МУИС-ийн Утга зохиолын нэгдлийн гишүүдийн шилмэл шүлгийн ээлжит түүврийг уншигч танд хүргэж байна. Уг бүтээлийн талаарх МУИС-ийн Утга зохиолын нэгдлийн зөвлөх багш, утга зохиол судлаач, яруу найрагч Д.Нямдорж “Урьд өмнөх түүврүүдийн хооронд тогтсон хугацаа үгүй, эвлэж бүтсээр, эмхэрч цэгцэрсээр өөрийн зохист хугацаандаа гардагт оршино. Энэ удаагийн түүвэрт Утга зохиолын нэгдлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, уран зохиол шимтэн сонирхогч, дурлан бичигч нэр бүхий 17 оюутны бүтээл орлоо.
Манай үе үеийн утга зохиолын нэгдлийн гишүүдийн олонхыг МУИС-ийн Утга зохиол судлалын ангийн оюутнууд бүрдүүлж, үйл ажиллагаанд оройлон оролцсоор ирсэн үлгэр дуурайллын дагуу тус түүвэрт багтсан залуу шүлэгчдийн цөмийг тэд бүрдүүлж байна. Мөн тэднээс гадна МУИС болон бусад сургуулийн арваад өөр мэргэжлийн ангийн оюутны бүтээл багтжээ.
Хэдий ялгаатай мэргэжлээр суралцаж байгаа ч үе насны эдгээр оюутан өөрсдийн хүсэл сонирхлоор, сайн дурын үндсэн дээр Утга зохиолын нэгдлийн үйл ажиллагаанд тогтмол оролцож, долоо хоног бүрийн дугуйланд уран бүтээлээ танилцуулж, хэлэлцүүлж, хамтдаа хөгжиж байна.
Уран зохиолоор дамжуулан өөрийгөө илэрхийлэх, сэрэл мэдрэмжээ бусдадаа хуваалцах, харилцан ойлголцох, хамтдаа хөгжих энэхүү туурвил зүйн албан бус сургалт, бүтээлч урланд суралцаж байгаа оюутан залуусын илэрхийлэл, эрэлхийллийн үр дүн - шилмэл шүлгийн түүврийн оршилд учирлах, өчүүхэн багшийн үг энд өндөрлөж байна.
Таалагдах, эс таалагдахын тухайд бодоогүй тэдний шүлэг танд залуу хойч үеэ ойлгоход тус дөхөм болно гэдэгт итгэнэ” хэмээн тодорхойлжээ. Уг түүврээс онцлох шүлгүүдийг хүргэе.
Р.Батхишиг
(МУИС-ийн Утга зохиол судлал хөтөлбөрийн магистрант)
Ганьхарсан гэмээр салхи аяар аяар сэвшинэ.
Гадаа хэчнээн намуухан атлаа бүүдгэр байна вэ?
Дуу тасардаггүй энэ гэрэлт гудамжны орчимд
Дутуу бичсэн шүлэг шиг хоосорч...
Үнэндээ,
Би л үлджээХэнд ч юм...
Х.Баянмөнх
(МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль төгссөн)
Өдөр өдрөөр холдож буй чи бид хоёр
Өрөөлөөс нэгнийгээ хайсаар олов бололтой.
Салж одсон атлаа ч санагалзах нь
Хайр гэж итгэдэг гэнэн явж дээ.
Уруул чинь одоо ч өөрийнхөө амтыг мэддэггүй хэвээрээ юу?
Урсахдаа нулимс чинь өөрийгөө навчис шиг санадаг хэвээрээ юу?
Уруулыг чинь дагуулж илбэх хуруу
Унтсан хойно чинь ширтэн суудаг харц
Өнчин сэтгэлээр ингэж шаналах учиртай бол
Өрөөлийн зүрхээр л чамайгаа хайрлаж явъя даа
Ингэж хуваагдах ёстой
П.БУЯНЦОГТ
(МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэл хөтөлбөрийн магистрант)
Амьд үлдмээр байвал бид нэг хүн болох ёстой.
