Увс аймгийн “Увс нуур” багийн харваач Б.Цэвээн-Очир үндэсний спортоос шагайн харваагаар сонирхож хичээллэдэг залуусын нэг. Тойром харваанд анх оролцож, өвөг дээдсийнхээ өвлүүлсэн өв соёл, шагайн харвааны гайхамшгийг мэдэрсэн түүнд анх эрдэм заасан багш нь Монгол Улсын гарамгай мэргэн Ш.Батсүх. Наадамчин олонд “Мэргэн Баавай” хэмээн алдаршсан түүнтэй багш, шавийн барилдлага тогтоосноос хойш амжилтад тэмүүлэх болжээ. Тэрбээр Увс аймгийн АШТ-д багийнхантайгаа өрсөлдөж, гурван удаа түрүүлэн, хоёр шөвгөрсөн амжилтаар аймгийн гоц мэргэн цолны болзол хангасан юм. Түүнтэй ярилцлаа.
-Монгол наадгайн өв соёлыг тээсэн үндэсний спортод шагайн харваа зүй ёсоор багтдаг. Наадмын өдрүүд хаяанд иржээ. Нутаг нутгийн шагайн харваачид сэтгэл догдолж суугаа гэдэгт эргэлзэхгүй байна.
-Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн үндэсний их баяр наадмын шагайн харваанд “Увс нуур” багийнхантайгаа анх удаа цэц сорих гэж байгаадаа сэтгэл догдолж сууна. Наадамчин олон хоёр жил хоног тоолж хүлээсэн болохоор энэ жилийн наадам өргөн дэлгэр болох байх. Би өмнө нь “Говь” ХХК-д ажилладаг байхдаа байгууллагынхаа залуусыг шагай харвадгийг мэддэггүй байв. Тэдний шагай харвахыг нэг өдөр сонирхоод харж суутал хоорондоо ярилцах нь нэлээд хөгжилтэй санагдлаа. Ажлын алжаал тайлах зорилгоор хааяа харвадаг байсан бол сүүлдээ сонирхож, сэтгэл татагдах болсон.Шагайн харвааны эрдмээс зааж, үндэсний спортод урвуулсан тэдэнд баярладаг. Би өнгөрсөн жил аймгийнхаа “Увс нуур” багийн харваачидтай нэгдсэн юм. Увс аймгаас шагайн харваанд улсын цолтон харваач хараахан төрөөгүй. Нутгийн залуус сонирхлоороо нэгдэн, шагайн харвааг хөгжүүлэхээр хичээж байна.
-Наадамчин олонд “Мэргэн Баавай” хэмээн хүндлэгдсэн Монгол Улсын гарамгай мэргэн Ш.Батсүх гуай таны багш гэсэн байх аа?
-Би их азтай. Надад шагай харвах эрдмийг дэг жаягийн дагуу эхнээс нь заасан хүн бол Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул, Монгол Улсын гарамгай мэргэн Ш.Батсүх. Түүнтэй багш шавийн барилдлага тогтоон, суралцаж яваадаа баярладаг. Хоёр жилийн өмнө “Монгол өв” клубийг зорьж очиход тэрбээр намайг нэлээд ажиглаж хараад “Чи шагайн харвааг анх сурч байгаа бололтой. Чамд зааж өгөх зүйл олон байна” гэв. Тэр цагаас шагайн харваачидтай яриа хэрхэн өрнүүлж, суудлаа зөв эзлэхээс авхуулаад олон зүйл заасан. Өнгөрсөн хавар болсон УАШТ-д оролцоход багшаас гадна Монгол Улсын үлэмж дархан мэргэн Н.Цогтгэрэл ах биднийг дэмжин, өөрийн мэддэг зүйлээс зааж зөвлөхөд түшигтэй санагдсан. Увс аймгийн харваачид өмнө нь хэсгээсээ шалгардаг байсан бол энэ удаа 78-д үлдэж, шилдэг 40 багт үлдэхийн төлөө өрсөлдлөө.
