Ерөнхий боловсролын түвшинд багшийн сул орон тоог нөхөх, сургуулиудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор удирдах ажилтан, багшийг сэлгэн ажиллуулах журмыг салбарын сайд баталжээ. Тус журамд багшийг өөрийн хүсэлтээр, харин удирдах ажилтныг наймаас доошгүй жилийн туршлагыг харгалзан өөртэй нь тохиролцсоны үндсэнд шилжүүлэн ажиллуулахаар тусгажээ.
Гэхдээ багш, удирдах ажилтнуудыг сумаас аймгийн төв, эсвэл нийслэлийн сургалтын байгууллагад шилжин ажиллахыг эл журмаар зохицуулахгүй. Зөвхөн аймгийн төв, нийслэлийн хэмжээнд шилжүүлэх аж. Шилжин ажиллаж буй багш, удирдах ажилтны цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөлийг дордуулахгүйгээр хүлээх эрх, үүрэг хариуцлагыг гэрээгээр зохицуулж, нийгмийн баталгааг нь хангахыг Боловсролын яамныхан мэдэгдсэн.
Өөрөөр хэлбэл, тус журам нь салбарын чадварлаг багш, удирдах ажилтнуудыгтуршлагаа бусдадаа хуваалцах, харилцан суралцах, ажлаа сайжруулах, үнэлгээ, мэргэжлийн зэргээ ахиулах, тухайн сургалтын байгууллагад шаардлагатай мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх зэрэг эерэг үр дүн үзүүлэх зорилготой гэнэ.
О.ОРГИЛОХ