Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
“Ондо”-гийн, бас “шарк” гэдгээрээ олон нийтэд танигдсан Ч.Анар улс төрийн “цахилгаан шат”-аар өгсөж, нүд ирмэхийн зуурт л парламентын гишүүн болоод амжлаа. Улс төрийн талбарт тэрбээр “гэрлийн хурд”-аар гарч ирсний учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ойрын хүн байсантай нь холбоотой. Тэд Хэнтий аймгийн Бэрх тосгоны сургуульд хамт суралцаж байсан найзууд аж. Ч.Анар өөрөө ч үүнийгээ сонгуулийн өмнө ил цагаан хэлсэн байдаг.
Нийгмийн сүлжээнд олон дагагчтай инфлүүнсерүүд гэнэт л Ерөнхий сайдыг тэнгэрт тултал магтаж, “МАНАН системтэй тэмцэж байгаа Л.Оюун-Эрдэнийг тултал дэмжинэ” хэмээн суртал ухуулга хийж эхэлсний нэг нь Ч.Анар. УИХ-ын ес дэх удаагийн сонгуулиас хоёр сар гаруйн өмнө ийм үйл явдал өрнөсөн. Эрх баригч намын даргатай хувийн харилцаатай гэдгээ илчилж, болж бүтэхгүй байгааг нь зөвтгөн “долоосон”-оороо Ч.Анар амжилттай яваа бизнесмен, Монголын технологийн салбарыг тэргүүлэгчдийн нэг зэрэг олон тодотгол “нааж” явсан нэр төрөө шороотой хутгасан юм. “Мэдээллийн технологийн салбарт бизнес хийхэд төр саад бэрхшээл учруулж байна” гэж гоншигнож явсан Ч.Анар гэнэт төр засагт “хайртай” болсон нь төсвөөс ямар нэгэн дэмжлэг авч, тохироо хийчихэв үү гэж хардах үндэслэл байлаа. Үүний учир тун удалгүй л тайлагдаж, МАН сонгуульд жагсаалтаар нэр дэвших 48 гишүүнээ танилцуулахад тэрбээр маш дээгүүр буюу гуравдугаарт эрэмбэлэгдсэн билээ.
Ч.Анар боловсролын хувьд нэг ч их, дээд сургууль бүрэн төгсөөгүй гэсэн “онцлог”-той. 1995 онд Хэнтий аймгийн Бэрх тосгоны дунд сургууль, 1998 онд Өвөрхангай аймгийн хоёрдугаар сургуулийг төгссөн гэж намтарт нь дурдсан байдаг. Боловсрол эзэмшсэн түүх нь ингээд л дуусдаг. Харин ажлын туршлага нь баялаг. 2001 оноос “Монголын цахилгаан холбоо” компанид системийн инженерээр ажлын гараагаа эхлүүлжээ. Түүнээс хойш “Нэтсофт”, “Жи-Мобайл”, “АНД системс”, “Лэндмн”, “Ондо спэйс”, “Ондо”, “Андореан”, “Ондо холдинг” зэрэг технологийн 10 гаруй компанийг үүсгэн байгуулалцсан гэдэг. Харин УИХ-ын гишүүн болохдоо “Ондо холдинг” компанийн үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн дарга гэсэн “гуншин”-тай байсан. Мөн хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ найман компанид хувь эзэмшдэг гэж тусгажээ.
“Монголын мөнгө өмнө нь салхинд хийсдэг байсан бол цаашид сансарт нисэх нь” гэх шүүмжлэл сүүлийн үед гарах болсон. Төсвийн буюу татвар төлөгчдийн нэг их наяд орчим төгрөгөөр үндэсний хиймэл дагуултай болно гэх санаачилгыг Засгийн газраас гаргаж, төсвийг нь батлуулахаар улайраад байгааг олон нийт ингэж тодорхойлсон хэрэг л дээ. УИХ-ын гишүүдээс хиймэл дагуулыг хамгийн сайн мэдэх хүн гэж болох Ч.Анар ч эл төсөлд шүүмжлэлтэй хандсан нь сайшаалтай. Тэрбээр “Хиймэл дагуулын өртөг хэтэрхий өндөр байна” хэмээгээд, Засгийн газрын төлөвлөснөөс хоёр дахин бага мөнгө зарцуулах боломжтой гээд байгаа. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралтай зөрчилдөөд ч амжсан.
Гэвч Ч.Анар олон нийтийн төлөө, татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх гэсэндээ хиймэл дагуулын төслийг шүүмжлээгүй. Харин өөрийн ашиг сонирхлын үүднээс буюу “Ондо спэйс” компанийнх нь хийх ажлыг төр “булаасанд” унтууцсан гэх хардлага ч байна. Ерөнхий сайдаар “кран”-аар өргүүлж улс төрд хөл тавьсан түүнийг олон нийтийн төлөө ямар үйлдэл үзүүлэхийг цаг хугацаа илчлэх биз ээ.