Залуу удирдаачид, цөөхүүл хөгжимчдийн улсын анхдугаар уралдааны шагнал гардуулах ёслол, шагналтнуудын нэгдсэн тоглолт өнөө орой ДБЭТ-т болно. Уг уралдааныг Урлагийн гавьяат зүтгэлтэн, профессор Н.Бүтэнбаярын үүсгэн байгуулсан “Дэм” сургалтын төвөөс санаачлан Улсын филармони, ДБЭТ-тай хамтран зохион байгуулсан. Үүнд цөөхүүл 15 хамтлаг, найрал хөгжмийн зургаан залуу удирдаач өрсөлдсөн билээ. Гала тоглолтыг үзэгчдэд үнэ төлбөргүй үзүүлэх бөгөөд суудал заахгүй аж.
Уралдааны шүүгчээр Ардын жүжигчин Ж.Бүрэнбэх, Улсын филармонийн ерөнхий удирдаач Д.Нямдаш, удирдаач Б.Лхагвасүрэн нар ажилласан. Ерөнхий шүүгчийн сэтгэгдлийг сонсоход “Цөөхүүл хөгжимчдийн уралдаан онцгой сайхан боллоо. Өрсөлдөөнтэй ч байв. Хөгжимчид залуужсан байна. Тоглох ур чадварын хувьд үсрэнгүй хөгжжээ. Хөгжмийн бүтээлийг ойлгож, сэтгэж тоглож байгаа байдал, техник сайн, зохистой жигд тоглох зэргээс ингэж дүгнэж байгаа юм. Бүтээлийн сонголт оновчтой, хөгжимдөө хүндэтгэлтэй хандаж байгаа нь ч өндөр сэтгэгдэл төрүүллээ” гэсэн юм.