Бүтэн жарны турш хөгжим тоглосноос 42 жилд нь концертмейстерээр ажилласан төгөлдөр хуурч багштай ярилцлаа. Концертмейстер гэдэг үгийн үндэс нь концертын мастер. Энэ нь хөгжимчнийг, дуучныг, цөөхүүлийг, найрал хөгжмийг ч хэрхэн тоглох, дуулах, хөгжимдөхийг удирддаг, өөрийн мэргэжлийг сайтар эзэмшсэн төдийгүй тэрхүү гүйцэтгэгчдийн мэргэжлийн онцлогийг гойд сайн мэддэг мэргэжилтэн гэсэн үг юм. Концертмейстер хэмээх мэргэшилдээ эзэн болсон хөгжимчин байдгаас гадна хэр тааруу дундаж нь ч бий. Аль ангилалд хамаарах нь хөгжимчний мэргэжлийн ур чадвараас шалтгаалдаг. Сайн концертмейстерүүд сайн хөгжимчин, дуучдыг төрүүлдэг. Найрал хөгжмийн чанар, чансааг ч тодорхойлдог. Сонгодог урлагийн хөгжлийн 60 гаруй жилийн түүхтэй манай улсад энэ мэргэшлийн тухай ойлголттой нь бий. Үгүй нь олон. Мэргэжлийн хөгжмийн ертөнцийнхөн дунд концертмейстер багшдаа эгээ л бурханд мөргөж буй мэт залбирах шахан хүндэлдэг нь байхад төдийлөн оошоож мэддэггүй нь бас бий. Тийм хүмүүс нь мэргэжилдээ ахиж дэвшихдээ тааруу байх нь элбэг. Олон нийтийн тухайд ирээдүйд олуул гэгээрэн соёлжихын хэрээр концертмейстер хэмээх мэргэшлийн, мэргэжилтний хөгжмийн урлаг дахь үүрэг, ач холбогдол, үр нөлөөг ойлгож, үнэлэх нь нэмэгдэх буй за.
Хөгжим бүжгийн дунд сургуулийг 1972 онд төгсөөд, дараа жил нь ЗХУ-ын Свердловск хот дахь Уралын Консерваторыг зорьсон, 1980 онд төгсөж ирсэн цагаасаа төрөлх сургуульдаа, улмаар СУИС, Морин хуурын чуулга, ӨМӨЗО-ы Шилийн хот дахь хөгжмийн дээд сургуулийн дэргэдэх морин хуурын “Тахь” чуулгад концертмейстерээр ажилласан, эдүгээ ч үргэлжлүүлж буй Ц.Уртнасан багшийн амьдрал, уран бүтээлийн түүх роман бичихээр хэмжээний баялаг. Асуултын хариу болгон амттай, өгөөжтэй, сургамжтай. Аргагүй л “хаан аав”-ын хайртай охин, үр удмыг нь залгамжлуулагч, нэр төрийг нь хамгаалагч юм. Тэрбээр тайз, дэлгэцийн урлагийн од Цагааны Цэгмидийн охин билээ. Нэг л ахтай тул их жүжигчний том охин ч гэж болно. Түүнтэй ярилцсанаасаа хүргэе.
-Та 60 жил хөгжим тогложээ. Насыг тань асуухгүй. Гэхдээ таны хурдан, хурдан алхаад ирж байгааг хараад таньсангүй. Оюутан явна гэж бодож байлаа. Залуу хүн шиг эрч хүчтэй юм.
-Нас ахиж байна. Гэхдээ би өөрийгөө хөгшин гэж боддоггүй. Би 1961 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд элсэж орсон гэхээр 60 жил хөгжим тоглосон байгаа биз дээ.
-Биеэ хэрхэн хөнгөн авч явдаг, сэтгэл санаагаа яаж ийм өөдрөг байлгадаг вэ?
-Хөгжмийн ач. Бас “Аавын охин шүү дээ” гэсэн эерэг бодлын нөлөө байдаг болов уу.
-Өнөөгийн хүмүүсийн олонх нь аавыг тань “Цогт тайж” кинонд тоглосноор нь мэддэг шиг. Чухам ямар хүн байсныг та хэлж өгөөч.
