УЯХАН ЗАМБУУ ТИВИЙН НАРАН ДООРХ МӨРӨӨДӨЛ
“Ганбаа ах бид хоёр үүрийн дөрвөн цагт босоод усны хэмжилт хийхээр уурхайн кэмпээс зүүн зүгт хөдөлнө. Яг тэр үед чанх өөдөөс, говийн наран мандаж таардаг. Говьд тэнгэрийн хаяанаас нар мандах ямар үзэсгэлэнтэй гээч. Ганбаа ах наран мандах зуурт “Уяхан замбуу тивийн наран” уртын дууг байнга сонсдог байлаа” хэмээн “Оюутолгой” компанийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны хэлтсийн гидрогеологич Б.Ууганхүү анх Оюутолгойн уурхайтай танилцсан түүхээ хуваалцах үеэрээ ярилаа. Түүнтэй өнгөрсөн сарын эцсээр Оюутолгойн уурхайн талбайд анх уулзсан юм. Бид “Оюутолгой” компанийн Улаанбаатар дахь төв оффис байрладаг “Моннис” цамхгийн нэгдүгээр давхрын кофе шопод дахин уулзан, ярилцан суугаа нь энэ. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ оноос хэрэгжүүлж эхэлсэн. Үүнд уул уурхайн компанид, гэрээсээ хол явж, кэмпэд байрлаж ажилладаг хүмүүсийг 14 хоног ажиллуулаад, мөн 14 хоног амраах заалт тусгасан билээ. Тэрбээр хуулийн дагуу 14 хоногийн амралтаа эдлэхээр Улаанбаатарт иржээ. Гэхдээ шаардлага гарсан тохиолдолд Улаанбаатар дахь төв оффист ажиллана.
Б.Ууганхүүгийн ярианд дурдагдсан Ганбаа ахынх нь бүтэн нэр С.Ганболд. ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн гидрогеологийн ангийн оюутан Б.Ууганхүүд 2013 оны зун Оюутолгойн уурхайд дадлага хийх боломж олджээ. Тэрбээр дадлага хийх хугацаандаа кабины бор гэдэг шиг л Ганбаа ахыгаа байнга дагаж, гидрогеологич мэргэжлийнхээ практик ажлын зах зухаас анхлан мэдрэв. Оюутолгойн уурхайд дадлага хийхэд ажилтнуудынх нь харилцаа, ажилдаа өөриймсөг хандах хандлага, компанийн үйл ажиллагааны соёл түүнд машид таалагдсан гэнэ. Б.Ууганхүүгээс өмнө “Оюутолгой” компанид ахмад, дунд үеийн олон гидрогеологич ажилд оржээ. Тиймээс тэрбээр өөрийгөө компанийнхаа гурав дахь үеийн гидрогеологичдын төлөөлөл гэж тодотголоо.
Б.Ууганхүүгийн аав нь жүжигчин Н.Батбаяр. “Загийн алим” киноны Болдын дүрээр түүнийг монголчууд мэдэх болов уу. “Загийн алим” киноны тэмээчин хийгээд зөгнөлт зохиолд дуртай Болд хүү савтай хоормог барьсаар геологийн экспедицийнхэн дээр жонжуулан ирэхэд гадаа ямар нэгэн зүйл шинжлэн суусан өвгөн “Сүрээн, дүү чинь ирлээ” гэж дууддаг хэсгийг зарим хүн санаж буй байх. Жүжигчин Н.Батбаяр 1980 онд бүтээсэн “Эргэж бодох бодол” киноны гол дүрийн гэр бүлийн хүүгийн дүрд Ууганхүү нэртэйгээр тоглосон. Анхны дүрээ бэлгэшээн өөрийн ууган хүүдээ Ууганхүү нэр хайрлажээ. Киноны дүрээр нэрлэгдсэн хүү аавынхаа мэргэжлийг өвлөж, жүжигчин болно гэж мөрөөддөг байж.
