Их эрдэмтэн, зохиолч, нэрт сэтгүүлч Л.Түдэвийн 90 насны ойд
Эгэл жирийн атлаа эрхэмсэг сайхнаар оршихуйн учрыг эх орон, ард түмэндээ утга төгөлдөр амьдрал, үйл ажиллагаагаараа төгс төгөлдөр үлгэрлэн харуулж, гүнээ ухамсарлуулсан аугаа их ухаантан Монгол эх оронд минь хэзээ ч давтагдашгүйгээр заяагдсан юм. Тэр бол Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, ХХ зууны манлай сэтгүүлч, төр, нийгмийн гарамгай зүтгэлтэн, сод мэргэн соён гэгээрүүлэгч, доктор, профессор Лодонгийн Түдэв багш минь билээ.
Багш 1956 онд УДБС төгсөөд, төрөлх Говь-Алтай аймгийн төвийн 10 жилийн сургуульд орос хэлний багшаар томилогдож ирэхдээ 20 гаруйхан настай, хонгор зүстэй байлаа. Тэгэхэд бид тойргийн сумуудын долоон жилийн сургуулиудыг төгсөөд, Алтай хотын ганц 10 жилийн сургуульд ирсэн охид, хөвгүүд байв. Орос хэл огт мэдэхгүй болхи, молхи бид багшийгаа тун ч их зовоож, хэлж бичүүлсэн (цээж бичиг) орос өгүүлбэрээсээ “нэг алдаа”, “хоёр алдаа”, “гурван алдаа” гэж тоолуулдаг байсан. Тэр хүүхдүүдийн нэг нь би билээ.
Хожуухан Б.Ринчен гуайн орос хэлний өөрөө сурах гурван номоос судалж, Москвад Комсомолын дээд сургуульд нэг жил суралцан, хэлний бэлтгэлээ ахиулан төгсөж ирээд, Архангай аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд удирдах ажил хийсэн он жилүүддээ би багшийнхаа аугаа их мэдлэгийг биширч, сод мэргэн, цэцэн цэлмэг соён гэгээрүүлэгч, үлгэрлэн манлайлагч, зангаргатай, чадвартай нь хэтийдсэн удирдагч болохыг сайтар ойлгож мэдэрсэн юм.
Л.Түдэв дарга 1976 оны наймдугаар сард Архангай аймагт ажлаар ирэхэд нь тосож угтан, Ихтамирын сум-нэгдлийн дарга, Хөдөлмөрийн баатар Р.Минжүүр гуайтай уулзахаар явахад нь би дагалдаж байлаа. Цагаан идээний үйлдвэрийн өмнө баатартай уулзаж, хөөрөлдөхөд багш минь дуу хураагч ажиллуулж, тэмдэглэл огт хөтлөөгүй, зөвхөн сонсон, асууж тодруулаад л байв. Гэтэл хоёр өдрийн дараа “Залуучуудын үнэн” сонинд Монголын хувьсгалт залуучуудын эвлэл (МХЗЭ)-ийн Төв хорооны I нарийн бичгийн дарга Л.Түдэвийн бичсэн “Манай залуучууд юу хүсэж байна вэ” гэсэн гарчигтай томоохон нийтлэл гарсан. Тэнд Р.Минжүүр баатрын ярьсан зүйлийг тэр чигээр нь хашилтад оруулсан байхад нь би бүр алмайрч, энэ хүний толгойд хүний яриа, бичиг, соёлын зүйлүүд тэр чигтээ, үг, үсэг хаягдахгүй тогтоогддогийг нь мэдэж, биширч билээ.