-Монголчууд чанартай, чамин эд хэрэглэх дуртай. Нутаг, нутгийн харваачид баяр наадмын шагайн хашлага, сум хийлгэхээр багшийг тань зорьж ирдэг гэж сонссон. Та ч бас урлуулсан уу?
-Орхон аймгийн Баясгалан хэмээх гарын уртай залуугаар хашлага, багшаараа сум урлуулсан. Багш зураг сайхан зурахаас гадна шагайн харвааны аравч, зурхай, сэнтий, хашлага, сум гээд бүхий л хэрэгслийг хийдэг. Би урлангаар нь хааяа зочилж, бүтээлүүдийг нь харах дуртай. Тэрбээр бидэнд өөрийн үйл хөдлөлөөр үлгэр дуурайл болдог юм. Өнгөрсөн жил “Миний мэдэх шагайн харваа” ном хэвлүүлж, уншигчдын хүртээл болгосон. Монголын шагайн харвааны түүх, үүсэл хөгжил, тойром харвааны өв соёл хойч үед хэрхэн уламжлагдаж өнөөг хүрсэн, мөн өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралын тухай өгүүлсэн байв. Тэр дундаа тойром харвааны тухай түүх уншихад тун сонирхолтой санагдсан.
-Шагайн харваачид их гярхай. Уухайн дуу, хүний харц, хөдөлгөөнөөс юу илэрхийлж байгааг мэднэ. Уухай хэр сурав?
-Шагайн харваа сэтгэл зүйн спорт, тухайн хүнээс мэдрэмж, ур чадвар их шаарддаг. Сэтгэл зүй сайтай ч мэдрэмжгүй, мэдрэмж өндөртэй ч тэмцээний үед дөрвөн сум тавихад өөрийгөө бэлдэж чадахгүй бол онохгүй. Миний хувьд шагайн харваачдаас уухайлахыг сурч байна. Энэ жил наадмын асарт уухай сонсоод алдартай мэргэчүүдтэй мөр зэрэгцэн харвана гэхээс догдолж сууна. Манай аймгийн харваачид өнгөрсөн жил Хүй долоо худагт бэлтгэл хийсэн ч цар тахлын улмаас наадам зохион байгуулахыг цуцалсан тул нутаг буцсан. Энэ жил наадам эхлэхээс долоо хоногийн өмнө нийслэлд ирнэ. Тухайн багийнхан бэлтгэл хэр хийнэ төдийчинээ уухай, харц, хөдөлгөөнөөрөө ойлголцдог. Үүнийг сайн мэддэг болсон цагт амжилтын тухай ярина.
-Аймгаасаа улсын цолтой мэргэн төрүүлэхээр зорьж байгаа “Увс нуур” багийнхныг нутгийнхан нь хэр дэмждэг бол?
-Багийнхаа харваачдыг Өндөрхангай сумын харьяат багийн дарга, аймгийн гоц мэргэн У.Дамбийсүрэн ахалдаг. Тэрбээр багийхандаа байгаа бүхнээрээ харамгүй тусалдаг юм. Бид УАШТ, наадмын харваанд амжилттай оролцохын тулд бэлтгэл хийх байртай болох талаар аймгийнхаа биеийн тамир, спорт хороонд санал тавьж, хувийн байгууллага, үндэсний спорт дэмждэг хүмүүст хандсан ч одоогоор дэмжлэг үзүүлээгүй байна. Нутгийнхаа иргэдийг дэмждэг болгохын тулд бид эхлээд амжилт гаргах ёстой. Биднийг хойшид нутгийн удирдлага, зөвлөл, байгууллага, хувийн хэвшлийнхэн дэмжинэ гэж найддаг.
-Наадмын өглөө гийнгоон дуу, тэнгэрт тоос бостол шандас сорих хурдан морьдын уралдааныг харах ямар санагддаг вэ?