Гэтэл Монголын уул уурхайн салбарын түүхэнд үлдсэн “хар толбо” Б.Ууганхүүгийн мөрөөдлийг тэс ондоо зүгт чиглүүлэх нь тэр. Мөнөөх “хар толбо” бол алтны компани, нинжа нар олон голыг бохирдуулж, булаг шандыг ширгээсэн явдал. Орой бүр зурагтаар уул уурхайн нөлөөгөөр олон гол горхи, нуур цөөрөм ширгэж буй талаарх мэдээ сонссон хүүгийн балчир ухаанд ус хамгаалах мэргэжилтэй болъё гэсэн мөрөөдөл ургасан гэдэг.
Тэрбээр дунд сургуулиа төгсөөд ШУТИС-д геоэкологич мэргэжил эзэмших зорилгоор шалгалт өгсөн байна. Гэвч тухайн жил геоэкологич мэргэжлээр оюутан элсүүлээгүй тул гидрогеологийн ангийг нь сонгожээ. Гидрогеологич бол газрын доорх усны гарал үүсэл, зүй тогтлыг судалдаг мэргэжил. Тэрбээр их сургуулиа 2015 онд төгсөөд, “Геологийн судалгааны төв”-д ажилд орж, Монгол Улсын зөвлөх инженер Н.Жадамбаа агсны удирдлага дор “Гео-мэдээллийн сан” төсөлд хоёр жил ажиллав. Ингээд 2017 оноос анх дадлага хийсэн “Оюутолгой” компанийнхаа ажилтан болжээ. Б.Ууганхүү “Оюутолгойд таван жил ажиллахдаа их зүйл сурсан. Гадаад, дотоодын олон гидрогеологичтой хамтран ажиллаж, туршлагыг нь сонсон, судалгаа шинжилгээ, усны менежментийн олон төсөлтэй танилцлаа. “Оюутолгой” компанид ажиллахдаа дахин нэг их сургууль төгссөн мэт мэдлэг, мэдээлэл хуримтлуулсан гэж боддог. Уул уурхайн салбар нь байгалийн унаган байдалд нөлөө үзүүлдэг ч “Оюутолгой” компани үүнийг хамгийн бага байлгах бүхий л инженерийн шийдлийг эрэлхийлж ажилладаг нь мэргэжилдээ улам хайртай болоход хүргэсэн. Монголын эдийн засаг уул уурхайн салбарын нуруун дээр явж буйг хэн хүнгүй мэдэх байх. Энэ салбарын томоохон төлөөлөгч, хариуцлагатай уул уурхайг Монголд бодитоор хөгжүүлж байгаа “Оюутолгой” компанийн нэгэн гишүүн болж, гидрогеологич мэргэжлээрээ ажиллаж буйдаа сэтгэл дүүрэн байдаг” гэв.
Б.Ууганхүү “Усыг бүгдэд сан” төрийн бус байгууллагын “Усны салбарын манлайлагч” хөтөлбөрт хамрагдаж, өндөр түвшний мэргэжилтнүүдийн мэдлэгийг хуваалцаж буй гэнэ. Тэрбээр уг хөтөлбөрийнхөө хүрээнд удахгүй Тайширын усан цахилгаан станцын төсөлтэй танилцахаар мордох гэж байгаагаа дуулгасан. “Оюутолгой” компани “Малгай бүрийн доор мөрөөдөл бий” видео цувралаар ажилтан залуусынхаа мөрөөдлийг танилцуулдаг. Машины кабинд “Уяхан замбуу тивийн наран”-г сонсож, ах нарын гар, хөлийн үзүүрт гүйж явсан оюутан залуугийн мөрөөдөл биелсэн түүх товчхондоо ийм.
