Монголын тайзнаа 1979 оноос тоглосон А.Аданы “Жизель” балетыг 43 жилийн дараа ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвын найруулгаар шинэчилсэн юм. Тус балетыг өнгөрсөн сард үзэгчдэд хүргэсэн бол баасан гарагт дахин тоглов. Энэ удаа Жизельд Гавьяат жүжигчин О.Анужин, Альбертад Э.Эрдэнэболд, Ганст Э.Эрдэнэжаргал, Миртад Б.Халиунаа нар гоцолсон. О.Анужин сүүлийн жилүүдэд тус театрын тайзнаа тавьсан бүхий л бүжгэн жүжгийн гол болон туслах дүрийг бүтээснээрээ онцгой. “Жизель”, “Нойрсож буй гүнж”, “Уран хас”, “Спартак” гээд түүний дүр бүтээсэн дэлхийн сонгодгууд үргэлжилнэ.
А.Эрдэнэболдын хувьд тэрбээр 2010 онд Хөгжим бүжгийн коллеж төгссөнөөсөө хойш Монголын сонгодог урлагийн их өргөөний өндөр босгыг давж, олон бүжгэн жүжгийн гол дүрд бүжиж байгаа. Түүнчлэн “Номадик балет” продакшны бүрэлдэхүүнд ч багтаж, Монголын үзэгчдэд балетын урлагийг таниулах, сурталчлахад авьяас билгээ зориулж буй нэгэн юм. Ташрамд сонирхуулахад, бүх цаг үеийн хамгийн гунигт хайрын түүхийг өгүүлсэн “Жизель” балетыг анх 1841 онд Францын эзэн хааны хөгжмийн академийн театрт тогложээ. Виктор Хюгогийн “Фантомууд” хэмээх найраглалаас Францын урлаг судлаач, шүүмжлэгч Теофиль Гаутьен хэсэглэн авч, сэдэвлэн “Жизель” балетын цомнолыг бичсэн гэдэг.
А.Тайшир