Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр Д.Бауыржан, А.Гылымхан тэргүүтэй 14 хүнд холбогдох хэргийг тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцлээ. Тус шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй хэлэлцсэн хурлаас ял шийтгүүлсэн 10 хүн, тэдний өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхээс оноосон торгох ялыг хэвээр нь үлдээлээ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны есдүгээр сард хэлэлцэн шийдвэрлэсэн юм.
Баян-Өлгий аймгийн уул ус, газар нутгийн нэрийг өөрчилж казахаар нэрлэх болсон гэх хэрэгт 2016 оноос хойш Баян-Өлгий аймгийн ИТХ-ын болон Засаг даргаар ажиллаж байсан Д.Бауыржан, 2016-2020 онд Баян-Өлгий аймгийн Засаг дарга байсан, АТҮТ-ийн дэд дарга зэрэг албан тушаал хашсан А.Гылымхан, тус аймгийн Засаг даргын нийгэм, эдийн засгийн салбар хариуцсан орлогч А.Камелият, 2016-2020 онд ИТХ-ын нарийн бичгийн дарга асан А.Серикболат, Улаанхус сумын Засаг дарга О.Нурлан, Ногооннуур сумын Засаг дарга К.Хуаныш, Сагсай сумын Засаг дарга С.Хонаев, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга К.Бекжан, Хууль, эрхзүйн хэлтсийн дарга Ө.Хуралай, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Болат, Улсын бүртгэлийн газрын дарга С.Арман, ИТХ-ын ажлын албаны эрх зүйн ажилтан Т.Аршагүль, Цэнгэл сумын Засаг дарга Д.Ербол, Цагааннуур тосгоны захирагч Д.Есболат гэсэн 14 хүнийг яллагдагчаар татсан. Тэднээс 10 хүнийг нь Эрүүгийн хуулийн 19.16-1 дэх хэсгийн “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хилийн цэс, газар орны нэрийг хууль бусаар албан ёсны баримт бичиг, газар зүйн зурагт өөрчилсөн” хэрэгт гэм буруутайд тооцсон юм. Өөрөөр хэлбэл, ял шийтгүүлсэн 10 хүн Улаанхус, Дэлүүн, Сагсай сумд шинээр баг байгуулахдаа улсын бүртгэлд казах нэрээр оруулсан хэмээн буруутгагдсан байдаг. Тодруулбал, Д.Бауыржан, А.Гылымхан, А.Камелият нарыг 14 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, нийтийн албанд ажиллах эрхийг нь таван жил хассан билээ. Харин А.Серикболат, С.Арман, О.Нурлан, К.Хуаныш, С.Хонаев, К.Бекжан нарыг 10 сая, Д.Болатыг таван сая төгрөгөөр торгох ял оноосон. Т.Аршагүль, Д.Ербол, Д.Есболат, Ө.Хуралай нарын холбогдсон үйлдлийг гэмт хэргийн шинжгүй хэмээн цагаатгасан юм.
Г.Орчлон