МҮОХ-ны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг Монголын тэшүүрийн холбооны ерөнхийлөгч Д.Болормаа, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэл нарыг хүлээн авч уулзан, БНХАУ-ын Харбинд ирэх жилийн хоёрдугаар сарын 7-14-нд болох Азийн өвлийн спортын наадмын бэлтгэл ажлын талаар хэлэлцжээ. Эл наадамд оролцох баг тамирчдаа нэгдсэн бэлтгэлд хамруулан, дэмжиж ажиллахаа Б.Баттүшиг илэрхийлсэн байна.
“Харбин-2025” Азийн наадмын Зохион байгуулах хорооноос спортын техникийн гарын авлагыг албан ёсоор танилцууллаа. Эл наадамд 34 орны тамирчид спортын 11 төрөлд 64 цогц медалийн төлөө өрсөлдөнө. Тус хотын таван газар мөсний спортын тэмцээн явуулах нь. Хотоос 190 км зайд орших “Ябули” цанын төвд цасны төрлийнхийг зохион байгуулах аж.