-Би есөн нас хүртлээ аавтайгаа байсан. Хөгжим бүжгийн дунд сургуулийн гуравдугаар ангид байхад аав хүндээр өвдөөд өөд болсон юм. Тийм том болтлоо хамт байсан болохоор бүхнийг санадаг. Аав ажилдаа маш хариуцлагатай, ар гэртээ нөмөр нөөлөг ихтэй, ханьдаа халамжтай, хүүхдүүддээ хайртай хүн байсан. Би аавынхаа унтаж байхыг ер хараагүй. Өглөө сэрэхэд босчихсон, орой унтахад сэрүүн байдаг байв. Гэртээ зүгээр сууна гэж үгүй. Хүүхдүүддээ их зүйл заана. Хуучир тоглож, магтаал хэлдэг байлаа. Эрдэм сургахын хажуугаар эрүүл өсгөх гэдэг байжээ. Биднийг аль болох хөдөлгөөнтөй байлгах гэдэг байж. Тоглуулах нь хүртэл арай өөр. Аав хувийн тэрэгтэй байлаа л даа. Машинаараа наймын тооны мөр гарган эргээд, биднийг мөрөөр нь дугуйгаар яв гэдэг байв. Ах, Төмөрбаатар бид хэд хөгжилтэй нь аргагүй машиных нь мөрөөр жийдэг байлаа шүү дээ. Аав шал байнга угаана. Хоёр хөлдөө нэг, нэг алчууртайгаар бүжиглэж угаадаг байсан. Тэгэхдээ бидний хэн нэгнийг хөл дээрээ гишгүүлж, гараас нь барин хөгжмийн хэмнэлээр эргэдэг байсан юм. Аав минь төрөлхийн авьяастай хүн байсан юм билээ. Тэр ген нь хүүхдүүдэд нь өвлөгдсөн юм болов уу гэж боддог.
-Таныг хэн Хөгжим бүжгийн дунд сургуульд оруулсан бэ?
-Аав. Хамаатныхаа хүүхдийг энэ сургуульд оруулах гэхэд шалгалтад нь тэнцээгүй. Тэр үед би “Намайг шалгуулаач” гэсэн гэнэ лээ. Тэгэхээр нь хөтлөөд очтол тэнцээд, тэр сургуулийн сурагч болчихсон. Сургуульд орсон өдрөөс эхлээд ганцаараа тийшээ явж чаддаг болох хүртэл аав надтай хамт хичээлд суусан даа. Би сургуульдаа нэлээд дасаад ганцаараа явдаг болох үед надад “замын зураг” гаргаж өгсөн. Манайх 50 мянгатын айл. Гэрээс гараад хаагуур явахыг нэгд нэгэнгүй ойлгуулсан. Тухайн үед Хөгжимт драматик театр байсан, одоогийн Дуурийн театр хүрэх хугацааг минутаар хэмжиж тооцоод, намайг ажлынх нь өрөөний цонхон доогуур өнгөрөх үед хүлээж зогсдог байлаа. Би ч сурснаараа дээшээ харна, аав гараараа даллана. Би хариу даллаад, цааш сургууль руугаа явдаг байв.
-Аавдаа цагаа бүртгүүлдэг байж.
-Тийм ээ (инээв). Аливаад няхуур, нямбай, цагт харам хүн байсан даа. Хэзээнээс эхэлсэн юм бүү мэд, өвчин нь хүндэрсэн байсан. Ю.Цэдэнбал даргын эмч байнга ирж үздэг байлаа. Би юм л бол аавыгаа морь болгон унаж тоглодог байсан юм. Өвчтэй хэвтэж байхад нь ч дээр нь гарч суун, цогиулдаг байж билээ. Гэтэл сүүлдээ царай нь нэг л хачин болчихсон. Би насаар бага ч зовуурь ихтэй гэдгийг мэдэрсэн байх, өрөөнд нь орохоо больчихсон. Тэгэхэд аав, ээжид минь “Охин маань орж ирэхээ байчихлаа. Би удахаа больж байх шиг байна” гэж хэлсэн гэсэн. Удалгүй бид аавгүй болсон юм. Сүүлд ээж минь хүнтэй сууж, бас нэг сайхан дүүтэй болгосон. Бид долуул. Аав намайг гойд эрхлүүлдэг байсан л даа. Яагаад гэхээр би багадаа гепатит шар өвчнөөр өвдөж, хүндрээд сүйд болоход аав олон хоног сахисан. Эмнэлэгт нялуурсаар байгаад бие биеэсээ салахаа байчихгүй юу. Их дотно байсан болоод тэр юм уу, аав минь дэргэд байгаа юм шиг санагдсаар ирсэн. Одоо ч бараг тийм санагддаг. Аавынхаа нэрийг тааруухнаар дуудуулахгүй юм сан гэж би байнга боддог. Бас аавынхаа алдар, нэрийн сургаар жижгэрнэ. Тайзан дээр тоглохоор дөнгөж гарангуут хөтлөгч “Ардын жүжигчин Цагааны Цэгмидийн охин төгөлдөр хуурч Уртнасан” гэчихээр намс гээд л явчихдаг. Харин тоглосны дараа ингэж хэлэх юм бол тайван, харин ч бахархалтай санагддаг. Яах вэ, хөтлөгчид намайг хүндэлж тэгж зарладаг байх л даа. Тэр нь заримдаа хэцүү байдаг юм.
