БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын мандаттай “UNMISS” ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний XIII ээлжийн мотобуудлагын батальоныг эх оронд нь авчрах, үүрэг гүйцэтгэх даалгавартай мордсон Монгол Улсын Зэвсэгт хүчний XIV ээлжийн мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнийг ажиллагааны газар оронд хүргэх ажлыг үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн нисгэгч нар гүйцэтгэж байна.
Энхийг сахиулагчдаа авчрах болон хүргэх энэхүү хариуцлагатай үүргийг гүйцэтгэж байгаа нисгэгч нараас төлөөлөл болгож “Боинг 767-300” хөлгийн ахмад Б.Очирбатыг эх орондоо газардаад байхад нь сэтгэгдлийг нь хуваалцахад “2023 онд ажиллагааны газар оронд нь хүргэж өгч байсан энхийг сахиулагчдаа энэ өдрүүдэд эргүүлэн авчирч байгаа болохоор үр хүүхэд шиг минь дотно санагдаж байна. “Хөлгийн ахмад аа, энэ онгоцонд орж ирэхээр нь эх орондоо ирсэн мэт сэтгэгдэл төрөх юм. Хүний нутагт өөрийн орны хөлгийг харах сайхан байна” гээд баярлахыг нь хараад, ажлаасаа урам зориг, эрч хүчийг илүү ихээр авч байна. Ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэхээр үлдсэн энхийг сахиулагчид маань “Таныг хөлгөө жолоодоод нисэхэд аав, ээжээсээ хоцроод үлдэж байгаа мэт санагдлаа шүү” гэж найз нөхдөөрөө хэлүүлсэн байна лээ. Ийм л сайхан ерөөл, талархалтай ажил үүргээ гүйцэтгэж байна даа. Тэр дундаа энх цагийн бахархал нь болон гялалзсан энхийг сахиулагчдаа “Монгол бахархлын өдөр”-өөр эх орондоо авчирсандаа баяртай байна. Мэдээж энхийг сахиулагчдаа өөрийн хөлгөөр зөөвөрлөх нь олон талын ач холбогдолтой. Үүнийг мэдэрч, зөв шийдвэр гаргасан БХЯ, ЗХЖШ-ын удирдлагуудад талархаж байна” гэсэн юм.