ЧАНДМАНЬ ЭРДЭНИЙН ШИНЭ МЕНЕЖМЕНТ
Б.Ууганхүү бид Оюутолгойн уурхайн талбайд зүгээр ч нэг уулзаагүй, хамтдаа “усны аялал” хийх зорилгоор золгосон юм. Гүний хоолойг зорих зууртаа тэрбээр Оюутолгойн уурхайн усан хангамжийн нөөц, менежментийн талаар сонордуулж явлаа. Оюутолгойн уурхайг тойрсон 100 км-ийн радиуст усны эрэл хайгуулын ажлыг 2003 оноос эхлүүлжээ. Үүний үр дүнд газрын доорх усны гурван орд илрүүлжээ. Эхнийх нь Гүний усны хоолойн орд бол дараа нь Галбын говьд усны томоохон эх үүсвэр бийг тогтоосон байна. Үүнээс гадна уурхайн талбараас баруун зүгт Нарийн заг гэдэг газар усны нөөц тогтоосон гэнэ. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийж үзэхэд Галбын говь биологийн төрөл зүйлээр баялаг учраас гүний усыг нь ашиглавал гео экологи, биологийн төрөл зүйлд нь сөрөг нөлөө үзүүлж мэдэх эрсдэлтэй байж. Тиймээс Гүний хоолойд нарийвчилсан судалгаа хийж, улмаар 2015 онд секундэд 918 литр ус ашиглах нөөцтэйг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, уг ордоос секундэд 918 литр ус ашиглахад гео экологийн ямар нэгэн сөрөг нөлөөгүй гэж үзсэн хэрэг. Одоогоор “Оюутолгой” компани Гүний хоолойн ордоос секундэд дунджаар 466 литр ус ашиглаж байгаа аж. Тус компанид гүний ус ашиглах зөвшөөрлийг 25 жилийн хугацаатай олгосон гэнэ.
Авто замын хажууд байсхийгээд цэнхэр өнгөөр будсан тэмдэглэгээтэй, чулуу тааралдана. Гүний хоолойн худгуудаас уурхай руу ус шатах хоолой тэрхүү цэнхэр тэмдэглэгээтэй цэгүүдийн дагуу газар доогуур сунайж буй гэнэ. Цэнхэр өнгөтэй тэмдэглэгээ тэнд ус дамжуулах шугам хоолой байгааг заах зориулалтгүй. Харин тусгай төхөөрөмжөөр усны урсгалын чимээг сонсож, аль нэг газар алдагдал үүсэж буйг шалгах цэг аж. Ийм нэг цэг дээр ус чимээ ихтэй урсаад, дараагийнхад дуу нь намсвал хоолойноос ус алдагдаж байна гэсэн үг. Хэрэв хоёр цэгт усны урсгалын чимээ зөрүүтэй байвал хоолойгоо засварлах шаардлага үүсэх юм байна.
Цэнхэр өнгөтэй тэмдэглэгээтэй цэгийг даган давхисаар уурхайн талбайтай хамгийн ойр худагт ирлээ. Чанх урагш, нэлээд хэдэн км-ийн цаана Ханбогд сумын төв алаглан харагдана. Б.Ууганхүү худгийн доторхыг сонирхуулав. Газрын гүнээс тусгай төхөөрөмжөөр ус соруулж, дамжуулах шугам хоолой руу шахдаг аж. Соруулсан усаа дамжуулах хоолой руу шахах шугамын голд тоолуур тавьжээ. Тоолуурыг сайтар лацадсан харагдлаа. Эл тоолуурын тусламжтайгаар “Оюутолгой” компани хэр хэмжээний ус ашигласныг бүртгэж, Өмнөговь аймагт төлбөр төлдөг. Лацтай харалдаа хананд камер суурилуулсан байв. Лацыг хөдөлгөсөн,
эсэхийг камераар хянадаг гэнэ. Энэ зуурт Б.Ууганхүү “Ус бол ашигт малтмал. Зарим хүн буруу ойлголттой байдаг. Усыг зэс, нүүрс, алттай адил ашигт малтмал гэж үзэх ёстой” гэж бодлоо хуваалцав. “Оюутолгой” компани өнгөрсөн хугацаанд ус ашигласны төлбөрт нийт 131 тэрбум төгрөг Өмнөговь аймагт төлжээ.
