Балетчин, багш, Гавьяат жүжигчин Х.Мөнгөнхөлөгийг дэлгэцийн урлагийн талбараас харах болов. Зурагтаар өдгөө ид гарч буй “Яаралтай тусламжийн тасгийнхан” 20 ангит уран сайхны кинонд Яаралтай тусламжийн тасгийн зөвлөх эмчийн, мөн өргөн дэлгэцээр үзэгчдэд хүрч буй зохиолч С.Удвал ахайтны намтар, түүхээс өгүүлэх “Улаан цэцэг” киноны төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуу даргын дүрийг тэрбээр бүтээсэн. Өмнө нь цагдаагийн байгууллагын ажил үйлсээс харуулсан “Мөрдөгч” кинонд өмгөөлөгч, балетчины тухай “Тютю”-д бүжгийн ерөнхий зөвлөхөөр ажилласны зэрэгцээ офицерын дүрд хувирсан. Бас төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Батмөнх даргын тухай “Бүү март” киноны харуул хамгаалалтын албаны дарга.
“Яаралтай тусламжийн тасгийнхан” болон “Улаан цэцэг” кино нь “Ufilm”-ийнхний бүтээл юм. Гавьяат жүжигчин Г.Ундармаа продюсер нь. Тэдний зүгээс Х.Мөнгөнхөлөгийг дүр бүтээж сурсан туршлага, нас, намба, харц, цэгцтэй яриа зэргийг нь үндэслэж эхний кинонд эмчийн дүр бүтээхийг санал болгожээ. Харин дараагийнхад нь гадаад төрхийг нь илүүтэй харсан байна. Түүний үсний засалт, духны хэлбэр, хамар зэргийг Ж.Самбуу дар-гынхтай төстэй гэж үзжээ. Жүжигчин өөрөө эдгээрээс эмнэлгийн сэдэвтэй бүтээлд нь тоглох гэж ихийг сурсан тухайгаа ярьж байлаа. Сүүлийн үед гудамжинд, унаанд явж байхад нь хүмүүс тогтож хараад, хоорондоо ярьж, зарим нь харцаараа, хуруугаараа ч гэсэн заагаад байх болсон гэнэ. Тэгэх тусам нь бүтээсэн дүрээр нь дамжуулж, киноны цаадах жинхэнэ амьдралын тухай бодолхийлж байгаасай, өөртөө, гэр бүлдээ хэрэгтэй санаа олж аваасай гэж бодох болсноо хэлж байлаа. Алдарт Ч.Лодойдамбын зохиол “Тунгалаг Тамир” романаар бүтээсэн ийм нэртэй кинонд балетын жүжигчин Н.Баатар ядуу ард Эрдэнийн дүрийг яг л бодит амьдралд ийм хүн аж төрж байсан гэж ойлгогдохоор бүтээснийг бид мэддэг. Тэгвэл өдгөө Хөлгөө гэж товчлон дуудах балетчин жүжигчинтэй болжээ.
Х.Мөнгөнхөлөгт өдгөө уран бүтээлийн нэгэн байгууллагаас Дилав хутагтын тухай кинонд Хятадын генерал Чан Кайшийн дүрд тоглох санал тавиад буй юм билээ. Үүнийг сонсмогцоо уг киног хэн, хэзээ бүтээх, төсөл нь хэвээр, эсэхийг ч мэдэхгүй хэрнээ “Яг тохирно оо” гэчихлээ. Яагаад ингэв гэхээр балетчиныг театрын тайзнаа бүтээсэн дэлхийн сонгодог болон Монголын хөгжмийн зохиолчдын олон жүжгийн сөрөг дүрд хэрхэн хувирч ирснийг мэдэх болохоор харьцангуй ширүүн дориун мэт дүрийг илүүтэй гаргах, илэрхийлэх болов уу гэж бодсоных юм.
Үндсэндээ сөрөг дүр илүүтэй тохирдог гэх гээд байна л даа. Хөгжмийн нэрт зохиолч Э.Чойдогийн “Шарилжин дундах цэцэг”-ийн залуу дайчин Ширүүнгарьд, Оросын хөгжмийн алдарт зохиолч Б.Асафьевын “Бахчисарайн оргилолт булаг”-ийн Гирей хаан, П.И.Чайковскийн “Хунт нуур”-ын хорон санаат Ротбарт зэрэг дүрийг хэрхэн бүтээдгийг нь үзэгчид мэднэ. Бас нэгэн онцгой, өөрийгөө нэлээд эвдэж бүтээсэн гэхээр дүр байдаг нь Францын хөгжмийн зохиолч Ф.Херольдын “Дэггүй Лиз”-ийн Симона хатагтай юм. Дэлхийн театруудад уг дүрд эрэгтэй жүжигчин тоглуулж ирснээр онцлог бөгөөд Монголд ч тэр зарчмыг баримталсан.