Л.Түдэв багшийн МХЗЭ-ийн Төв хорооны I нарийн бичгийн даргаар ажилласан 10-аад жилд залуус ахмад үеийн хувьсгалт, дайчин, хөдөлмөрч уламжлалаар хүмүүжүүлэх уриа дуудлагадаа чин үнэнч зүтгэцгээж, настнуудаас суралцахад чиглэсэн олон хэлбэрийн ажил зохион явуулдаг байв. Түүнчлэн залуусыг загас, зөгий, гахай, тахиа үржүүлэх, цэцэгжүүлэх мэдлэг, арга барилд сургаж, амьдрах ухаанд бэлтгэх алсын хараатай, олон төрлийн ажил, арга хэмжээг ХЗЭ-ийн байгууллагуудын хэмжээнд идэвхтэй зохион явуулсан. Ингэснээр хүүхэд, залуучуудын нийгэм-соёл, улс төр, хөдөлмөрийн идэвхийг эрч далайцтай өрнүүлдэг байлаа. Тухайн үед залуучуудын байгууллага олон зуун залуусын хувь заяаг зөв шийдсэнээр тэдний минь ажил, амьдралын гэгээн зам мөр өөдрөг сайхан болсон түүхтэй. Хийж бүтээх гал цогтой, оргилуун насанд нь залуустаа урам хайрлан алдаршуулж, тэдний үлгэр жишээгээр бусдыг ухааруулан хүмүүжүүлж, бүтээлчээр хөдөлмөрлүүлэх нь маш чухал гэдгийг Л.Түдэв багш гүнээ ухамсарлан ойлгож, хэрэгжүүлдэг байсан. Энэ нь тэр үеийн залуучуудын байгууллагын нүсэр олон талт үйл ажиллагааны үр дүн, амжилтаар нотлогддог байв.
1978 онд МХЗЭ-ийн XVII их хурлаар хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбараас ажил, үйлсээрээ шалгарсан, Хэнтий аймгийн Биндэр сумын саальчин, улсын аварга малчин, 22-хон настай С.Аюуш, Завханы Сонгино сумын хоньчин, улсын аварга малчин Ц.Намхайнямбуу, Дархан хотын Техник туслалцааны барилга трестийн барилгачин Г.Тэгшжав, Улаанбаатарын савхин эдлэлийн үйлдвэрлэлийн оёдолчин Н.Цэнд-Аюуш нар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар болсон юм. Зөвхөн нэг их хурлаараа дөрвөн баатар төрүүлсэн нь маш онцгой үйл явдал байв. Төр засгаас тэр үеийн залуучуудын байгууллага, залуусын ажил, хөдөлмөрийг ямар өндөр үнэлж байсны тод илрэл нь ийм. МХЗЭ-ээс төрсөн баатрууд нь тэр үеийн залуусын бахархан дуурайх хүмүүс болцгоосон. Ардчиллын анхны жилүүдэд хоньчин баатар Ц.Намхайнямбуу УИХ-ын гишүүнээр сонгогдон, төр түшилцсэн анхны малчин хүн болж байлаа.
Би энэхүү дурсамжаараа МХЗЭ-ийн ажил үйлсийг бүхэлд нь биш, 1970-1980-аад оны зурвас үеийнхээс нь цухасхан онцолж буй юм. Тэр үеийн эвлэлийн ажилтнууд, залуучууд улс ардын аж ахуй, соёлын аль ч салбарт ажиллахдаа нийгмийн харилцаанд гүнзгий орж, бүтээн байгуулалтын түүчээ нь болж байлаа. Чухамхүү энэ байгууллага, залуусын зүрх, сэтгэлийг эзэмдсэн гарамгай удирдагч, зохион байгуулагч, үзэл санааны яндашгүй ундарга, эх булаг, тэтгэн гэгээрүүлэгч нь доктор, профессор Л.Түдэв багш байв. Тэр үеийн эвлэлийнхэнд оролцохгүй ажил, чадахгүй зүйл гэж байгаагүй. Бас залуучуудын байгууллагад ажилласан хүний гар нь ганзаганд, хөл нь дөрөөнд хэнээс ч түрүүнд хүрч, хишиг буяныг нь хүртдэг, хожим нь гэгээн дурсамж болон үлддэг байсан юм даа. Хэдийгээр нийгмийн тогтолцоо нь гажуудалтай, мухардмал ч гэсэн системээрээ нэгэн дуугаар ажиллаж чаддаг, захирах, захирагдах ёс, жудаг, хүн хүнээ хайрлах энэрэнгүй үзэл нийгмийн амьдралд бат суусан, олон нийтийн байгууллагын үйл ажиллагаа, нэр хүнд ч өндөр байсан сан.
