Улсын хэмжээнд өдгөө мал, амьтны гоц халдварт шүлхий, бог малын мялзан, үхрийн арьс товруутах өвчин тархаад байна. Шүлхий өвчний хувьд өнгөрсөн өвөл, хаврынхтай харьцуулахад тархалт нь нэлээд хумигдаад буй аж. Мөн бог малын мялзан өвчний тархалт буурч байгаа гэнэ. Харин үхрийн арьс товруутах өвчний тархалт ихсэх хандлагатай бөгөөд уржигдар л гэхэд Увс аймагт шинээр илэрч, нэг сумд хорио цээрийн дэглэм тогтоосон. Өчигдрийн байдлаар дөрвөн аймгийн найман сумд эл өвчин тархжээ. Тухайлбал, Дорнодын дөрөв, Булганы хоёр, Увс, Сүхбаатар аймгийн тус бүр нэг сумд уг өвчин тархаж, нийт 1300 гаруй үхэр өвчлөөд байна. Үүнээс 878 үхэр хорогдсон бол 488 нь тусгаарлалтад буй гэнэ.
Бог малын мялзан өвчний тухайд дөрвөн аймгийн 11 сумд тархаж, 4000 орчим мал өвчилсөн бөгөөд сүүлийн өдрүүдэд өвчлөл нэмж бүртгэгдээгүй аж. Өчигдрийн байдлаар зургаан аймгийн найман сумд шүлхий өвчний улмаас хорио цээр, хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлж байлаа. Өвчний тархалтаас сэргийлэхийн тулд эрт илрүүлэх, мал олноор хорогдсон тохиолдолд орон нутгийн холбогдох байгууллагад 12 цагийн дотор мэдэгдэхийг Мал эмнэлгийн ерөнхий газраас анхаарууллаа. Түүнчлэн отор, нүүдэл, шилжилт хөдөлгөөн хийхдээ мал эмнэлгийн байгууллагаас зөвлөмж авах нь зүйтэй гэв.