Хөгжим бүжгийн дунд сургуулийг балетын жүжигчин мэргэжлээр төгсөж, ДБЭТ-т олон жил ажиллахдаа 20 гаруй жүжигт гол дүр бүтээсэн, балетчин бэлтгэх их үйлсэд нөр их хөдөлмөрөө зориулж яваа багш энэ урлагт хэрхэн хөл тавьсан нь сонирхолтой. Хуульч аав, эмч ээжийн хүү хэрхэн балетчин болов. Хөлгөөг багад эднийх аавыг нь аль аймаг руу шүүхийн даргаар томилно, тийш нүүдэг байж. Төв, Завхан, Сүхбаатар аймаг, мөн Эрдэнэтэд ч амьдарсан. Аав нь Сүхбаатар аймгийн шүүхийн даргаар ажиллаж байсан үед аж. Х.Мөнгөнхөлөг 1986 онд тус аймгийн арван жилийн сургуульд сурч байхад нь Улаанбаатараас Хөгжим бүжгийн дунд сургуульд сурагчид шалгаруулан элсүүлэхээр сонгодог бүжгийн багш Б.Жав, морин хуурын Л.Баасанхүү багш нар очжээ. Хөлгөө шалгалтын үе шатуудыг давсаар, шийдвэрлэх мөчид ирэхэд бие бялдраар тэнцсэн ч монгол хэлнийхэд уначихсан юм билээ. Гэсэн ч багш нараас “Би балетын ангид суралцмаар байна” гэж гуйгаад байж. Тэгэхэд нь Б.Жав багш “Бүжигчид математикт сайн байхад болно доо” гээд хот явах эрх олгожээ. Гэтэл хүүгийн зорилго балетчин болох огтоос биш, харин буурал аавтайгаа уулзах байв. Багаасаа буурал аав, ээжтэйгээ хамт өссөн болохоор тэднийгээ ихэд санадаг байж л дээ.
Ингээд тэрбээр Хөгжим бүжгийн дунд сургуулийн сурагч болсноор дотуур байранд нь таван жил амьдарчээ. Эхний нэг, хоёр жил бүжигчин болох тухай ямар ч төсөөлөлгүй, зав л гарвал буурал аавынх руугаа очиж эрхэлдэг байж. 1988 онд өвөө нь нас барахад Хөлгөө сургуулиасаа гарах шахаж. Сурлага нь муудаж эхлэхэд багш нар анхааруулан “Чи хичээлдээ 3-авдаг боллоо. Өмнө нь чиний дүн 4+-ээс буудаггүй байсан. Ингэж болохгүй” гэж зэмлэж эхлэхтэй зэрэг аавынх нь хэлсэн санаанд нь ороод байж. Хөгжим бүжгийн дунд сургуульд сурна, балетчин болно гээд хот руу явах үед аав нь хүүдээ “Чи өөрөө л ийм зам сонгосон. Дундаас нь шантраад, орхино, болино гээд байх юм бол би чамайг хүлээж авахгүй шүү” гэсэн юм байна. Ийм хоёр сануулгын дунд яахаа шийдэж ядан байх үед тэдний ангийхныг 1988 онд УДБТ-т П.И.Чайковскийн “Нойрссон гүнж” балетыг ЗХУ-ын мэргэжилтний удирдлагаар шинээр тавихад хүүхдийн хэсэгт бүжиглүүлжээ. Мөн түүний өмнөх жил тавьсан “Щелькунчик”-ийг үзэхэд ихэд таалагдсан тул балетчин байх нь гоё юм байна гэсэн бодолтой болсноор мэргэжилдээ дурлаж эхэлсэн аж. Балетчин жүжигчин урлагийн төрлүүд дундаас хамгийн сайхан нь балет гэж боддогоо хуваалцав. “Үг хэлэхгүйгээр үзэгчдэд ойлгогдтол жүжиглэнэ гэдэг амаргүй. Хөгжмийн бүтээлийг, хөгжмийн зохиолчийн хэлэх гэсэн санааг найруулагчаар болон өөрөөрөө дамжуулж илэрхийлнэ гэдэг хамгийн сайхан. Жүжиг үргэлжлэх хоёр цагийн хугацаанд тухайн цаг үед, бодит байдалд байгаа юм шиг санагдах нь гайхамшиг. Ширүүнгарьдад тоглоход XIII-XIV зуунд очно. Симона гэхэд XVI зууны үеийн тосгоны авгай. Гирей хаанд тоглоход XV зууны, Бага хаадын үеийн амьдрал дунд туучиж яваа юм шиг санагддаг. Улс, үндэстнүүдийн тухайн, тухайн үеийн бодит амьдралын тухай мэдээллийг алга ташилт болтол нь хүргэж чадна гэдэг гайхамшиг. Дуучин бол хоолойгоороо, хөгжимчин бол эгшгээр, бүжигчин бол бүхий л үе мөч, сэтгэл зүрх, нүд хөмсөг гээд байгаа бүхнээрээ хүргэдэг. Балетын урлаг үүгээрээ онцгой. Балет хүмүүст гоо сайхны болон урлагийн дээд хэлбэрээр бодит мэдээлэл, мэдрэмж өгдгөөр онцлог” хэмээн тэрбээр ярив.
