Италийн нэрт хөгжмийн зохиолч Ж.Пуччинигийн “Чио Чио сан” буюу “Эрвээхэй хатан” дуурийг энэ сарын 23, 24-нд буюу ирэх амралтын өдрүүдэд ДБЭТ-ын уран бүтээлчид хүргэх гэж байна. Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү удирдах эл дуурийн гол дүрд Гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Б.Энхнаран нар гоцолно. Хөгжмийн зохиолч Ж.Пуччини энэ дууриа анх хоёр үзэгдэлтэйгээр бичсэн бөгөөд хамгийн анхны тоглолтоо 1904 онд алдарт “Ла Скала” театрт тоглоход үзэгчид хүлээж аваагүй аж. Тиймээс Ж.Пуччини богино хугацаанд дууриа засаж, гурван үзэгдэлтэй болгон бичиж Брессиагийн театрт тоглоход гайхалтай амжилт олжээ. Дуурийн цомнолыг Луижи Иллиса, Жузеппе Жакоса нар зохиолч Жон Лютер Лонгийн “Эрвээхэй хатан” туужаас сэдэвлэн бичсэн аж. Ж.Пуччини 1906 онд гурав дахь хувилбараа бичиж Нью-Йоркийн театрт тоглуулж, 1907 онд дөрөв дэх хувилбар болгон зарим хоолойг нэмж Парисын театрт тоглуулсан байна. Хамгийн сүүлд буюу 1907 оны сүүлчээр Ж.Пуччини нэгтгэн засварлаж, эцсийн хувилбарыг гаргасан нь үндсэн эх хэмээгдэж, өдгөө түүнийг дэлхий дахинаа тоглож байна. Манай улсад эл дуурийг 1967 оны дөрөвдүгээр сарын 17-нд Д.Лхасүрэн найруулан, Б.Дамдинсүрэн, Ж.Чулуун нар удирдан хүргэсэн түүхтэй.
А.Халиун