9-р сарын 6-нд Их Британийн Хатан хаан II Элизавет Гадаад хэргийн сайд Лиз Трассыг Шотланд дахь Балморал шилтгээндээ хүлээн авч Ерөнхий сайдын албан тушаалд албан ёсоор томилжээ.
Л.Трасс Их Британийн түүхэн дэх гурав дахь эмэгтэй Ерөнхий сайд болж байгаа бөгөөд иргэдээ эдийн засгаа өсгөх “зоримог төлөвлөгөө”-гөөр хамгаалах амлалт өгчээ. Тэрбээр хэлэхдээ, Британийн ард түмэн тулгарч буй сорилтоос эмээх ёсгүй бөгөөд бид “шуургыг даван туулах болно” гэжээ.
Мөн “шаргуу хөдөлмөрийг шагнахын тулд” татварыг бууруулахаас ажлаа эхэлнэ гэж хэлсэн байна.
Үүнээс гадна “хүлээн авах боломжгүй” гэж тодорхойлсон эрчим хүчний зардлыг бууруулж, үндэсний эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах хүсэлтэй байгаагаа нэмж хэлэв.
Үүнээс өмнө Ерөнхий сайд асан Борис Жонсон Хатан хаанд бараалхан Ерөнхий сайд болон Сангийн тэргүүн лордоос огцрох хүсэлтээ албан ёсоор тавьсныг хатан хаан хүлээн авчээ.
Жонсон засгийн газрын тэргүүнээр 1340 хоног ажилласан бөгөөд энэ албан тушаалыг хамгийн богино хугцаанд хашсан Ерөнхий сайд аж.
Тэрбээр Ерөнхий сайд, Их Британийн Консерватив намын даргын албан тушаалаасаа огцрох хүсэлтэй байгаагаа өнгөрсөн долдугаар сарын 7-нд мэдэгдсэн юм. Энэ шийдвэрийг Жонсон засгийн газрын 11 сайд болон хэдэн арван өндөр албан тушаалтнууд Ерөнхий сайдтай ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдэн огцорсны гаргасан юм.