Эл худаг газрын гүний 150-400 метрийн хэсгээс ус татаж буй гэнэ. Үүнийг үндсэн уст давхарга гэж нэрлэдэг юм байна. Гидрогеологич маань “Гүний хоолойд 50-60 км үргэлжлэх хөндийн газрын гүний 150-400 метрт аяга мэт хэлбэртэй ус агуулсан хайрган давхарга бий. Дээр нь зузаан шавран үе тогтсоноор мэргэжлийн хэллэгээр даралтат гадаргуутай уст давхарга тогтсон. Өөрөөр хэлбэл, газрын гүнд шааранд хийсэн мэт ус агуулсан давхарга байгаа гэсэн үг. Шаарыг зүүгээр хатгаж цоолбол ус олгойдно. Өрөмдөхөөр дээш олгойдон гардаг юм. Үндсэн уст давхаргыг ашиглахад байгальд дорвитой нөлөөлөхгүйг шинжлэх ухаан тогтоосон” хэмээн зүйрлүүлэн тайлбарлалаа. Цаг хугацааны хувьд цэрдийн галавын хурдас уг уст давхаргад хамаардаг гэнэ. Тодруулбал, газрын хөрсний доороос ус агуулсан хайрган хэсэг хүртэл маш нарийн ширхэгтэй шаварлаг давхарга байдаг аж. Энэ шаварлаг давхарга байгаа учраас бага гүний ус нь үндсэн уст давхарга руу нэвчих боломжгүйг гидрогеологийн шинжлэх ухаан тогтоожээ. Үүгээр газрын гадаргаас доош 150-400 метрийн гүний усыг ашиглаад байвал бага гүний буюу өнгөний ус татарна гэсэн энгийн ойлголтыг няцаадаг байна. Бага гүний ус гэж малчдын гараар ухаад ч худаг гаргачихдаг хэсгийг хэлдэг аж. Бага гүний уст давхарга газрын гүний 15 метр хүртэл үргэлжилнэ. Үүнд гаргасан худгийн ус харьцангуй цэвэр бол үндсэн уст давхаргын усны эрдэсжилт 2-4 дахин их байдаг аж.
Бидний танилцсанаас зүүн тийш 40-50 км зайд бусад худгаа цувуулан барьсан гэнэ. Оюутолгойн уурхай Гүний хоолойн нийт 450 ам км талбайгаас 28 худгаар ус цуглуулдаг. Эдгээрийг 65 км урт туслах шугам хоолойгоор гол шугамтай холбоно. Гол шугам хоолой нь 88 км урттай. Өөрөөр хэлбэл, уурхай 88 км зайнаас усаа “татаж” байна гэсэн үг. Худгуудын дунд ус цуглуулах таван станц бий. Уг станцууд худгаас нөөцлүүртээ цуглуулсан усаа гол шугам хоолойгоор дамжуулж, өргөх станц руу урсгадаг. Өргөх станц худгаас цуглуулсан бүх усыг уурхайн ойролцоо байх нийт 400 мянган шоо метр багтаамжтай хуримтлуулах хоёр цөөрөм рүү өндөр хүчин чадалтай шахуургаар шахна. Хоёр цөөрмийг газрын хөрсөнд булсан ус хадгалах гялгар уут гээд төсөөлчих. Газарт байрлуулж, хөрсөөр хучсан том уутанд усыг хуримтлуулж буй учраас ууршина гэсэн ойлголт байхгүй. Хадгалах “уут”-наас уурхай хэрэгцээтэй усаа авна.
