Үндэсний номын сангаас Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөрт зориулан Үнэт ховор номын музейдээ ховор ном, судрын үзэсгэлэн дэлгэлээ. Үзэсгэлэнд сахиусан дарь эх болон ногоон дарь эх, цагаан Дарь эхийн судрууд, тэдгээрийн олон төрлийн гар бичмэл, модон хэвээр хэвлэсэн болон тод монгол бичгээр бичсэн хувилбаруудыг дэлгэжээ. Мөн Цагаан дарь эхийн хувилгаан хэмээдэг төрийн их хатан Дондогдуламд олгосон алтан навчит өргөмжлөл, Дундад иргэн улсаас өргөмжилсөн навчит өргөмжлөл, төрийн хатан сэнтийд залрахад нь өргөсөн өчил залбирал зэргийг олон нийтэд танилцууллаа. Түүнчлэн Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны ноён Ширнэндамдингийн хатан Сандуйд олгосон өргөмжлөл бичиг зэргийг толилуулж буй юм. Үүний зэрэгцээ 1930-аад онд туурвисан эмэгтэйчүүдийн тухай дуу, өгүүллэгүүд, 1934 онд Ц.Цэдэнжавын орчуулсан Перл Бакийн “Эх” хэмээх зохиолын монгол орчуулгыг олны хүртээл болгож байна. Ховор ном, судар болон уран гарт бүсгүйчүүдийн урласан оёмол ном, номын нэгэн хэрэглэл болох донтор зэрэг бүтээлийг дэлгэсэн эл үзэсгэлэн энэ сарын 25 хүртэл үргэлжилнэ
Бэлтгэсэн А.Хангал