Улсын филармониос симфони найрал хөгжим үүсэж хөгжсөний 65 жилийн ойн хүрээнд П.И.Чайковскийн IV симфони, С.Рахманиновын төгөлдөр хуур, найрал хөгжимд зориулсан II концерт гэсэн хөтөлбөртэй “Сонгодог үдэш” тоглолтыг энэ сарын 6, 7-нд үзэгчдэд хүргэх аж. Удирдаач нь Филармонийн ерөнхий удирдаач Д.Нямдаш. Концерт гоцолж тоглох төгөлдөр хуурч, Консерваторын болон “Дэм авьяастан” сургалтын төвийн багш Б.Одгэрэлээс мэдээлэл авлаа.
-Томоохон бүтээлийг хоёр үдэш дараалан тоглох нь ээ. Монгол төгөлдөр хуурч л ингэж чадах байх даа гэж бодлоо.
-Концертын танхимын багтаамжаас болоод ийм шийдвэр гаргажээ. Сүүлийн үед симфони найрлын тоглолтыг үзэх хүн нэмэгдсэнтэй холбоотойгоор тасалбар эрт дуусдаг, авч чадаагүй нь гомдоллодог болсон байна. Тиймээс яах ч аргагүй өдөр дараалууллаа гэж зохион байгуулагчид тайлбарласан.
-Энэ концертыг та өмнө нь нэг удаа тоглосон санагдана. Өөр хэн, хэн үзэгчдэд хүргэж байсан юм бол?
-Төгөлдөр хуурч, саяхан Гавьяат жүжигчин болсон Доржпагма, мөн Л.Замбага багш нар олон жилийн өмнө тоглосон юм билээ. Би тоглож, аав минь удирдаж байлаа. Бараг 10 жил өнгөрчээ. Энэ удаа аавынхаа олон жилийн хөдөлмөрөө зориулсан симфони найрал хөгжмийн 65 жилийн ойд зориулаад дахин тоглох гэж байна.
-Хүчтэй зохиол шүү. Бэлтгэж, тоглож байхдаа юу мэдэрдэг вэ?
-Тийм ээ. Эрэгтэй хүмүүс тоглоход зориулж бичсэн гэдэг. Суут хөгжмийн зохиолч С.Рахманинов сайн төгөлдөр хуурч байсан болохоор хүссэндээ хүртэл туурвисан санагддаг. Миний гар жижиг болохоор нэлээд чардайдаг даа. Тоглож байхдаа сайхныг, сэтгэл ханамжийг мэдэрдэг гэх үү дээ. Орос орны үзэсгэлэнт байгаль бодогддог. Хаана ч байгалийн увдис, сүр хүч адилхан л даа. Тэгэхээр дэлхийн хөгжим гэж ойлгож болох байх.
-Удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаяр танай аав. Аавынхаа нэрэмжит уралдаан зарласан байв уу?
-Тийм ээ. Залуу хөгжмийн зохиолчид, цөөхүүл найрал хөгжимчдийн анхдугаар уралдаан зарласан. Шилдгүүдийг энэ сарын 29-31-нд шалгаруулж дүгнэнэ. Ер нь сонгодог хөгжимчдийн дунд болно гэсэн үг. Үндэсний хөгжимчдийг хамруулдаг уралдаан Ардын жүжигчин Л.Мөрдорж, Хөдөлмөрийн баатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав нарын нэрэмжит гэх зэрэг нэлээд хэд байдаг. Харин сонгодгоос Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит уралдаан бол тогтмол явагддаг. Ардын жүжигчин С.Гончигсумлаагаар овоглосон уралдаан завсарлаад байна. Тийм болохоор сонгодог хөгжимчдийг идэвхжүүлэх үүднээс, мөн аавынхаа гэгээн дурсгалд зориулж ийм арга хэмжээ зохион байгууллаа. Цаашид тогтмол хугацаатай болгохыг зорьж байна.