“Датаг хугацаагүй болгох нэгдэл”-ээс өчигдөр ШӨХТГ-т гомдол гаргалаа. Тодруулбал, интернэт датаг хугацаагаар хязгаарлаж, хэрэглэгчийг ашиглаж дуусаагүй байхад нь хүчингүй болгож буй нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэв. Энэ талаар 2023 оны гуравдугаар сард үүрэн холбооны компаниудад шаардлага хүргүүлж, Монополын эсрэг газарт гомдол гаргасан. Гэвч одоог хүртэл тодорхой хариу ирүүлээгүй тул дахин гомдол гаргаж буй гэнэ.
“Бараа материалыг хэрэглэгч худалдан авсан тохиолдолд захиран зарцуулах, бэлэглэх, хадгалах эрх үүсдэг. Одоогийн байдлаар Монгол Улсад нийт хүн амын 80 гаруй хувь нь интернэтийг тогтмол хэрэглэж байна. Бид өдөр тутам датаг худалдан авахдаа ч зохих төлбөрийг бүрэн төлдөг. Гэтэл цаанаас заасан хугацаанд хэрэглэж амжаагүй атал дуусчхаж байгаа нь интернэт ашиглаж буй нийт хүнийг хохироодог юм. Хэрэглэгчдийн өмчлөх эрхэд халдаж байна” гэж тус нэгдлийн тэргүүн Ч.Үүрийнцолмон байр сууриа илэрхийлж мэдээлэл хийсэн юм.
А.Дөлгөөнзул