Уурхайн дийлэнх усыг “уудаг” газар бол баяжуулах үйлдвэр. Нийт усны хэрэглээний 90-ээс дээш хувь баяжуулах үйлдвэрт ногдоно. Дэлхийд үйлдвэрүүд дунджаар тонн хүдрийг 1.2 шоо метр усаар баяжуулдаг гэнэ. Тэгвэл Оюутолгойн уурхайн баяжуулах үйлдвэр үүнээс гурав дахин бага ус хэрэглэдэг аж. Хэрэглэсэн усныхаа дунджаар 87 хувийг дахин ашигладаг. Баяжуулах үйлдвэрийн лагийг өтгөрүүлэгчид хийж, усных нь 90 хувийг дахин ашиглана. Хаягдал цутангаа нэг тал руугаа налуу хаягдлын санд байршуулдаг гэнэ. Цутангаас ялгарч, байгууламжийн налуу тал руу урсан тунасан усыг ч дахин ашигладаг аж. Ус дахин ашиглах систем нь тасралтгүй эргэх технологийн шийдлээр ажилладаг байна. Баяжуулах үйлдвэрээс процессын ус ялгарахад өтгөрүүлэгч болон хадгалах байгууламжид тунгааж аваад, тусгай шугамаар татан авч, дахин ашигладаг гэсэн үг. Ахуйн усаа ч дахин цэвэршүүлж ашигладаг гэсэн. Илүүдлээр нь уурхайн талбайн шороонд замд усалгаа хийж, тоосыг нь дардаг гэнэ. Б.Ууганхүү “Бид байгальд ус асгадаггүй. Монголчууд усыг чандмань эрдэнэ хэмээн дээдэлж, сүү, цус дусаахыг цээрлэж, бохирдуулахаас цэрвэдэг. Тэгвэл орчин цагийн аж үйлдвэрүүд усыг дахин ашиглах менежмент боловсруулж, ариг гамтай хэрэглэж буй нь говийн бүсэд үйл ажиллагаа эрхэлдэг оюутолгойчууд бидний чандмань эрдэнээ дээдэлж буй хэрэг гэж бодож байна. Орчин үед усыг говьд ч, хангайд ч асгаж цутгалгүй, аль болох бүрэн дүүрэн ашиглах менежмент нэвтрүүлж, хариуцлагатай байх хэрэгтэй” гэж ярилаа. Ариг гамтай хэрэглэвэл ус дүүрэн байх нь дамжиггүй.
УУРХАЙ УСНЫ НӨӨЦӨД НӨЛӨӨЛӨӨГҮЙ
Машиныхаа дугуйнд тавьсан ивээсийг авч тээшиндээ хийгээд Гүний хоолойгоос хөлгийнжолоо эргүүлж, уурхайн талбайн урд өнцөгт байх Шинэ бор овоогийн булаг хүрэхээр хөдлөв. Б.Ууганхүү зогсох бүртээ машиныхаа хойд дугуйнд зориулалтын ивээс ивнэ. “Оюутолгой”-нхон хээр талд явж байх үедээ хүртэл аюулгүй ажиллагааны дүрмээ ягштал баримталдаг санж. Бид мөнөөх л усны сэдвээ үргэлжлүүлэн ярьсаар. “Оюутолгой” компани уурхайн нөлөөллөөр бага гүний усны түвшин хэрхэж буйг байнга хянаж, дата мэдээлэл цуглуулдаг гэнэ. Дата мэдээлэл харьцуулсан дүгнэлт хийх боломж олгодог. Тэгэхээр Оюутолгойн уурхайн ойролцоох гүний усны ундарга хэрхэн өөрчлөгдсөнийг тэднийхэн дата мэдээлэлд тулгуурлан хэлж чадах нь.