-Олон удаа намсхийв үү. Нэг тохиолдол ярьж өгч болох уу?
-Олон, олон. Хамгийн сүүлийн жишээ хэлье. Гавьяат жүжигчин Ө.Уянга өнгөрсөн онд монгол романсуудаар их гоё тоглолт хийлээ. Бид хоёрын хамтарч хүргэсэн дуунуудаас “коронный” гэж ярьдаг даа, хамгийн сайн номер нь хөгжмийн зохиолч Б.Шаравын “Толь” гэдэг романс байсан юм. Их донжтойгоор дуулах ёстой, чимхлүүр ажиллагаа ихтэй зохиол. Түүнийг бид их сайн бэлтгэсэн л дээ. Тэгтэл Ө.Уянга дуулахаасаа өмнө намайгаа зарлахдаа яг саяынх шиг хэлчихдэг юм байна. Тэгээд л сандарч эхэлсэн болохоор санасандаа хүртэл тоглож чадаагүй. “Яах гэж тоглохоос өмнө сүртэй зарлав аа” гэхэд дуучин “Зүгээр ээ, багш аа, гоё л боллоо шүү дээ” гэсэн ч надад чамлалтай санагдаад байлаа. Цагааны Цэгмид. Энэ алдрын, аавынхаа өмнө би ингэж балмагддаг. Ер нь л даруулгатай амьдардаг.
-Их хайр, хүндлэл юм даа. Та гэр бүлийнхээ тухай ярих уу.
-Хань минь нас бараад олон жил боллоо. Манайх охин, хүү хоёртой. Хэн, хэн нь айл болцгоосон. Хүргэнийх ч, хүүгийнх ч хоёр, хоёр охинтой. Эмээ хэрнээ эмээгийн ажил хийхгүй, хөгжим л тоглоод байна даа.
-Хүний оюун санааг залуу байлгадаг нь хөгжим гэлээ. Тэгвэл концертмейстер гэдэг мэргэшлийн мөн чанарын талаар ойлгуулж өгөөч. Зарим нь дуучин болон хөгжимчнийг дагаж тоглодог төгөлдөр хуурч гэж боддог юм шиг.
