Дэлхий дахины агаарын бохирдлын үзүүлэлтүүдийг тогтмол танилцуулдаг iqair.com цахим хуудсанд өчигдөр 17.00 цагийн орчимд мэдээлснээр Улаанбаатар утаагаараа олон улсын 121 хотоос дөрөвдүгээрт жагсаж байлаа. Уг цахим хуудсанд дурдсанаар Улаанбаатарт энэ сарын 5-наас агаарын чанарын үзүүлэлтүүд эрс муудаж эхэлжээ.
Өчигдөр PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцрын бохирдол маш их буюу Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосон стандартаас 12 дахин даваад байв. Энэ нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэмжээний үзүүлэлт тул амны хаалт зүүхийг тус байгууллагаас зөвлөжээ.
Идэр есийн хүйтэн хараахан эхлээгүй, цаг агаар харьцангуй дулаан, өдөртөө нэмэх хэмтэй байгаа учраас айлууд тийм ч олон удаа галлахгүй. Тэгсэн атал утаагаараа дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд бичигдээд эхэлсэн гэсэн үг. Ийм учраас ирэх дөрвөн сарын хугацаанд буюу хаврын улирал эхлэх хүртэлх хугацааг улаанбаатарчууд маш их утаатай, хүнд нөхцөлд туулах нь. Учир нь эрх баригчид агаарын бохирдлыг бууруулах ажлууд хийх нь битгий хэл, энэ талаар ер нь хөндөхөө ч больчхоод буй.