Алган дээрх зураасны хээгээ нийлтэл хөтлөлцөх ёстой.
Амьд байх ёстой юм бол бид ингэж хуваагдах ч ёстой.
Атга чихрээ хуваан дөрвөн улиралд тарааж өгөх ёстой.
Хамаг зовлонгоо хавар, зун, намар, өвөлд тараагаад явах цаг ирэхэд
Хайр гэдэг эцэстээ хаана ч байхгүйг ойлгоод
Хашхичсан олон хүмүүс хайр гэгчийг эрж, дуулж
хаврын хаалгыг салба нүдэхийг олж хараад
Хачин ганцаардан үнэний тухай харамсан бодно.
Өргөстэй мөчир дээр хавар өндгөө даран үүрлэхэд
Үлгэрт ч гэсэн ганц удаа итгэж үзмээр санагдана.
Өд сөдөө гүвэх чанадын ертөнцөөс цас адил жингүйдэн унаад
Өвөрт чинь бүлээцэхээр хавар шиг хаанаас ч юм нисэн ирмээр бодогдоно.
Хаврын өдрүүд сохор ч байсан болоосой.
Хааяа би дэргэдүүр нь цоо ширтэж өнгөрөх сөн
Ширхэг ширхгээр нь тэр өдрүүдийг ширтэн мэлмэрч
Нүд болгоныг нь нээж үзээд нүгэл бүхнийг нь томруулж харах сан
Хүрч болохгүй гэсэн бөмбөлөг хөөсөнд хамтдаа хүрэх эгшинд
Хүсэл мөрөөдөл биелэн хаврын зовхийг нээж
Холоос цойлох нүгэл буяны хөөрхөн үгсийг өөрт нь шивнээд
Хоосон хаврын харанхуйн амьсгалыг чам шиг мэдрэх сэн
Чамайг надаас хасвал цаг хугацааны нас богиносож
Цас бороо ч удаан амьдрахыг хүсэн бидний төлөө уйлнам
Чамайг мэдрэхээр нүдээ анивал чи чихэнд шивнэх шиг
Цасны сэрвээнд зөөлөн хүрэхэд мөн чанарыг чинь танинам
Хүсэж мөрөөдөхийн тулд бид амьд байх ёстой
Хүрч болохгүй гэсэн бүхэнд хүрч үзэх ёстой
Хүн гэдэг нэрээс хором ч гэсэн ангижирч үзэх ёстой
Хүлээсгүйгээр ингэж нэгнээ хайрлаж хуваагдах ёстой
Ө.Сумъяа
(2022 онд МУИС-ийн Утга зохиол судлал хөтөлбөрийг төгссөн)
Би түүнээс “Яагаад?” гэж асуунам
“Би хайрлах л гэсэн юм” хэмээн нулимс унагана...
Орчлонгоор дүүрэн хайр сэтгэлийг эрсэн улс
Осолдож, дайтаж, өндрөөс унаад л
Үхэж чадахгүй, амьдрах ч аргагүй
Өвчний түүхээ нэг нүдээр нэмж суухад би
Орон гэрийг чинь цэгцэлж, зургийн цомгийг чинь баяжуулах зуураа
Ор дэр, цэцгийн савны ёроолоос хүртэл
Олж дөнгөдөг байлаа, тэр хайр сэтгэлийг...
Ээдрээтэй их уйтгар дундаа төвөгшөөмөөр чанга дуугаа хураахад ч
Эвлэрэх учгийн үзүүрээ атгаж үлддэг байлаа
Би хайр сэтгэлд цөмөрсөн юм шиг унаж
Хайр сэтгэл над дээр хөмөрсөн юм шиг хашиж
Хайр хоолны халбага, халтартсан аяга шиг ширээн дээгүүр хөглөрч
Хоёулхнаа дэлгүүрээс амттан авч идэх шиг төсөр тусдаг байхад
Бороо ийм харам
Салхи ийм ширүүн байгаагүй...
Орчлон ийм самуун
Хүмүүс ерөөс хүйтэн байгаагүй...