Тус уурхайнхан усны түвшний хяналт, шинжилгээг Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай сумын нутаг дэвсгэрийг хамруулан 351 цэгт хийдэг. Мэдээжийн хэрэг уурхайнхаа нөлөөллийн бүсэд багтах цэгүүдэд хяналт, шинжилгээ хийх нь дамжиггүй. Оюутолгойн уурхайн талбайд 82 цооног, нэг булгийн усны ундаргыг хэмждэг аж. Тэгвэл Ундайн сайрын дагуу 33 цооног, 18 гар худаг, долоон булагт хяналт шинжилгээ хийдэг байна. Мөн бидний салхи сөрөн давхиж явсан Гүний хоолойн хөндийд 156 цооног, 51 гар худаг, гурван булган ундаргыг хянадаг аж. Цооногуудад ундаргыг автоматаар хэмжиж дамжуулах төхөөрөмж суурилуулжээ. Харин малчдын 69 гар худгийг төлөвлөгөөний дагуу сар бүр хэмждэг гэнэ. Өмнө нь хэмжилтийн мэдээллээ цаасан дээр гараар тэмдэглэн архив үүсгэдэг байсан бол одоо аппликэйшн ашиглан тэмдэглэдэг болжээ. Мэдээллийн технологийн дэвшлийг салбар бүрт нэвтрүүлж буйн нэг илрэл энэ. Оюутолгойн уурхайн Гүний хоолойгоос усаа авдаг. Тэгвэл Ундайн сайр ил уурхайтай нь хамгийн ойр. Тэгэхээр энэ хоёр газрын усны түвшнийг илүү нарийн хэмжихээс аргагүй.
Түүний өмнөх үеийн гидрогеологичид аль 20 жилийн өмнөөс малчдын гар худгийн усны түвшнийг хэмжиж эхэлжээ. Б.Ууганхүү “Усны түвшнийг нь 20 жилийн турш сар тутам хэмжсэн дата мэдээлэлтэй худаг ч бий. Манай ах нар өмнө нь гараар маш чамбай бүртгэл хийж, архив үүсгэсэн юм билээ” хэмээн ярилаа. Цуглуулсан дата мэдээллээс өмнөх 10 жилийнхээс сүүлийн 10 жилд усны түвшин дээшилсэн дүр зураг харагджээ. Гидрогеологичид үүнийг сүүлийн 10 жилд хур бороо элбэгтэй байсантай холбон тайлбарладаг аж. Хяналт, шинжилгээ хийдэг цооног болон гар худгийн усны түвшин улирлын чанартай л ихсэж, багасдаг зүй тогтол ажиглагдсан байна. Хавар, намрын хур бороо багатай үед усны түвшин татардаг аж. Тиймээс гидрогеологичид Гүний хоолойн ус ашиглалтаас хамаарч бага гүний уст үед сөрөг нөлөөлөөгүй гэсэн дүгнэлт хийснийг Б.Ууганхүү дуулгав.
Оюутолгойн уурхайн гидрогеологичид худал дата бүрдүүлж байвал яах вэ гэж хардаж мэдэх юм. Хамтын оролцоотой хяналт, шинжилгээ санаачилгын хүрээнд нутгийн иргэд гар худгийнхаа усны түвшин хэрхэж буйг давхар нягталдаг аж. Малчид худгийнхаа усны түвшний мэдээллийг Ханбогд сумд байх “Мөнх ногоон Галба” төрийн бус байгууллагынханд илгээж, тэд дата бүрдүүлдэг гэнэ. Уг датаг Оюутолгойн уурхайн гидрогеологичдын цуглуулсан мэдээлэлтэй тулгаж, зөрүүтэй, эсэхийг нягталдаг юм байна. Хоёр байгууллагын цуглуулсан дата мэдээлэлд хол зөрүү гарч байгаагүй гэсэн.
МАЛЧНЫ ХУДГИЙГ САЙЖРУУЛСАН НЬ
“Оюутолгой” компани ажилтнуудынхаа дунд хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд ээлээ өгөх, уурхайн үйл ажиллагаанд дэвшил гаргах төслийн уралдаан зарладаг уламжлалтай. Эл уралдаанд гидрогеологич П.Ууганбаярын “Малчдын гар худгийг сайжруулах нь” төсөл шалгарч хэрэгжүүлжээ. “Хулангийн цавчаа” гэсэн хэллэгийн утгыг говийнхон мэднэ. Харин хангайнхан ойлгохгүй. Хулан адуу гойд үнэрлэх чадварынхаа тусламжтайгаар говийн сайрын өнгөнд хамгийн ойр байгаа усыг олж чаддаг. Улмаар цавчиж хонхойлгон ус тунараагаад уудаг билээ. “Хулангийн цавчаа”-наас говийн бусад амьтан ч ундаалдаг. Тэгэхээр сайранд говийн өнгөний ус хуримтлагддаг байгаа биз. Малчид худгаа сайр дагуулж л гаргадаг. Ил харагдахгүй ч сайр доор ус газрын хэвийг дагаж урсаж байдаг. Тиймээс говийн сайрыг гол гэж хүндэлдэг. Дээр дурдсан Ундайн сайрыг ч гол гэж ярьдаг. Гараар 1-3 метр ухаад худаг гаргачихдаг нь ийм учиртай.