Монголын нийгмийн 1980, 1990-ээд оны өөрчлөн байгуулалт, ил тод байдал, улмаар хүн төрөлхтний нийтлэг зам голдирол болох ардчилал, зах зээлийн зам руу шилжих өөрчлөлт шинэчлэлийн уриа дуудлага, үзэл санаа, сэтгэл зүй, ухамсрын сэргэлтийг буй болгоход Л.Түдэв багшийн минь эрхлэгчээр нь ажиллаж байсан “Үнэн” сонин онцгой үүрэг гүйцэтгэсэн билээ. Нийгэмд бугшсан олон асуудал, эх орон, газар нутгийн эгзэгтэй том сэдвүүдийг хөндсөн, шилдэг сэтгүүлчдийн нийтлэлүүд түмэн олныг сэртхийлгэж байсан. Үнэн юм ганц л байдаг шиг манай оронд өрнөсөн өнөөгийн ардчиллын салхийг “Үнэн” сонин хагалсан гэдэгтэй олон хүн санал нийлэх байх аа.
Ардчилсан хувьсгалын дараа буюу 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан. 1993 онд Ерөнхийлөгчийн сонгууль болоход МАН-аас нэр дэвшигч нь Лодонгийн Түдэв байлаа. Багш сонгуулийн сурталчилгааны үеэр Дарханд ирж, иргэдтэй уулзахад миний бие дэмжиж үг хэлэх санаатай урьд эгнээнд сууж байсан нь саяхан мэт санагдана. Багшийнхаа мөрийн хөтөлбөрийг сонсоод, үг хэлэхдээ “Даль жигүүр нь ургаж бөхжөөгүй дэгдээхэйгээ нисгэж сургахаар тэмүүлэгч ангир шувуу шиг, үзгийн иш барилцаж хүрэлцээгүй булбарай хуруутай бяцхан үрсдээ үсэг ацаглуулж сургахаар утгагүй оролдож суугаа багш хүнийг хараад баярлахгүй хэн байх сан билээ” гэхэд багш сүрхий алга ташиж харагдсан. Энэ нь багшийн Монголын багш нарын IV их хурлын үеэр хэлсэн үгийнх нь эхлэл бөгөөд миний цээжинд хадагдаж үлдсэн байв. Сонгуулийн сурталчилгааны үед багш минь чүдэнзний хайрцгийн нүүрэн чинээ хэмжээтэй жижиг фото зургийнхаа ард талд “Эх орон танаа” гэдэг яруу сайхан шүлгээ бичиж зон олондоо дурсгасан билээ.
Багш минь сургууль, боловсролын байгууллага, сонин хэвлэл, утга зохиолын газар, залуучуудын байгууллагад он удаан жил, 20-иодхон настайгаасаа 85 хүртлээ тасралтгүй ажиллаж, суралцсан. Ингэхдээ асар олон ном, зохиол туурвиж, далай баян оюун ухаан, ухамсарт амьдралаа эх орон, ард түмэндээ бүрнээ зориулсан юм. Түүнийхээ үр дүнд төр засгийнхаа болон гадаадын олон орны хамаг дээд шагналыг хүртсэн, дэлхийд данстай, эгнэшгүй алдар цуутай гавьяатан.
Миний хэлэх гэсэн гол санаа энэ дурсамжийн гарчгаас ойлгогдох байх. Монголын алдарт аугаа их хүн Лодонгийн Түдэвийг “Нобель хүртээгүй суут сод ухаантан” гэж зүгээр нэг хэлдэггүй. XX, XXI зууны тодорхой мөчлөгүүдэд бүтээсэн асар их туурвилаараа Монголд томдож, дэлхийд тоогдож данслагдсан алдар цуутай хүн учраас ийнхүү үнэлэгддэг. Энэ үгийг зөвхөн молхи би ганцаар хэлж байгаа юм биш ээ. Төрийн шагналт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, нэр цуутай яруу найрагч О.Дашбалбар агсан Л.Түдэв багшид энэ хүндтэй шагналыг хүртээлгэх гэж 1990-ээд оны эхээр чамгүй зүтгэсэн. Гэвч зарим нэгэн ойворгон, сэтгэл муутан этгээд хойноос нь угаадас цацсан (багшийн хэлснээр)-аар уг зүтгэлийг бөхөөсөн юм даг.