-Дагаж тоглодог нь ч байдаг. Цар тахлын дэглэмийн үед хоёр жил гэртээ байхдаа концертмейстер мэргэшлийнхээ, ажлынхаа учрыг илүү сайн оллоо. Концертмейстерийн форм гэж байдаг, сэтгэл санаа, бие ч бүр дасчихсан байдаг аж. Гэртээ хэдийгээр хөгжмөө тоглож байсан ч дутуу санагдаад, сэтгэл нэг л ханахгүй, амрахгүй байсан. Төгөлдөр хуур тоглох форм гэж голчлон ярьдаг л даа. Гэтэл концертмейстер буюу бусадтай хамтарч бүтээл төрүүлдэг төгөлдөр хуурчдад сэтгэлгээний, хурдцын, хурдын форм байдаг юм байна. Үргэлж залуу уран бүтээлчидтэй ажилладаг болохоор бүхнийг тэдний хэмжээнд барьж ажилладгаа мэдэрлээ. Харьцуулах гэж оролдъё. Залуу хүн гүйхдээ ямар байдаг билээ. Би түүнээс хоцрох ёсгүй. Залуу хүн амьдралын ямар их эрчтэй, оргилуун билээ. Би тийм байх хэрэгтэй. Энэ мэт олон үзүүлэлтийн нийлбэрээр концертмейстерийн ажил хэмжигддэг байх нь. Хурд, хүчээс гадна хамтарч ажиллаж буй уран бүтээлч бүрийн сэтгэл санаа, зан чанарыг ойлгох шаардлагатай. Нэг романсыг эрэгтэй хүн дуулах өөр, эмэгтэй бол бас ондоо. Би хоёулантай нь адилхан тоглож болохгүй. Ааль авир нь ч хамаатай. Хөгжимчид сонгодог, үндэснийхээс үл хамаараад өөр, өөр тоглолт шаардана. Энэ бүхийг мэдэрч ажиллах нь концертмейстер гэдэг мэргэшил, мэргэжилтний мөн чанар. Харахад гойд мэдэгдэхгүй, бүр гараа ч олигтой хөдөлгөхгүйгээр дотоод сэтгэлээ илэрхийлэн хөгжимддөг, дуулдаг хүмүүс байдаг. Тэдний юу хүсэж байгааг концертмейстер хэдийгээр өөр тийш хараад суудаг ч мэдэрдэг л байх ёстой. Нүүр лүү нь харахгүй, ноотоо шагайж байх ч тэдний сэтгэл, бодол дахь нарийн мэдрэмжийг өөртэй нь адил мэдрэх нь бидний ажил. Концертмейстер бол уран бүтээлчидтэй хамтарч тоглодгийн хувьд багш нь, удирдаач, сэтгэхүйн талын удирдагч нь байдаг.
-Концертмейстер байдаггүй бол хөгжимчид, дуучид төрөх үү?
-Үгүй. Гадаадад бол сайн концертмейстерүүдийг маш их үнэлдэг. Манайд л хөгжимчид, дуучдын ард суугаад тоглож байдаг, хоёрдогч хүн мэтээр ойлгох гээд байдаг. Намайг нарийн бүрээний Дашцэрэн багш концертмейстер болгосон юм. Тэр хүн надад юу ч хэлдэггүй, заадаггүй, загнадаггүй байсан. Зөвхөн хажууд суугаад ноот эргүүлдэг тэр багш сурагчаа ч, намайг ч удирдаж хичээл заадаг байв. Би ч сурагчдынх нь тоглох арга барилаас суралцдаг байлаа. Багш амьсгаагаараа буюу үлээлтээрээ надад яаж тоглохыг хэлж өгдөг. Үлээвэр хөгжимчин учраас тоглох, заах арга барилаа амьсгаан дээрээ төвлөрүүлдэг байсан л даа. Яг л дуучидтай ажиллаж байгаа юм шиг. Ер нь би Уралын Консерваторид олж аваагүй мэдлэгээ Хөгжим бүжгийн дунд сургуулийнхаа багш нараас олж авсан юм. Багш бүр өөр өөрийн заах аргатай. Тэр бүхэн нь надад хичээл болдог байсан.
-Олон багшийн мэдлэг, боловсролын нийлбэрээр та сайн концертмейстер болжээ гэж ойлголоо. Таныг тоглохдоо суудал дээрээ их хөдөлдөг, гараа шиддэг гэх зэргээр ярихыг сонссон. Та эмзэглэдэг үү?
-Бүр үс гэзгээ сэгсэлзүүлдэг гэж ярьсан удаатай. Би сонсдог л доо. Гэлээ гээд яах билээ. Би өөрөөр байж чадахгүй. Эхэндээ санаа зовдог байсан ч нэг удаа сайн концертмейстерт магтуулснаас хойш айхаа больсон юм.
-Хэзээ, хаана болсон явдал вэ?
-Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар бид хоёр ОХУ-д болсон М.Глинкийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдаанд оролцсон юм. Тэр уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд Оросын төдийгүй дэлхийн алдартан Д.Хворостовскийн концертмейстерээр ажилладаг байсан төгөлдөр хуурч байсан л даа. Манай дуучин тэргүүн байр эзэллээ. Биднийг тайзнаас буухад тэр концертмейстер “Таны эмоцод баяр хүргэе” гэсэн. Тэгж хэлэхийг нь сонсоод би өөрийгөө зөв замаар яваа юм байна” гэж бодсон.
-Та сүүлийн жилүүдэд Өвөр Монголд ажиллалаа. Чи Булаг багш таныг тавьж явуулахгүй нь ээ.
