АНУ-аас багагүй хэмжээний мансууруулах бодис худалдан авч Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг олон улсын шуудан илгээмжийн компанийн энэ төрлийн үйлчилгээг ашиглан Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн Н.А гэх залууд НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ. Тэрбээр 2024 оны арванхоёрдугаар сарын 10-нд НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан мансууруулах бодисыг хилээр нэвтрүүлсэн аж. Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт түүнд холбогдох хэргийг шалгаж, Эрүүгийн хуулийн 20.7-3.3 дахь хэсгийн “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн” гэх заалтыг үндэслэн яллагдагчаар татсан байна. Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 224 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсний дотор мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах болон мөнгө угаах тус бүр дөрөв, хүрээлэн байгаа орчны эсрэг гурав, авлига албан тушаалын долоон хэрэг багтсан аж. Тэдгээрийн нэг нь дээрх хар тамхи хилээр нэвтрүүлсэн хэрэг юм.
Мөн гаалийн байцаагчийн авлигын хэргийг шүүхэд шилжүүлсэн аж. Тодруулбал, Гаалийн ерөнхий газрын харьяа “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын байцаагч Ц.Батболд албан тушаалаа урвуулж, 2024 оны тавдугаар сарын 29-нд П.Амардэлгэр гэх хүнд давуу байдал олгон биедээ их хэмжээний алт, монетон эдлэл нуусан байхад нь шалгалгүйгээр нэвтрүүлэхийг завдаад хууль сахиулагчдад баригдсан гэнэ. Өөрөөр хэлбэл, П.Амардэлгэрийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлүүлэхгүй байх зорилгоор гаалийн шалгалтгүйгээр хяналтын бүсээр нэвтрүүлсэн хэрэгт холбогдсон байна. НПГ-аас гаалийн байцаагч Ц.Батболдод Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсгийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн бол П.Амардэлгэрт 22.5-1-ийн нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн, 18.3-1 дэх хэсгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэх үндэслэлээр яллагдагчаар тооцон Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.