Уран бүтээлийн онцлог, чанар чансаа, төрөл зүйл, тухайн орны болон олон улсын нийгэм, соёлын амьдралд оруулсан хувь нэмрийг голчлон харгалздаг үндсэн шаардлагад нь нийцэх, дэлхийн хэмжээний хүн бол яах аргагүй Л.Түдэв багш байсан. Харин багшийг тэнгэрт дэвшсэн жил 2020 онд Нобелийн шагнал эрхэлдэг байгууллага нь Монгол Улсаас утга зохиолын шагналд нэг хүн нэр дэвшүүлэх санал ирүүлсэн байдаг. Тухайн үед шинжлэх ухааны байгууллагынхан утга зохиолын философич, зохиолч, яруу найрагч, “Болор цом”-ын эзэн Д.Урианхайг дэвшүүлэх талаар сүрхий хөөцөлдсөн ч сураг тасарсан.
Л.Түдэв багш 15 настайгаасаа буюу 1950 оноос уран зохиол бичиж эхлэн, улмаар роман, тууж, өгүүллэг, шүлэг, найруулал, эсээ, шүүмж, нийтлэл зэрэг 1000 хол давсан бүтээл туурвижээ. Зохиол бүтээлүүдийнх нь 40 боть номыг таван тивийн олон улс, үндэстэн, төрөлх хэлээрээ хөрвүүлэн, хүүхэд, залуу үеэ хүмүүжүүлж, хорвоо ертөнцийг танин мэдүүлж байдгийг нь түүний орь залуудаа туурвисан “Хорвоотой танилцсан түүх” болон бусад олон бүтээлээс харж болно. Багшийн бүтээлүүдээр гадаадад 25 ном орчуулагдан хэвлэгджээ. 2005 онд Олон улсын намтар судлалын хүрээлэнгээс шалгаруулсан дэлхийн 100 шилдэг зохиолчийн нэг болж “Амжилтын оргил” шагналыг Л.Түдэв багш минь хүртсэн билээ.
Энэ аугаа их хүн өөрийнхөө тухай огт бичдэггүй, харин хүн ардынхаа тусын тулд яндашгүй их авьяас билиг, оюун ухаан, цуцашгүй нөр их хөдөлмөрөө зориулж ирсэн. Харин хорвоогийн мөнх бусын жамаар насан эцэслэхийн өмнөхөн гурав гурваар багцалсан 12 гарчиг бүхий “Үүлэн чөлөөний наран дор” томоохон нийтлэлдээ өөрийнхөө хаана, хэзээ төрсөн, ажилласныг болон туурвисан бүтээл, түүхэн замнал, алдар хүнд, гавьяа шагнал, аав, ээж, авгай, хүүхэд, хобби-гурван цуглуулгаа (янз бүрийн чулууны, бяцхан номын, үйсэн бөглөөний) хүртэл бичсэн. Бүхий л ажил, амьдралынхаа гайхамшигт зам мөрийг зориуд гурамсан байдлаар илэрхийлсэн нь сонирхолтой бөгөөд гайхамшигтай.
Багш минь Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа уран бүтээлийнхээ алдагдсан цагаа нөхөхөөр шуударч, Монголын анхны зөгнөл, мөрөөдлийн “Дал” сониныг санаачилсан. Ингэхдээ хэдэн хүний ажлыг бараг ганцаараа хийж, сониныхоо бүх материалыг бэлтгэн, эцэж цуцашгүйгээр 20-иод жил ажилласны дараа дотнын нөхөртөө (Н.Бөхдамбий) “Ах нь удахгүй үзгээ тавина” гэж хэлж байж. Ийнхүү үзгээ түшээд тэнгэрт хальсан, аугаа их хүн, даанч харамсалтай.
“Дал” сонин бол цэцэг билигт оюун сэтгэлгээний нэвтэрхий толь” гэж ахмад сэтгүүлч, Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Цэвлээ гуай тодорхойлсон нь онож хэлсэн, үнэн үг билээ. Энэ том сонинд “Өчигдөр”, “Өнөөдөр”, “Маргааш”, “Нөгөөдөр”, “Зөгнөл”, “Мөрөөдөл” зэрэг булан нээж, яндашгүй их мэдлэг, оюун ухааныхаа арвин их сангаас “цутгаж” байв. Хүмүүсийн сэтгэл санааг эзэмдсэн маш олон содон, эрт, эдүгээ, ирээдүйн сонирхолтой зүйлүүдийг нийтэлж байсан нь гайхаад баршгүй билгүүн их авьяас чадвартай хүн болохыг нь нотолно. Зон олныхоо танин мэдэхгүйг хөгжүүлж, соён гэгээрүүлж ирсэн “Дал” сонинд ирээдүйд тайлагдаж, шинжлэх ухааны нээлт болох, судлаач нар хэргэм зэрэг хамгаалахад хэрэгтэй бэлэн материал, хэрэглэгдэхүүн болох олон зүйл бий гэж мунхаглана.
