УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооноос “Эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Түүнчлэн энэ сарын 31-нд Төрийн ордонд “Зуух, түлшний технологийн шийдэл” сэдэвт уулзалт хийхээр төлөвлөжээ. Ирэх сард товлосон ерөнхий хяналтын сонсголыг угтан эдгээр хэлэлцүүлгийг зохион байгуулж буй юм.
Үүний хүрээнд үндсэн дөрвөн илтгэл хэлэлцүүллээ. Хамгийн эхэнд Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж агаар, орчны бохирдлыг бууруулахад зарцуулсан санхүүжилтийн талаар мэдээлэл өгөв. Тэрбээр “Төсвийн бодлого, төлөвлөлт талаас нь харахад 2018 оноос эдийн засгийн ангилалд агаарын бохирдлыг тусгайлан авч үзсэн. Өмнө нь Байгаль орчны яамныхан хүрээлэн буй орчны бохирдол гэсэн ерөнхий агуулгад хамруулж байжээ. Улсын төсөвт агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор 2018-2025 онд 336.1 тэрбум төгрөг тусгасан. Үүнээс 82.2 хувь буюу 276.3 тэрбум төгрөгийг нь зарцуулсан. Харин Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад 2020 онд 41.6, 2022 онд 34.8, өнгөрсөн жил 54.7 тэрбум төгрөг төсөвлөжээ. Цэвэр агаар сангаас 111.9 тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн гэр хорооллын айл өрхийн цахилгааны төлбөрийн хөнгөлөлтөд 2017 онд анх 119 мянган өрх хамрагджээ. Харин өнгөрсөн онд энэ тоо 176 мянгад хүрсэн. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн жил л гэхэд 35.8 тэрбум төгрөг зарцуулсан байна. Гадаадын зээл, тусламжийн санхүүжилтээр 2004-2024 онд агаарын бохирдлыг бууруулахад 97.9 тэрбум төгрөг зарцуулсан” гэв.
Агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан хөрөнгө, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа “Ус, цаг уур, орчны хяналт, шинжилгээний, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, Агаарын болон Агаарын бохирдлын тухай хуулиар энэ төрлийн асуудлыг зохицуулж буй. 2017-2024 онд агаар, орчны бохирдлыг бууруулахад улсын төсвөөс 340.4 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээс 275.1 тэрбум төгрөгийг нь зарцуулжээ. Агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын бүсэд амьдардаг иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгогдох зээлийг “Хас”, ХААН, Төрийн банктай хамтран хэрэгжүүлэхэд 46 тэрбум төгрөг зарцуулсан. Угаарын хийн хордлогоос сэргийлэх, олон нийтийн нөлөөллийн ажилд 36.1 тэрбум төгрөг зарцуулсан байна” гэв.
Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах тухай хуультай болох, ногоон зээл олгох эх үүсвэрийг шийдвэрлэх, яндангүй бүсийн хилийг тогтоож, үүнтэй холбогдох журам батлах, хатуу түлш, барьцалдуулагч, агаарын чанар, дулаалгын стандартыг шинэчлэх зэрэг ажлыг энэ онд хийхээр төлөвлөж буй аж. Эдгээрийг хэрэгжүүлэхийн тулд хатуу түлшний хэрэглээг бууруулах, айл өрхийн дулааны алдагдлыг багасгах, стандартын шаардлага хангасан, давхар шаталтат зуухаар хангах, гэр хорооллын халаалтыг цахилгаан, хийн хангамжид шилжүүлэх гэнэ. Харин авто тээврээс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулахын тулд ирэх аравдугаар сарын 1 гэхэд нийтийн тээврийн хэрэгслийг цахилгаан болон хийн түлшинд бүрэн шилжүүлэхээр зорьж буй аж. Мөн агаар, орчны бохирдлыг бууруулах тоног төхөөрөмж, арга техникийг танилцуулах үзэсгэлэнгийн төвтэй болох гэнэ.
Эрчим хүчний яамныхан Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2017-2019 онд улсын төсвөөс 86.4 тэрбум төгрөг зарцуулсан. Үүний дүнд Улаанбаатар хотын 42 мянган айл өрхийн дулааныг цахилгаан халаагуураар шийдсэн” хэмээн танилцуулав.
Энэ удаагийн хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар удирдсан юм. Тэрбээр агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудтай танилцаад “Бодлого боловсруулах ёстой яам нь яагаад гүйцэтгэх байгууллагын ажлыг өнгөрсөн хугацаанд хийсэн юм бэ гэдэг нь сонин санагдлаа. Жишээлбэл, шахмал түлшний түгээлтийг БОАЖЯ хариуцаж байж. Гэтэл бодлогын яам нь өнгөрсөн хугацаанд баталсан агаарын бохирдлыг бууруулахтай холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулиудад өнөөдрийг хүртэл үнэлгээ хийгээгүй байна. Сая танилцуулсан мэдээллээс үзэхэд өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах ажилд гөлөг төрүүлж байгаа юм шиг ханджээ” хэмээн дүгнэсэн юм.
А.Тэмүүлэн