Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Шанхай хотод энэ сарын 4-7-нд хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай өчигдөр уулзаж, албан ёсны баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцлоо. Хоёр орны сайд, дарга нар стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой баримт бичгүүдэд энэ үеэр гарын үсэг зурсан юм. Тодруулбал, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын болон харилцаа холбооны салбарын хүртээмж, чанар, хяналтыг сайжруулах төслийг санхүүжүүлэх, Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих Засгийн газар хоорондын, Монгол Улсын Сангийн яам, БНХАУ-ын Экспорт-импорт банк хоорондын тусгайлсан зээлийн хэлэлцээрийг талууд өчигдөр байгуулав. Түүнчлэн манай улсын Эдийн засаг, хөгжлийн яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын ногоон хөгжлийн салбар дахь хөрөнгө оруулалтын, Стандарт, хэмжил зүйн газар, Зах зээлийг зохицуулах ерөнхий газар хоорондын стандартчиллын хамтын ажиллагааны, Монголын Монополын эсрэг газар болон Хятадын зах зээлийг зохицуулах ерөнхий газар хоорондын хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг, Монгол Улсаас БНХАУ-д тэжээлийн амьтны уураг болон өөх, тос экспортлох үеийн хорио цээрийн шаардлагын тухай ХХААХҮЯ, Гаалийн ерөнхий газар хоорондын протоколыг холбогдох албаны төлөөлөгчид өчигдөр баталгаажууллаа. Мөн БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд Ерөнхийлөгч нарын нэрэмжит спорт цогцолбор барих төсөл хэрэгжүүлэх, солилцох захидалд Сангийн сайд Б.Жавхлан, БНХАУ-ын Олон улсын хамтын ажиллагааны газрын дэд дарга Жун Хайдун нар гарын үсэг зурсан юм.
БНХАУ-ын Засгийн газраас олгох нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд нийт 11 төсөл санхүүжүүлэхээр төлөвлөсний нэг нь Эрдэнэбүрэнгийн УЦС-ынх аж. Хоёр улсын Засгийн газрын хооронд зээлийн хэлэлцээр байгуулснаар эл төсөлд шаардлагатай 253 сая ам.долларын санхүүжилтийг шийдлээ. Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулснаар баруун бүсийнхнийг импортын эх үүсвэрээс хараат болгож, 100 хувь ногоон эрчим хүчээр хангах ач холбогдолтойг албаны хүмүүс энэ үеэр дурдав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг санхүүжүүлэх зээлийн хэлэлцээрийг байгуулсан нь олон жил яригдсан мега төслүүдийг гараанаас хөдөлгөх эхлэл, сайны дохио боллоо” гэдгийг онцолсон бөгөөд хот байгуулалт, төлөвлөлтийн чиглэлээр Шанхай хотоос суралцах зүйл их байгааг, манай улс цаашид тэргүүлэх салбарууддаа түшиглэсэн томоохон, шинэ төслүүдийг “хөдөлгөх” цаг болсныг онцлон тэмдэглэлээ.