-Нагац ахынхаа уясан морьдыг унаж өссөн болохоор өөрийн эрхгүй самсаа шархирдаг. Үндэсний бөх сонирхдог байхдаа үеийнхэнтэйгээ өдөржин ноцолдож өнждөг сөн. Тэднээс маань улсын цолтон төрсөн байна. Наадмаар шагайн харвааны тэмцээнээ амжилттай өндөрлүүлээд үеийнхээ бөхчүүдийг дэмжиж, барилдахыг нь харна. Улсын аварга П.Бүрэнтөгс, улсын харцага Т.Баасанхүү, аймгийн арслан Л.Цээсүрэн, Д.Тогтохжаргал нар цолоо ахиулахаар галынхантайгаа нэгдэж, наадмын бэлтгэлд гарсан. Бид хүүхэд байхаасаа нөхөрлөсөн. 2020 оны наадмаар П.Бүрэнтөгсийг түрүү бөхөөр тодроход өөрөө түрүүлснээс ялгаагүй баярлаж билээ. Шагайн харваагаар хичээллэснээс хойш бэлтгэлдээ анхаарал хандуулж, бөхийн барилдаан үзэх зав бага гарах болсон. Увс аймгийнхан алдартай бөх, хурдан хүлэг, үндэсний сур харвааны улсын даян мэргэнтэй. Бид одоо нутгаасаа шагайн харвааны улсын цолтой мэргэн төрүүлэхээр зорьж байгаа.
-Уйгагүй бэлтгэл, сургуулилалт хийсний үр дүнд шагайн харваанд амжилт гаргадаг. Танд тухалж суугаад харвах зав гардаг уу?
-Ямар ч спортоор хичээллэсэн амжилт амархан ирэхгүй. Тодорхой цаг хугацаа зарцуулж байж зорилгодоо хүрнэ шүү дээ. Наанадаж дөрвөн цаг сууж бэлтгэл хийхэд сэтгэлийн хат, биеийн тэвчээр шаардана. Харваачдад ар гэртээ зарцуулах зав ховор гардаг. Томоохон тэмцээн, тойром харваанд оролцоход гурван өдөр зарцуулах жишээтэй. Олон жил харваагүй ч гэсэн богино хугацаанд амжилт гаргаж байгааг минь гэр бүл, ойр дотнын хүмүүс ойлгож, дэмжих болсон. Энэ жилийн улсын аваргад 146 багийн 1200 харваач өрсөлдлөө. Гурван өдөр дараалж харвахад цагтаа багтахгүй шөнө дунд тэмцээн өндөрлөсөн. Энэ нь сонирхож хичээллэх залуусын тоо жил бүр нэмэгдэж буйг илэрхийлж байна. Тэр өдрүүдэд тэмцээний ачаалал даах бие, сэтгэл зүйгээ хэр бэлдсэн байгаагаас залуусын бэлтгэл сайн хангагдсаныг харлаа.
-Ахмад, залуу харваачдаас хэн олны сонирхлыг таттал мэргэн харвадаг бол?
-Ахмадуудаас Хэнтий аймгийн Батноров сумын харьяат, Монгол Улсын үлэмж дархан мэргэн Ж.Бүрнээ гуайн туршлага, авьяас, ур чадвар, мэдрэмж, ухаанаар маш их бахархсан. Тэрбээр өдгөө 80 насны босгыг хэдийн давсан хэрнээ залуучуудтай зэрэгцэж суугаад гурван өдөр шагай харвахдаа насандаа баймгүй тэвчээр гаргаж байлаа. Залуусаас Сэлэнгэ аймгийн Б.Саруултөгс сайн харвадаг. Тэрбээр саяхан аймгийн гоц мэргэн цол хүртсэн. Ахмадуудаа хүндэлдэг, олонтой нээлттэй харилцдаг зан чанар, биеэ зөв авч яваа байдал, онож байгаа сумных нь тусгал түүнийг улсын цолд ойрхон байгааг мэдрүүлдэг юм. Үндэсний спортоос сур, шагайн харвааны тэмцээн хэрүүл тэмцэлгүй, олны нүдэн дээр шударга болдог. Хэн мэргэн харваж, ононо тэр хүн түрүүлдэг шүү дээ. Тэр хэрээр тэмцээн ч өрсөлдөөнтэй.