Халуун усны онгоцноос чи ус дуслуулан гарах шиг
Хаврын бороо үнэртэж байна.
Хайрт минь чи бид хоёр одоо
Хайрыг хаанаас олно доо...
Б.Зүнжиймаа
(2024 онд МУИС-УТОУХНУС сургуулийг төгссөн)
Үүлс нулимс болох
Уулс түүнийг тосох
Удалгүй уйлж
Уур манан гаргах
Үд дундын нар ч үл цоолох
Их аниргүйд гол шуугих
Урсаж ахуй голдирол нь
Уулын, үүлний нулимсыг
Өөр цоорхойд хүргэх
Өнчин моддыг услах
Ганцаардсан нарс
Гал улаан аянгыг тосох
Цэцэгсийг аврах
Цэцэгс инээд алдуулан
Нарны зүг даллах
Ийм хоржооныг харсан үүлс
Газартай хоршин алга таших....
С.Энхчимэг
(2022 онд МУИС-ийн Эдийн засаг хөтөлбөрийг төгссөн)
Энэ чулуудад харцаа үлдээсэн түүний тухай
Энд байгаагүй бодлууд нь яриад байдаг
Яг үнэндээ амьдарцгаах гэж
Хамгийн хөндүүртэй хэсгээрээ
Гишгээд л алхаад л байхын нэр юм
О.Номин-Эрдэнэ
(2022 онд МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн салбар сургууль төгссөн)
Нүдээ аниад
Хаврын үнэр боллоо,
Амьсгалъя өөрөөрөө.
Нүдээ аниад
Хаврын өнгө боллоо,
Баясгая нүдээ.
Хавар чиний гараас хөтлөөд
“Хайчих вэ?” гэж хэлэх өдрүүд
Зунаар дүүрэн.
“Хайр гэж юу вэ?”
Гэдэг асуултаа би тэврээд хэвтэж байна
Хааяа нэг сэрэхэд нь хөхүүлчхээд
“Хайртай шүү” гэж шивнэж байна.
Энэ агаар шиг агаарт
Энэ үнэр шиг үнэрт
Сэтгэл буцалж нулимс болж ширгэнэ.
“Хайр гэж юу вэ?”
Гэдэг асуултаа би тэврээд нойрсож байна.
Хаа нэгтэйгээс намайг сэрээх шиг гунигтай
Улирал зүүдэнд минь солигдож байна
М.Тодгэрэлт
(МУИС-ийн Япон хэлний орчуулагч хөтөлбөрийг төгссөн)
Хүсэл чинь хясал болж биеийг чинь ороох аваас
Өөр хоорондын зай чинь үгүйрч
Хамгаас нандин зүйлсээ ч шаар шавхруу болохыг чи үзнэ.
Нүд үзээгүй, чих сонсоогүй, мэдрэхүйн чанад дахь хязгаар гайхамшгаа чи гээх болно.
Хайр чинь үгүйрч, хоосон ертөнцөд чи амгалан болно.
Гэсэн ч тэнд чиний ганцаар орших хүсэл чамаас хүлээтэй л явна
Э.Доржсүрэн
(2023 онд МУИС-ийн Утга зохиол судлал хөтөлбөрийг төгссөн)
Өөрөөсөө зугтмаар байна, гэвч өврөөсөө алхам ч холдож чадахгүй байна
Өөрийгөө үзэн ядаж байна, даанч өөр юу ч хийж чадахгүй байна
Өөрийгөө жигшиж байна, тиймээс бүгдийг чинь түлхэж байна
Өөрөөсөө ичиж байна, тиймээс өөрөө өөртэйгөө л үлдэж байна
С.Энхцэцэг
(2022 онд МУИС-ийн Утга зохиол судлал хөтөлбөрийг төгссөн)
Маргааш бид хоёр хагацна.