ХЯТАДЫН ИМПОРТЫН ЭКСПОД МОНГОЛ УЛС ӨРГӨН БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ ОРОЛЦОЖ БАЙНА
Хятадын олон улсын импортын VII экспогийн нээлт БНХАУ-ын Шанхай хотод өчигдөр боллоо. Энэхүү экспог үндэсний хэмжээнд импортыг нэмэгдүүлэх, гадаад худалдааг либералчлах зорилгоор тус улсын Худалдааны яам, Шанхай хотын Ардын Засгийн газраас Хятадын санхүү, эдийн засгийн төвд 2018 оноос хойш тасралтгүй зохион байгуулж ирснээрээ онцлог. Өнгөрсөн хугацаанд уг арга хэмжээнд 173 улс, бүс нутаг, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож, нийт 420 гаруй тэрбум ам.долларын борлуулалт хийж, 2500 нэр, төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, шинэ, дэвшилт технологийг олон нийтэд танилцуулжээ. Энэ арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн цагаас нь Монгол Улс тогтмол, идэвхтэй оролцож ирсэн. Өнгөрөгч онд гэхэд манай улсын “Байгаль кашмер”, “Сайнтүмэн кашмер”, АПУ, “Шар доктор” тэргүүтэй ноос, ноолууран бүтээгдэхүүн, шингэн хүнс үйлдвэрлэгч 10 гаруй аж ахуйн нэгж оролцож, бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа танилцуулжээ. Өнөө жил ноос, ноолуур, хүнс үйлдвэрлэл, уул уурхайн салбарын 40 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож буй бол 10 нь тусгайлан зассан талбайд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилж байна. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой”, “Ньюком групп”, “Макс групп”, “Капитал маркет Монгол” зэрэг компанийнхан үзэсгэлэнгийн талбайд байрлаж, Монголын уул уурхайн салбар, хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөртэй холбоотой мэдээллээ хуваалцаж буй юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд оролцож, үг хэллээ. Тэрбээр “Шинэ эрин үед ирээдүйгээ хамтдаа хуваалцъя” уриатай долоо дахь удаагийн арга хэмжээнд Монгол Улс анх удаа Ерөнхий сайдын түвшинд, парламентад суудал бүхий улс төрийн бүх намын удирдлага, УИХ, Засгийн газрын гишүүдийн өргөн бүрэлдэхүүнтэй, хувийн хэвшлийн хамгийн олон төлөөлөлтэй оролцож байна. Ази, Европын стратегийн уулзварт оршдог Монгол Улс энэхүү экспод идэвхтэй оролцож, хөрш БНХАУ-тай төдийгүй бусад оронтой эдийн засгийн харилцаа холбоогоо гүнзгийрүүлэх өргөн боломжийг нээсээр ирсэн билээ. Асар хурдтай хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед Монгол Улсын Засгийн газар гурван гол шилжилтийг хийж, эдийн засгийн шинэ бүтэц бүрдүүлэхээр ажиллаж байна. Үүнд АI буюу хиймэл оюун ухаанд түшиглэсэн цахим, ухаалаг технологийг хөгжлийн хурдасгуур болгож ашиглах, ногоон хөгжил, хүний нөөцийн шилжилтэд анхаарч, ирээдүйн хөгжлөө төлөвлөх зэргийг багтааж буй. Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд бүх улс, хөрөнгө оруулагчтай, уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч, дэд бүтэц, дэвшилт технологи, аялал жуулчлал, соёлын салбарт харилцан ашигтай хамтарч ажиллахад бэлэн” гэв. Түүнчлэн Монгол, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож буй энэ үед хоёр орны худалдааны эргэлт 17.6 тэрбум ам.долларт хүрч, манай улсын эдийн засаг цар тахлаас хойш тогтмол өсөж, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ жил бүр 1000 ам.доллароор нэмэгдсэн нь хамтын ажиллагааны үр дүн гэдгийг тэмдэглэлээ.
Долоо дахь удаагийн үзэсгэлэнгийн үеэр өндөр зэрэглэлийн, дэвшилт (тухайлбал, далайн инженерийн) гэж хэлж болохуйц шинэ 400 гаруй бүтээгдэхүүн, үйлчилгээ танилцуулж байгааг тус улсын Худалдааны яамнаас мэдээлэв. Хятад улс үйлдвэрлэлийн салбарт гадаадын хөрөнгө оруулагчдад тавих хязгаарлалтыг арилгаснаар худалдаа, эдийн засгаа өргөжүүлэх илүү их боломжийг нээж, нөөц бүрдүүлнэ хэмээн үзэсгэлэнд оролцогч үндэстэн дамнасан корпорацуудын удирдлагууд үзэж байна. Тус улс 2024 оны III улиралд өндөр технологийн үйлдвэрлэлийн салбарт 77.12 тэрбум юань буюу 10.87 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт татсан нь үндэсний хөрөнгө оруулалтын 12 хувийг эзэлж буй бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.5 нэгжээр өссөн дүн гэнэ. Гадаадын хөрөнгө оруулалтын бүтцийг оновчтой болгох бодлого, үйл ажиллагааг цаашид эрчимжүүлснээр энэ үзүүлэлтийг үлэмж нэмэгдүүлэх боломжтойг мэргэжилтнүүд онцлов.