-Та аймгийн гоц мэргэн цол хэрхэн хүртсэн тухайгаа сонирхуулаач?
-Өнгөрсөн жил Увс аймагт шагайн харвааны аймгийн АШТ болох тухай сонслоо. Улаанбаатарт ажиллаж, амьдардаг нутгийнхаа хоёр дүү, мөн “Засагт хан 21” клубийн харваач, аймгийн гоц мэргэн Ө.Мөнхбат, Д.Сумъяа, Б.Сансар-Од, Б.Цэвэгсүрэн нартай очиж, оролцоод түрүүлсэн. Энэ жилийнхэд багаараа хоёр төрөлд түрүүлж, хувийн цуваа харваанд мөнгөн медаль хүртсэнээр аймгийн гоц мэргэн цолны болзол хангалаа. Увс аймагт аварга шалгаруулах тэмцээн нээлттэй болдог тул Ховд, Баян-Өлгий аймгийн харваачид ирж өрсөлддөг.
-Үндэсний спортын тамирчид нэгнээ хүндэлж, өв соёлоосоо суралцдаг. Шагайн харваатай нөхөрлөснөөс хойш та дээлээр гоёдог болсон байх.
-Багш үндэсний дээлийг сайхан өмсөж, эдэлдэг. Ахмад харваач гэхэд нуруу цэх, харц тогтуун, намбалаг, бие хөнгөн, олонтой нийтэч, хөгжилтэй зантай. Би өмнө нь үндэсний дээлийг сонгуулийн санал өгөх, наадам, Цагаан сар, найр хуримын үед л өмсдөг байлаа. Шагайн харваатай нөхөрлөснөөс хойш жил бүр дээл урлуулдаг болсон. Шагайн харваачид нэгнийхээ эдлэл, хэрэглэлийг нь хараад түүгээр урлуулжээ гээд андахгүй танина. Хийморьтой, жавхаатай эрчүүдийн дунд суухдаа шагайн харвааны ямар л сайхан эд, хэрэглэл байна түүнийг эдлэхийг хүсдэг шүү.
-Харваачид шагай харваж суухад тэр өдрийн ажлын ачаалал, стрессийг мартаж, алжаал тайлдаг гэж ярьдаг юм билээ.
-Тийм ээ, үнэн. Шагай харвах тусам сэтгэл татагдаж, гайхамшгийг нь мэдрэн, өвөг дээдсийнхээ өвлүүлж үлдээсэн өв соёл, ухаанаар бахархдаг. Би одоогоор санхүүгийн нэг байгууллагад ажилладаг. Ажлынхаа хажуугаар зав гарган бэлтгэл хийж тэмцээнд оролцдог юм. Байгууллагын маань хамт олон ойлгож, сайн дэмждэг. Намайг ажлаас чөлөөлж, аймгийн болоод УАШТ-д оролцууллаа. Нөхөд минь ингэж дэмжих нь үндэсний өв соёлоо хүндэлж байгаагаас ялгаагүй. Шагай харваснаар нөхөрлөлдөө үнэнч, шударга байх занд суралцдаг. Мөн аливаа шийдвэр гаргахдаа олон талаас нь харьцуулан дүгнэх, зан чанарын хувьд хүлээцтэй, тайван болж төлөвших, амьдралд хандах хандлага ч өөрчлөгддөг юм билээ. Харваачид “Шагайн харвааг насаараа суралцсан ч дуусашгүй өв соёл” гэж ярьдаг юм. Тэдний үг ортой болохыг ойлгосон.