Говьд хур бороо орж сайрыг дагаж ус урсвал малчны ухсан худгийг шавар, чулуугаар дүүргэчихдэг. Тэгэхээр лайдах буюу шавар, чулууг нь ухаж гаргах шаардлага тулгардаг. Бороо хур орохгүй бол ундарга нь татраад, хэдхэн ховоо ус татахад ёроол нь гарч, малын цангаа тайлж чадахгүйд ч хүрнэ. Үүнээс гадна сайран дээр худгаа гаргадаг учраас уснаас уусан мал шээж, баан хөрс бохирдуулж байдаг. Мэдээжийн хэрэг сайр дээрх бохирдол усанд нэвчих магадлалтай. П.Ууганбаяр дээрх бэрхшээлүүдийн шийдлийг олжээ. Тэрбээр сайрыг хөндлөн ухаад, ус нөөцлөх босоо хоолой суурилуулан, хооронд нь нарийн хоолойгоор холбох, нэгээс нь эрэг рүү шугам татаж, нарны эрчим хүчний эх үүсвэрээр ажилладаг шахуургаар ус татах төсөл санаачилжээ. Босоо хоолойнуудаа суурилуулаад хооронд нь холбосны дараа гадуур нь хайргаар шүүрлэж, эргүүлэн булна. Зургаан хоолойд ус нөөцлөх учраас усны ундарга багасна гэж санаа зоволтгүй болох аж. Сайран дунд ус нөөцлөх сав суурилуулчихаж байгаа учраас бороо орж, ус гүйсний дараа худаг бөглөрнө гэж санаа зоволтгүй болно. Худгийн онгоцыг сайрын эрэг дээр байрлуулах учраас ус бохирдуулахгүй. П.Ууганбаярын санаачилсан төсөл ийм давуу талтай аж. Тиймээс “Оюутолгой” компани санхүүжүүлэн малчдын дөрвөн худгийг сайжруулжээ.
ИНЖЕНЕРИЙН ШИЙДЛЭЭР БҮТСЭН ШИНЭ БОР ОВОО
Усны талаар “угсруулан” ярьж, Оюутолгойн ил уурхайн овоолгын баруун талаар тойрч явав. Хэдэн хар сүүлт зээр замын хажууд автомашинаас үргэх янзгүй зогсоно. Уурхайн талбайд олон хар сүүлт зээр, нэг бүл хулан “амьдардаг” гэнэ. Нөгөө хэд машин тэрэгтэй аль хэдийн “найз” болжээ. Уурхайн талбайд чоно шогшиж явах тохиолдол ч гардаг гэсэн. Уурхайн овоолгын урд талд иртэл шугамдсан юм шиг шулуухан элсэн далан харагдав. Энэ далан нь Ундайн голын сайран доогуурх усны урсгалыг боож, өөр зүгт чиглүүлэх зориулалттай. Уг даланг газрын гүн рүү зургаан метр ухаж босгожээ. Ундайн голын ил уурхайн ам руу түрж орсон тохойг боож ийн далан барьсан хэрэг. Өөрөөр хэлбэл, голын урсгалыг боох хана гэсэн үг. Хэрэв ийм далан барихгүй бол Ундайн сайрын ус уурхайн ам руу нэвчих магадлалтай байсан гэнэ.