Балетчид бэртэх нь байдаг. Х.Мөнгөнхөлөг сургууль төгссөнөөс хойш хоёр жилийн дараа зүүн хөлийнхөө шагайг булгалснаас болоод шөрмөс нь сунасан аж. Мөн 2000 онд ахуйн ослоос болж тохойгоо хугалаад, мэс засал хийлгэжээ. Тэр үеэс өнөөг хүртэл тохойдоо шрүүптэй хэвээр. Бүрэн тэнийдэггүй тохойгоо бүжиглэх явцад өөрт нөлөөлөхгүй шахам болтол дасгасан гэнэ. “Амьдралгүй боллоо. Яана даа” гэж бодож байсан үеийнхээ тухай өнөөдөр ярихдаа мэргэжлийн ажлаа үргэлжлүүлэн хийх боломж бэлэглэсэн франц балетмейстер Клина Кремона багшид насан туршдаа талархаж явдгаа хэлсэн юм. Клина бол Соросын сангийн шугамаар манай улсад ирж, бүжигчдэд орчин үеийн бүжиг зааж, хэрхэн дэглэхийг сургасан мэргэжилтэн. Тэрбээр Монгол дахь сургалтаа өндөрлүүлээд, нутаг буцсаныхаа дараа хавар эндээс шилж сонгосон бүжигчдээ Франц, Хорватад тоглуулна гэсээр дахин хүрээд иржээ. Тэр үед Хөлгөө хугархай гараа харуулаад “Явж чадахааргүй болсон, багш аа” гэхэд “Шалгаруулсан бүжигчдээ авч явна. Чамайг усаар эмчилнэ” гэжээ. Тэд Хорватад гурван сарын турш бэлтгэл хийх явцад багш нь Хөлгөөг өдөр бүр далайд сэлүүлдэг байж. Усан эмчилгээний үр дүнд гар, тохой нь уян зөөлөн болсоор байв. Ингээд тэнийдэггүй гартай очсон хүн сарын дараа шүдээ угаадаг болоод, удалгүй үсээ самнаж эхэлсэн гэнэ. Гурван сарын дараа гэхэд бүхий л ажлыг баруун гараараа хийдэг болжээ. Орчин үеийн бүжгийн дасгалуудаар шөрмөснийх нь үйл ажиллагааг сэргээж өгч. Х.Мөнгөнхөлөг өдгөө “Багш биднийг тэвчээртэй, сэтгэлийн хаттай байхад сургасан. Өөрөө автын осолд орсноор олон жил суугаа байсан ч орчин үеийн бүжгээр эмчилгээний арга зохиож, хөл дээрээ боссон юм билээ. Клина багш бол намайг амьдралтай минь дахин золгуулсан ачтан” гэж байлаа.
Х.Мөнгөнхөлөгийн гэргий нь дуучин. ДБЭТ-ын найрал дууны ангид ажилладаг. 1994 онд сургуулиа төгссөн балетчин театрт ажиллаж байх үед гэргий нь 2001 онд СУИС төгсөж, дуучнаар ирсэн юм билээ. Тэд дуурийн ч, балетын ч, тухайлбал “Учиртай гурван толгой”, “Евгений Онегин” гэх зэрэг цогц уран бүтээлд хамтдаа тоглох нь олонтоо. Уран бүтээлч байхын жаргал, зовлонг цуг туулж яваа хос гурван охиноо урлагийн хүн болгоно гэж албадахгүй, мөн дурлаад байвал нь хориглохгүй гэж үздэг байна.
Гэргий Б.Урангоо нь нэрт хөгжмийн зохиолч Б.Шарав агсны ойрын хамаатан. Маэстро түүний нагац ах нь. Б.Шарав агсан Хөлгөөтэй хааяа уран бүтээлийн талаар ярьдаг байжээ. Бичсэнээ үзүүлж, “Ийм дуу болсон. Алив дуулах гээд үз дээ” гэдэг байж гэнэ. Мөн “Монгол балет бичих хүсэл байдаг. Нэг удаа модерн балет (Зуурдын орон) бичсэн. Ер нь болох юм шиг байна. Хөгжим талд нэлээд судалгаатай хандсан. Дэглэлт ч гэсэн дажгүй. Дахин сэргээж, найруулгыг нь сайжруулах шаардлага байна. Чи хийх юм уу. Хэдхэн тоглоод таг болдог жүжиг гэж юу байх вэ” гэж байжээ. Тэгэхэд нь Х.Мөнгөнхөлөг “Ах аа, би балетмейстер биш юм чинь, барахгүй дээ” гэсэн юм билээ. Ийм нэгэн бүтээлч багш урлагийн арай өөр чиглэлд ур чадвар сорих болсныг олзуурхан, сонирхон мэдээлэл бэлтгэлээ.