Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад аялсан монгол иргэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авч, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах зэрэг зохисгүй үйлдлүүд гаргасан талаар тус улс дахь манай Элчин сайдын яамнаас мэдээлэв. Иргэдийн эдгээр үйлдэл нь нийт аялагчдын эрх ашиг, нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгааг онцолсон юм.
Тиймээс Элчин сайдын яамнаас хэд хэдэн зөвлөмж гаргасан байна. Тухайлбал, тус улсад энэ оны эхнээс бүх төрлийн электрон тамхи худалдах, хэрэглэхийг хориглосон тул хилээр гарахдаа ийм бүтээгдэхүүн авч явахгүй байхыг сануулжээ. Мөн гадаад паспортын хүчинтэй хугацааг сайтар нягталж, бичиг баримтаа үрэгдүүлж, эд зүйлээ хулгайд алдахаас сэрэмжлэхийг зөвлөв. Түүнчлэн хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх болон тэсрэх бодис, электрон тамхи, галт зэвсэг авч явахгүй байхыг анхаарууллаа. Олон улсын эрүүл мэндийн болон аяллын даатгалд зайлшгүй хамрагдах шаардлагатайг ч зөвлөмждөө тусгажээ.
Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр 30 хоногийн хугацаанд визгүй зорчихоор шийдвэрлэснийг өнгөрсөн оны гуравдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн юм. Үүнээс хойш манай улсаас тухайн орон руу явах иргэдийн тоо ч эрчимтэй нэмэгдэж буй аж.
А.Үүл