Зүгээр л
Хэн хэн нь хүсэж байгаа болохоор
Одоохондоо
Хайртай, хайргүй хоёрынхоо талыг нь хэлсэн болохоор
Зүгээр л огт болохгүй болохоор
Үнсэж хараахан амжаагүй
Уруулаас чинь
Уучлал хүсээд
Ядах нь аа ганц ч
Гомдож чадаагүйдээ гэмшээд л
Маргааш бид нэгнээ сүүлчийн удаа харна.
Өчигдрийг яг өнөөдөр санаж байгаа шигээ
Өнөө оройг, өөрсдийгөө
Хадгалж авч үлдэхийн тулд л
Хэн хэнийгээ ахиж тэврэхгүйгээр
Хэзээ ч баяртай гэж хэлж байгаагүй шигээ
Гараа даллаад л...
С.Мөнх-Оргил
(МУИС-ийн Биологи-Амьтан судлал хөтөлбөрийг төгссөн)
Эрвээхэйнд нулимсаа долоолгуулах яст мэлхий,
Эргэх дэлхий халуу шатахад дэгдэх хачиг, түүнд хазуулсан хүн махнаас гарах,
Эмийн сангийн хаягт идшээ борцлох хэрээ,
Эгэл нэгэн ураацай хагас сар агаарт унтах,
Төрсөн усныхаа амтыг санаж түрсээ шахаж, үхэхээр ирдэг загас,
Тархиндаа соронзтой шувууд төөрөх тухай мартах,
Түймэрт нэрэгдсэн газрын охийг хүртэх гэж хэрэх зээр,
Тэс хөлдчихсөн гүлмэр зуун жилийн дараа амь орох,
Тийм, ийм л юмс бодож байгаад унтчих тул яруу найргаас алсрах
Ц.Төгсбаатар
(MУИС-ийн Утга зохиол судлал хөтөлбөрийн IV түвшний оюутан)
Цас ороход захидлаа бичиж дуусгаад дэлгүүр гарах
Талх, цөцгийн тос, аавд сахлын хутга
Хариултад нь тамхи ширхэглэнэ.
Салхинд тэврүүлж дэвэх шувууны
Анхны хайрын үнсэлт үлдээсэн модны дор зогсон тамхи асаана
Нүдээ анина.
“Last dungeon”,
Кино,
“Tiny little houses”
Балчир жижигхэн байшингууд
Эндээс л хамаг юм эхэлсэн
Мөнгө цуглуулж PC орно
Гучин минут! Мөрөөдөл нь л тэр
Ариун гэгээн бүхэн минь нурж унасан санагдана
Нүдээ нээнэ.
Хачин юм шүү!
Дурсамж цаг хугацаанаасаа хурдан эргэхэд
Сүүлчийн удаа яаран шатаар өгсөнө
Захидлаа хаяглах уу, байх уу?
Март даа!
Мартагнал дунд хүүхэд насаа орхиод
Аавынхаа хутгаар сахлаа хусна
Б.Чандмань
(МУИС-ийн Утга зохиол судлал хөтөлбөрийн IV түвшний оюутан)
Сэтгэл дотроо өндрөөс өндөр эгцээс эгц уул босгочхоод дээшлэн дээшлэн яаран яаран мацна.
Заримдаа тэр буцаж өнхрөөд өөр уул бараадахыг заримдаа тэр зүгээр л живээд шувуу болохыг яс шиг хатуу нулимс хоолойд нь тээглэчхээд ер гадагшилж өгөхгүйг мэдэрнэ.
Хааяа хааяа хаяагүй тэнгэр лүү үсэрч загас болохыг ч хүснэ.
Далайн шувуу, тэнгэрийн загас дарсанд хөлчүүрхсэн маанаг гээд
Даян дэлхийн золгүйчүүл хамгийн азгүй амьтадтай найзалнам
Азгүй болохоороо цаг ямагт дурлалын тухай шүлэг бичиж азгүй болохоороо цаг ямагт үг болоод нулимс үнэнхүү гуниг асгаруулж явнам
Сэтгэл дотроо бид өндрөөс өндөр эгцээс эгц уул босгочхоод тэндээсээ үсэрч үхэхийн тулд яаран яаран мацнам