, орон сууцын ам метр талбайн үнэ өссөн. Гүйцэтгэгч компаниудын судалгааг хийлгүй богино хугацаанд ажлыг нь эхлүүлэхдээ дотоодын аж ахуйн нэгжүүдэд боломж олголгүй, гадаадын санхүүгийн болон техникийн өндөр чадалтай компаниуд орж ирсэн. Гэтэл “Ковид-19” цар тахал гарч гадаадын компаниуд хүний нөөцийн хомсдолд орж, ажил үндсэндээ удаашран одоог хүртэл үргэлжилж, иргэд амь, эд хөрөнгөөрөө хохирсоор байна. Тэгэхээр мега төсөл хэрэгжүүлэх гэж байгаа бол хэрэгцээ шаардлага, хүний нөөц, тоног төхөөрөмж, барилгын ажил явах талбай, газар чөлөөлөлт, бараа материалын судалгаа гэх мэт маш олон зүйлийг судалж, бэлтгэл ажлыг хангах нь хамгийн чухал гэдийг дахин хэлмээр байна. Ингэснээр бид бага зардлаар богино хугацаанд чанартай бүтээн байгуулалт хийж чадна.
-Эдгээр эрсдэлийг арилгахад АТГ-ын хүний нөөц хангалттай юу?
-Би түрүүн хэлсэн. Зөв зохион байгуулалт хийснээр зөвхөн дэд бүтцийн салбар хариуцсан урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэшин ажилладаг долоон комиссар манайд байна. Бид улсын хэмжээнд хэрэгжиж буй томоохон төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг гаргаж, төсөл тус бүрд өөр өөр авлигын гэмт хэрэг гарах эрсдэл байгааг тогтоон, төслийн нэгжийнхэнтэй уулзах, судалгаа баримт гаргуулан авах, санхүүжилтийн эх үүсвэр, зээлийн болон бусад гэрээг судлан үзэх ажлыг тухай бүр хийдэг. Тодорхой хэмжээнд үр дүнгээ өгч буй гэдэгт илтгэлтэй байна.
Мэдээж, бид өөрсдөө мэдлэгтэй байж бусдад хяналт тавьснаар авлигаас урьдчилан сэргийлж чадна. Энэ ч үүднээс хариуцсан албан хаагч нараа бэлтгэх, сургах ажлыг тогтмол хийж байгаа.