Киргиз улсад авиралт хийж байгаад эрсдэлд ороод буй залуу уулчныг аврахаар Холбооны Аврах ажиллагаа хариуцсан Дэд ерөнхийлөгч С. Ганхүүгээр ахлуулсан аврах баг ажиллаж буй. Багийнхан орон нутгийн уулчид, туслах ажилчин хөлслөн нийт 6 хүний бүрэлдэхүүнтэй хамгийн сүүлийн суурин газар болох Сары Могол тосгонд ирлээ. Энэ тосгоноос цааш бэйс кемп хүртэл 2 цаг орчим машинаар дөхнө, тэндээс болзсоны дагуу моринд ачаагаа ачин өндрийн 1-р кемп хүртэл шөнөөр алхаж, отог байгуулан хононо. Өглөө эрт д.т.д 4400 метрээс үндсэн авиралтаа эхлүүлж 5800 м гацсан уулчин дээр хүрэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхэд Ленин пик ууланд авиралт зохион байгуулдаг Централ азиа компанийн авиралтын удирдагч Илья хэмээх уулчин нэг туслах уулчинтай энэхүү аврах ажиллагаанд нэгдсэн байна. Мөн тухайн компани аль хэдийн хураасан кемпээ нээн аврах ажиллагаанд шаардлагатай багаж хэрэгслээр тусалж байгаа юм байна. Нэг туслах ажилтан нь өндрийн 1-р кемп дээр холбоочин хийн үлдэж 4 хүний бүрэлдэхүүнтэй аврах ажиллагааг эхлүүлэх юм. Залуу уулчин эсэн мэнд, ухаан эрүүл, хоол хүнстэй байгаа мэдээ байна. Харин аврах баг маань дээш ойртсоор 5400м /улаан тэмдэглэсэн/ дээр эхний хүн явж байна. Энэ эрчээрээ дээшилбэл 2 цаг 30 мин дараа уулчин дээр хүрэх байх. Аврах багт яваа зарим уулчдад бага зэрэг өндөр нөлөөлж хурд удааширч байгаа ч тэд зогсолтгүй урагшилж байна.
Одоогийн төлөвлөгөөгөөр уулчин дээр очоод шууд кемп 2 руу буулгахаар зорьж байгаа хэдий ч догшин ширүүн байгаль, мөс цастай ууланд саад хэзээ ч гарах магадлалтай. Өдөр нартай байгаа ч нэлээдгүй хүйтэн жавартай, хамар гарын үзүүр хайрч удаан зогсвол дааруулахаар байгаа юм байна.