Нэгэн цагт УИХ-ын гишүүн явсан С.Болдхэтийн үүсгэн байгуулсан “Наран групп” ХХК нь харьяандаа 14 охин компанитай. Тэдний нэг болох хүүхдийн тоглоомын “Наран кидс стор” ХХК-ийнх нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Энхсанаад холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцлээ. Тэрбээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өмгөөлөгчийн хамтаар хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу тус шүүхэд уржигдар хэлэлцэн шийдвэрлэсэн юм.
Д.Энхсанаа өөрийн үүсгэн байгуулсан, 100 хувийн хувьцааг нь эзэмшдэг, ашиг сонирхлын зөрчилтэй компаниараа дамжуулан гадаадаас бараа, материал импортолж байгаа мэтээр баримтууд бүрдүүлж, үнийн дүнг зохиомлоор өсгөн 58 сая төгрөг завшсан гэх хэрэгт холбогдсон аж. Түүнд холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.12-1 дэх хэсгийн “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн байна.