Ардын жүжигчин Ч.Мөнхшүрийн тайлан тоглолт Соёлын төв өргөөнд өчигдөр болов. С.Гончигсумлаагийн “Үнэн”, П.И.Чайковскийн “Иоланта”, Ж.Бизегийн “Кармен”, Ж.Вердийн “Риголетто”, “Трубадур”, Ж.Пуччинийн “Чио Чио сан” зэрэг Монголын болон гадаадын гарамгай уран бүтээлчдийн сонгодог дуурийн гол дүрүүдийг гайхалтай бүтээсэн түүнийг “Тагтаа” дуугаар нь овоглох нь түгээмэл. ДБЭТ-ын түүхэнд меццо сопрано хоолойтой гоцлооч тийм ч олон байсангүй. Чанартай, гайхамшигтай цөөхөн меццо сопрано гоцлоочдын нэг тэрбээр энэ удаагийн тоглолтдоо ЦДБЭЧ-ын ахмад бүжигчдыг урин оролцуулсан нь учиртай. Ч.Мөнхшүр 1970-1975 онд тус чуулгын бүжигчин байсан юм. Ардын жүжигчин, дуурийн гоцлоочийн концертод Гавьяат жүжигчин, цэргийн чуулгын ахмад бүжигчин Г.Удвал, Нарангэрэл, Бүүргэн болон тэдний дээд үеийн уран бүтээлчид оролцон нэг тайзнаа нэгэн үдшийг “доргиолоо”.