Тайванийн Тайпэй хотод үргэлжилж буй Ази, Номхон далайн орнуудын АШТ-д Монголын багаас өсвөр үеийнхний холимог хосын төрөлд Ж.Батболд, Ц.Эгшиглэн, эмэгтэйчүүдийн хос тоглолтод М.Анхилуун, Ц.Эгшиглэн, эрэгтэйчүүдийнхэд М.Тэлмэн, Ж.Батболд нар алтан медалийн төлөө өрсөлдөнө. Насанд хүрэгчдийн ангилалд оролцож буй тамирчдаас эрэгтэйчүүдийн хосын төрөлд М.Алтантүлхүүр, Ө.Жаргалсайхан нар аваргын төлөө эзэн орны тамирчидтай өнөөдөр тоглох юм. Тус тэмцээний өсвөр үеийнхний сүүлийн өдрийн нээлттэй тэмцээнд М.Тэлмэн тэргүүн байр эзэлж, Ж.Батболд хүрэл медаль хүртэв.
Дэлхийн дартсын холбооны Ази, Номхон далайн орнуудын Удирдах зөвлөлийн ээлжит хурал дээрх тэмцээний үеэр болжээ. Ингээд холбооныхон ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, мөн 2026 онд Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах улсыг сонгосон. Монголын сонгодог дартсын холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Биндэръяа Дэлхийн дартсын холбооны Ази, Номхон далайн орнуудын зөвлөлийн дэд ерөнхийлөгчөөр сонгогдов. Түүнчлэн 2026 онд Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийн төлөө Монгол, Энэтхэг улс өрсөлдөж, гишүүдийн олонхын саналаар манай улсад зохион байгуулах эрх олголоо.