Далан бариад усыг нь боочихоор сайран доор усны хуримтлал үүсэх нь дамжиггүй. Тэнд ус их хэмжээгээр хуримтлагдвал усны түвшин дээшилж ус задгайрна. Тиймээс далангийн тэндээс хэдэн км газар доогуурх шугам хоолой татжээ. Өөрөөр хэлбэл, даланд тулж хуримтлагдсан усыг газар доогуурх шугам хоолойгоор дамжуулан Ундайн голын урд хэсэгт буцаан нийлүүлнэ гэсэн үг. Гол зорилго нь усыг уурхайн амнаас тойруулж буй юм. Газар доогуурх шугам хоолойг даган давхисаар Шинэ бор овоогийн булаг дээр ирэв. Шугам хоолойгоор дамжин ирсэн усны зарим нь Ундайн сайранд нийлж, сайрын хурдас усаар ханаснаар илүүдэл нь оргилон гарч, жижиг цөөрөм үүсгээд, нарийн горхи урд зүгт урсжээ. Цөөрмийн эрэгт ус ууж ханасан тэмээн сүрэг сэрүүцэн хэвтэнэ. Цөөрөм хийгээд горхины эрэг хөвөөгөөр ногоон зүлэг ургажээ. Түүнийг хэдэн үхэр амтархан зулгаана. Энэхүү янз байдал, говийн халуунд сэрүү татуулсан мэдрэмж хангай нутгийг санагдуулсан.
Б.Ууганхүү “Ус ийм хүчтэй. Амьдрал тэтгэгч гэдгийг энэ булаг харуулж байгаа юм. Анх булаг гарахад энэ хавийн газар элс, сайр л байсан. Ил устай болсноор хөрс бий болж, зүлэг ургалаа” гэв. Шинэ бор овоогийн булгийн дэргэд Оюутолгойн уурхайнхан мод тарьжээ. Булгийн ус газрын хөрсөнд шингэн, тарьсан мод нь маш хурдан ургана гэж тэд тооцсон байна. Шинэ бор овоогийн булгийн хойно мөн л урт далан босгожээ. Үер буувал уурхайн овоолгын шороо, шавар булгийн ус, цөөрмийг дарчихаж мэдэх учраас ийн далан барьжээ. Хэдэн жилийн дараа энд мод бут найгаж, өвс ногоо ширээлсэн орчин үүсэх нь тодорхой байлаа. Шинэ бор овоогийн урд дэнж дээр том чулуун самбар босгосон байв. Чулуун самбарт “Оюутолгойн уурхайн Ундайн голын голдирол өөрчлөх төслийн хүрээнд Бор овоогийн задгайг шилжүүлэн энэ газар шинээр үүсгэв. Гурван талт зөвлөл, 2018.11.29” гэж бичжээ. Хуучин бор овоог ширгээсэн ч инженерийн шийдлээр шинээр бий болгосон хэрэг. “Оюутолгой”-нхон байгалийг сүйдлэх биш, байснаар нь үлдээхийн төлөө ажилладаг” гэж Б.Ууганхүү зүгээр ч нэг хэлээгүй аж. Шинэ булагт Шинэ бор овоо гэсэн нэр өгч Улсын санд бүртгүүлжээ.
Өглөө эрт эхэлсэн “усны аялал” говийн наран өндөрт хөөрсөн гал морин цагт өндөрлөв. Шинэ бор овоогоос буцах замдаа “Уяхан замбуу тивийн наран” дууг сонслоо. Ус хэмээх чандмань эрдэнийг бүрэн дүүрэн ашиглахын төлөө дүүрэн сэтгэлтэй ажиллаж яваа залуу мэргэжилтэн С.Ганболд ах шигээ эл дууг сонсох дуртай болжээ. Ус, уяхан замбуу тивийн наран хоёр монгол хүний оюун бодол, санаа сэтгэлтэй ямар нэгэн сэжмээр холбоотой буй за.