Хэрлэн, Улз гол үерийн түвшнийг 5-20, Хархираа гол таван см-ээр давсныг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Түүнчлэн Туул голын усны түвшин 10-20 см-ээр нэмэгдсэнийг анхаарууллаа. Иймд эдгээр голын эрэг дагуу нутаглаж буй айлууд, аялал зугаалгаар явж буй иргэд үерийн аюулаас зайлсхийхийг зөвлөлөө. Мөн хот, суурин газрын үерийн далангийн хоолойнуудаар ус чөлөөтэй урсах нөхцөл бүрдүүлэх шаардлагатай гэв. Энэ он гарснаас хойш 10 аймгийн 17 сум, нийслэлийн таван дүүрэгт 28 удаа усны осол гарчээ. Үүнээс болж 33 хүн амиа алдсаны найм нь хүүхэд байсныг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулсан. Усны ослын дийлэнх нь аялал зугаалгаар явж байсан иргэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхисонтой холбоотой байжээ.
Бэлтгэсэн М.Оч