“Үнэн” сонины дараагийн ерөнхий эрхлэгч Ц.Ганбат хуучин эрхлэгчдээ хандан “Долоо хоногт нэг удаа ч гэсэн далан долоон үг дэлгэдэггүй юм гэхэд долоон үг хэлж өгч байгаач” гэж хүсжээ. Тэр үед Л.Түдэв багш долоо хоногт нэг удаа сониноороо ирдэг байж. Тэгтэл багш “Одоогийн нийгэмд нэг хэсэг нь үг даадаггүй, нөгөө хэсэг нь үг авдаггүй болчихсон юм даа. Олон таван үгийн хэрэг байна уу даа” гэж хэлээд, “77 үг биш, долоон үг өч байя. Харин өргөстэй үгнүүд хэлж магадгүй. Өргөсийг сугалан авдаг ёстой. Тэгэхгүй бол баална шүү” гэж. Ингээд “Үнэн” сонинд “Доктор Түдэвийн долоон үг” булан нээгдэж, 2007 оны эхний зургаан сарын турш, “Сэтгэлд шигсэн өргөснүүд”, “Уушгинд уугьсан утаа”, “Хогондоо хордох хорвоо”, “Тоонотоо тонодог тонуулчид”, “Алганд ассан авлига”, “Цэцэрхэвч цэгцэлдэггүй цэц”, “Засдаггүй, займчуулдаг засаглал”, “Шүүрхийлдэг, шүүсэлдэг шүүх”, “Сонгууль, сонжворын согог”, “Хуйлаастай, хуулбар хуулиуд” зэрэг түүний бичсэн 24 өгүүлэл нийтлэгдэж, нийгмийн бузар булай бүхнийг уудлан илчилсэн нь одоо ч ач холбогдолтой хэвээр байна.
Хүн ам цөөн, хийж бүтээх зүйл асар их тул “Монголын нэг хүн гурван хүний үүрэг гүйцэтгэх, оюун сэтгэлгээний тэнхээтэй байх”-ыг эвлэлийн ажилтан бидэнд сануулж, зөвлөхийг нь чих тавин сонсож, алмайрч байсан билээ, бид. Багш минь энэ аугаа их, өмнө нь хэн ч хэлээгүй үгийнхээ биелэлтийг үнэнхүү үлгэр дуурайлтай, бахархалтайгаар үзүүлж чадсан билээ. Шударга ёс ялан дийлсэн, хөгжин цэцэглэсэн Монгол эх орон, ард түмнийхээ төлөө цагийн механизм, зүрхний цохилттой уралдан, насан эцэслэх хүртлээ зон олныхоо оюун ухаан, ухамсар, сэтгэлгээг манлайлагч, үлгэрлэн дагуулагч нь байж чадсан. Яндашгүй далай баян оюуны сэтгэлгээнийхээ ундаргаас эх орон, ард түмэн рүүгээ юүлэн цутгаж цатгаад, бас ирээдүйг зөгнөн, явах зам чигийг ариутган гэрэлтүүлж өгсөн билээ.
ХХ, XXI зууны хүн төрөлхтний оюун сэтгэлгээний манлайлагчдын нэгээр тодорсон суут сод мэргэн цэцэн билигт соён гэгээрүүлэгч аугаа их хүмүүн таны сүндэрлүүлэн бүтээсэн номын цагаан өргөөний, номон эрдэнийн суваргуудын гэрэл гэрээ зон олны минь сүлд хийморь болж, мэлмийг нээн, өлмийг бат оршоож, үеийн үе, үрийн үрд мөнхөд гэрэлтүүлэн гийгүүлж байх болтугай.
О.Ажигцэрэн
Гавьяат багш