УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Үндэсний бүтээмжийн хороо зэрэг холбогдох байгууллагын үйл ажиллагаатай танилцаж байна. Энэ үеэр тэрбээр хувийн телевизүүдэд улсаас татаас олгоод байгааг “илрүүлжээ”. “Радио, телевизийн үндэсний сүлжээ байх хэрэгтэй. Гэхдээ яагаад хувийн 16 телевизийн нэвтрүүлгийг орон даяар төлбөргүй түгээж, зардлыг нийтийн төсвөөс даах ёстой билээ” гэж тэрбээр цахим орчинд бичсэн байв.
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 20.1-т төрөөс өргөн нэвтрүүлгийн хөгжлийг дэмжих, радио, телевизийн үндэсний бүтээл үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангаар дамжуулан телевизүүдэд дэмжлэг үзүүлэхээр заасан байдаг. “Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг алслагдсан, сүлжээ хүрээгүй газрын ард иргэдэд хүртээмжтэй хүргэх, үйлдвэрлэхэд өртөг өндөр, үндэсний түүх, соёл, уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэх, өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн бүтээл үйлдвэрлэлийг дэмжих” зорилгоор телевизүүдэд дэмжлэг олгохоор дээрх сангийн журамд заасан байна. Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх санг улсын төсвөөс санхүүжүүлдэг бөгөөд энэ онд хоёр тэрбум төгрөг хуваарилсан байгаа юм. Энэ нь Засгийн газрын тусгай сангуудын нэг. Улсын төсөв буюу татвар төлөгчдийн мөнгөөр хувийн телевизүүдийг ийнхүү санхүүжүүлэх ёсгүй гэсэн гишүүн Ж.Золжаргалын байр суурийг олон иргэн дэмжиж буйгаа цахим орчинд илэрхийлсэн байв.
“Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн холбогдох заалтууд нь Үндсэн хууль зөрчсөн” гэх асуудлаар нэр бүхий иргэд өнгөрсөн онд Цэцэд хандаж байв. Тухайлбал, IPTV үйлчилгээ эрхлэгчдээр дамжуулан Монголын телевизүүдийн холбооны гишүүн телевизүүдэд сар бүр 2500 төгрөгийн хураамж төлдөг нь Үндсэн хууль зөрчсөн гэж мэдээлэл гаргаснаа иргэд тухайн үед хэлж байсан билээ. Гэхдээ УИХ-ын бүрэн эрхэд хамаарах асуудал гэсэн шалтгаанаар Үндсэн хуулийн цэц хэлэлцээгүй юм.
Дээрх хуулийн дагуу телевизүүдийг төрөөс дэмжиж, иргэдийн халааснаас хүртэл хүчээр мөнгө авч өгдөг атал хэвлэл мэдээллийн бусад хэрэгслийг огт хайхрахгүй байгааг олон нийт шүүмжлэх болсон. Тухайлбал, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 12.1.3-т зааснаар төрийн байгууллагууд хэвлэл захиалахыг хориглосон. Тэгсэн атлаа телевизүүдийг давхар давхар санхүүжүүлж, дэмжиж байгаагийн цаана эрх баригчид суртал нэвтрүүлгээ ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олон нийтэд хүргэх санаархал байдаг гэх хардлага ч бий. Ялангуяа сонгуулийн үеэр телевизүүдийг ашиглахад амар болдог гэнэ.
М.Оч