-Хэнтийд Хэрлэнбаян-Улаан, Хөдөө арал, Дорноговьд Луугар, Төв аймагт Бадын бөөр, Булганд Хангинахын шугуй, Улаанбаатарт Хонхор гэх зэрэг Монголын алдартай мэргэчүүдийн цугладаг олон тойром бий. Багийнхантайгаа оролцдог уу?
-Шагай харваачид тойром харваа хийх газраа сонгож, сайтар шинждэг юм билээ. Хоёр жилийн өмнө Төв аймгийн Баян-Өнжүүл сум дахь Сөдөтийн тойромд очиж оролцохдоо тойром харваа хэрхэн болдгийг харж, мэргэчүүдээс өв соёл, ёс уламжлалтай холбоотой зан үйлийн талаар мэдсэн. Шагайн харвааны тэмцээнээс илүү тойром сонирхолтой болдгийг анх харж билээ. Тэр тойром харваанаас хойш шаргуу хичээллэсэн. Энэ жил эхний харваа Хангинахын шугуйд, дараагийнх нь Баянсуудалын тойромд боллоо. Манай гэр бүл шинэ хүнээ өлгийдөж аваад удаагүй тул хараахан оролцож амжсангүй. Наадмын дараа Баянхонгор аймагт Их тойром, Дорноговьд Луугарын тойром харваатай, очиж оролцоно. Тойром харваа сайхан шүү дээ. Шагай харваачдын уухайн дууг сонсож суухад хийморь сэргэдэг юм. Майхан, гэр барих, хоол унд зэхэх, байгаль дэлхийтэй хэрхэн харьцахыг ахмадуудаасаа суралцаж, дэг жаяг, ёс заншлаа баримтална. Зуны дэлгэр цагт, байгалийн сайханд наадаж, нутаг нутгийн сонин, сайхныг олж харна. Тэр хэрээр танилтай болж, нөхөрлөлийн хүрээ тэлдэг. Ахмад харваачдын “Шагай харвахад муу бүрэн үргэн холдож, уухайнд байгаль дэлхий баясаж, хураа харамгүй хайрладаг” гэхийг нэг бус удаа сонссон. Тойром харваа болсон газар бороо заавал ордог.
-Наадмаар ямар насны морьдын уралдаан үзэх дуртай вэ?
-Нагац ахыг минь З.Баярсайхан гэдэг, аймгийн алдарт уяач. Хүүхэд байхдаа ахынхаа уясан хүлгүүдээс хязаалан насны морь унаж аймаг, сумын наадамд айрагдаж, түрүүлдэг байсан болохоор үзэх дуртай. Эхний хэдэн жил үрээ морь унасан бол сүүлдээ азарга, соёолон, их насны морь унадаг болсон. Миний хэдэн морь ахын адуунд бий. Түүний хүү морьдын маань уяа сойлгыг тааруулж уралдуулдаг. Наадмаар аймгийн алдарт уяач Э.Зориг найзынхаа галаар зочилдог. Тэрбээр улсын наадамд уясан хүлгүүдээ сойно. Хамаатан садны ах дүүст үндэсний бөх барилдаж, нутгийнхаа наадамд нэг бус удаа түрүүлж, шөвгөрсөн аймгийн арслан Т.Баярмагнай хэмээх хүн бий. Түүний аав Б.Түмэн-Өлзий аймгийн арслан цолтой, нутагтаа сайхан барилддаг, нэр хүндтэй бөх байлаа. Намайг шагай харвадаг болсноос хойш ах дүүсийн хүүхдүүдээс сонирхож эхэлж байна. Энэ ташрамд, Увс аймгийн зон олон, аав, ээж, ах дүүс, найз нөхөд, байгууллагынхаа удирдлага, хамт олонд Тулгар төрийн 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлье. Наадмын өдрүүдэд хуран цугласан олныг баясган цэнгүүлдэг шагайн харваачдын хараа нь хурц, оноо нь мэргэн, уухай нь цээл байх болтугай. Сайхан наадаарай.