-Монгол хүн болохоор морин хуурыг сайн мэднэ, тийм болохоор “Тахь” чуулгад хэрэгтэй байна гэдэг юм. Булаг багшийнхаа ачаар БНХАУ-ын аль сайхан газар, хотоор аялж тоглосон. Хил нээгдвэл ир гэх байх даа. Ажлаа, хувцас, ер нь бүх юмаа орхиод ирсэн болохоор буцах байх. “Тахь” бол Өвөр Монголын Чи Булагийн нэрэмжит морин хуурын чуулга.
-Та Хөгжим бүжгийн дунд сургуулийг М.Н.Григорьева багшийн удирдлагаар төгссөн. Багштайгаа дотно байсан учраас түүний хань, дуурийн урлагийн мастеруудын нэг, Гавьяат жүжигчин Д.Банди багштай олон жил хамтарч ажилласан уу?
-Яг тийм. Өмнө нь хэд хэдэн орос багшаар заалгаж байгаад, есдүгээр ангиасаа Григорьева багшийн шавь болсон юм. Багш бид хоёр хичээлийн тухайд ч, амьдралын асуудлуудаар ч маш сайн ойлголцдог байлаа. Д.Банди багштайгаа ажилласнаар олон сайхан дуучинтай хамтарсан.
-Олон сайн дуучин төрүүлсэн гэвэл оновчтой болов уу. Д.Банди багш та хоёр хэн, хэн гэдэг дуучдын хөлийг нь дөрөөнд хүргэсэн бэ?
-Гавьяат жүжигчин Ө.Уянга, ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Гомбо-Очир, Г.Ариунбаатар гавьяат гээд нэлээд хэдэн уран бүтээлч бий. Тенор Б.Батжаргал ч бэлтгэл ангийн оюутан нь байсан.
-Энэ олон жилийн турш мөн ч олон хөгжимчнийг гарыг нь ганзганд хүргэсэн дээ, тийм ээ.
-Би хойд хөршид суралцан төгсөж ирсэн цагаасаа тоолоход Хөгжим бүжгийн дунд сургуулийн мэргэжлийн бүхий л багш нартай хамтарч ажилласан байна лээ. Тэгэхээр хэд хэдэн үеийн сурагч, оюутнуудын багш нь гэсэн үг. Улсын олон уралдаанд хүүхдүүдийг бэлтгэж оролцуулсан.
-Байсхийгээд шилдэг концертмейстерийн шагнал хүртдэг. Ямар, ямар уралдаанаас авсан бэ?
-Ардын жүжигчин Л.Мөрдорж, Г.Жамъян, Ж.Чулуун, С.Гончигсумлаа нарын нэрэмжит болон Үлээвэр, цохивор хөгжимчдийн улсын уралдаануудаас “Шилдэг концертмейстер” шагнал хүртсэн. Би саяхан маш гоё уран бүтээлчидтэй хамтарч ажилласандаа баяртай байгаагаа хэлж болох уу. Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн хөгжим, Энхболдын цомнол “Ганц цагаан шувуу” моно дуурьт ажиллалаа. Төгөлдөр хууртай, оркестртой дуурь. Удирдаач нь Б.Лхагвасүрэн. ДБЭТ-ын гоцлол дуучин Э.Отгонбаттай сар гаруйн хугацаанд бэлтгэл сургуулилалт хийлээ. Хөгжмийн зохиол нь орчин үеийн хэв маягтай. Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулагч энэ бүтээлийг найруулахаар завдаж байхдаа цомнолыг нь түүгээр бичүүлбэл сайн, концертмейстерээр нь Ц.Уртнасанг сонгоорой гэх зэргээр хэлсэн байсан нь гоё, бараг л шагнал шиг санагдсан. Тэр том найруулагч намайг тоож нэр заасан байсанд их баярласан. Зохиол их өвөрмөц, дотоод зөрчилдөөнтэй, жүжиглэлт ихтэй. Ийм гоё уран бүтээлийг бид хоорондоо нэг удаа ч зөрж, маргалгүй бүтээж үзэгчдэд хүргэлээ. Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл үнэхээр гоё хөгжим туурвисан. Дуучин Э.Отгонбат маш сайн дуулсан. Ганцаараа 50 минут дуулахад огтхон ч ядраагүй. Ийм эрч хүчтэй залуустай шинэ бүтээл төрүүллээ.