Монголын волейболын холбоо “Үндэсний дээд лиг”-ийн тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Гурван сар үргэлжилсэн энэ удаагийн лигт “тоос өргөсөн” эрэгтэйчүүдийн багаас хагас шигшээд “Хасу мегастарс”, “SG hawks”, “Төв миг”, “Натур бакс” клубийнхэн шалгарч, тэмцээнээ үргэлжлүүлэв. Тэдгээрээс “Хасу мегастарс”-ын тоглогчид улирлын шигшээ гурван тэмцээнд дараалж 17 хожсон юм. Тэд авхаалж самбаа, хичээл зүтгэл, эв нэгдлийг харуулан гайхалтай тоглолтуудаараа хөгжөөн дэмжигчдээ баярлуулж, финалын шатанд нэг ч хожигдолгүйгээр алтан цом өргөх багаар тодорлоо. Тэдэнтэй аваргын төлөө “Төв миг” багийнхан ана мана өрсөлдсөн ч шийдвэрлэх тоглолтод 25-22, 25-19, 25-14-ийн харилцаатай хожигдож, мөнгөн медаль хүртсэн. Онцлох цуврал тоглолтод ширүүхэн өрсөлдөөн үзүүлсэн “SG hawks”-ынхан “Төв миг” клубийнхэнд ялагдсан ч “Натур бакс”-ынхантай хүрэл медалийн төлөө тоглож ялсан юм.
Тэгвэл эмэгтэйчүүдээс “Ховд ижил Алтай торгууд”-ынхан улирлын турш учраа таарсан багууддаа амаргүй өрсөлдөгч байсан “Улаанбаатар финикс” клубийнхэнтэй аваргын төлөө өрсөлдсөн. Тэд цувралын харьцааг 1:1 болгон тэнцүүлэв. Хоёр баг таван үеийн турш хүч шавхсан хүндхэн тоглолт өрнүүлж, үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлэн тэмцээнийг улам сонирхолтой болгож байлаа. Аваргын төлөөх цуврал хоёр дахь тоглолтод “Улаанбаатар финикс”-ийнхэн өрсөлдөгчөө 3:2, гурав дахь тоглолтод 3:0-ээр (27:25, 25:21,25:20) буулган авснаар алтан медалийн эзэн боллоо.