Тариалангийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, хөрс, уур амьсгалын онцлогт тохирсон ашигт таримлыг нутагшуулах, тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Атар-4” аяныг ирэх сарын 1-нээс эхлүүлэх шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаас гаргаж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа. Газар тариалан, мал аж ахуйн болон хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр тариалан эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх, хууль тогтоомжийн дагуу дэмжлэг үзүүлэхийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд даалгажээ.
Хөрс, ургамал хамгаалал, үр, сортын тогтолцооны шинэчлэл, тэжээлийн үйлдвэрлэл, кластер хоршоо, хадгалалт, борлуулалт, тээвэр, ложистик, инновац, техник, технологи, зөвлөх үйлчилгээ, хүний нөөц, эрсдэлийн менежмент, гадаад худалдаа зэрэг чиглэлийн үйл ажиллагааг аяны хүрээнд өрнүүлэх нь. Эдгээрийг багцлан “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгальд ээлтэй тариалангийн үйлдвэрлэл”, “Бүсчилсэн хөгжил”, “Үйлдвэрлэл, үнэ цэний сүлжээ”, “Инновац, технологи”, “Эрсдэлийн тогтолцоо, гадаад худалдаа” зэрэг таван зорилтын хүрээнд 60 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.