Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан ирэх хавар 10 мянган тн мах бэлтгэж нөөцлөн, гуравдугаар сарын 20-ноос худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар эл асуудлыг хэлэлцээд, нөөцийн махны нийлүүлэлт, түгээлт, борлуулалт, чанар, аюулгүй байдалд хяналт тавихыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Мөн хүнсний гол нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ, хангамж, нийлүүлэлтийн зохиомол хомсдол, үнийн хөөрөгдөл үүсэхээс урьдчилан сэргийлэх, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагааг таслан зогсоох чиглэлээр шуурхай арга хэмжээ авахыг Монополын эсрэг газрынханд даалгав.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхнаас авсан мэдээллээр нийслэлд мах нөөцөлж бэлтгэх ажлыг өнгөрсөн намраас эхлүүлсэн байна. Үүний хүрээнд мах бэлтгэн нийлүүлэх сонгон шалгаруулалт зарлаж, зургаан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулжээ. Тухайлбал, “Чойбалсан групп”, ХКҮ, “Мах импекс”, “Жаргалант мах импекс”, “Стандарт мах” компани сонгон шалгаруулалтад тэнцэж, мах нөөцлөх ажлаа хэдийн эхлүүлээд буй аж. Харин сонгон шалгаруулалтад тэнцсэн өөр нэгэн компани болох “Булган мах маркет”-ынхан одоогоор ажлаа хараахан эхлээгүй гэнэ.
М.Оч