АН ээлжит бус XIII их хурлаа өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулав. Хоёр хуваагдаж, хэрүүл тэмцэлтэй байгаа АН дахь С.Эрдэнэ тэргүүтэй талынхны хийсэн эл хуралд 1192 төлөөлөгч оролцсон юм. Тус хуралд хүндэт төлөөлөгчөөр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд М.Энхсайхан, Да.Ганболд нар оролцож, АН-ын өнөөгийн байдал болон дэлхий дахинд тулгамдаад буй Орос, Украины асуудлаар байр сууриа илэрхийллээ. АН-ын дарга асан С.Эрдэнэ хурлыг нээж хэлсэн үгэндээ “Нийгмийн хүнд хэцүү, ээдрээтэй үед их хурлаа зохион байгуулж байна. Бид УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуульд дүгнэлт хийх ёстой. Сонгуулийн дараа миний бие хариуцлагаа хүлээж, дэд даргад тамгаа шилжүүлсэн ч дүрмийн бус, бусармаг үйл явдал шил шилээ даган гарсан. Ийм нөхцөл байдлыг харгалзан эргэж ажилдаа орсон. АН-ыг хэчнээн хувааж, гутаагаад ч нэмэргүй” гэв. Мөн тэрбээр “Х.Баттулга шиг улс орон, намаа сүйрүүлсэн удирдагч байхгүй” гээд түүнийг АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэндээ уучлал хүслээ.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Сөрөг хүчин гэгдэх АН-ыг хувааж, бүртгэлээр нь дамжуулан устгах гэж МАН оролдож байна. Эрх чөлөөний баганаа хөрөөдөж болохгүй. Тиймээс ардчиллаа тойрч нэгдье. АН ард түмний эрх ашгийн төлөө явах ёстой. Үүнийгээ АН өөрсдөөсөө эхэлж, үлгэр жишээ байдлаар харуулах цаг болсон. Э.Бат-үүлийг эргэж очиход надад “Намаа нэгтгээрэй” гэж захисан. Хуваагдсан хоёр тал ширээний ард суугаад ярилц. Улс төрийн хошин шог хийх хэрэггүй. Нийлж хурлаа хийе. Даргаа сонгож, дүрмийн өөрчлөлтөө хийе. Монголын ардчиллыг эрх баригч нам алдаа гэж бодож байгаа. Тэд Оросын улс төрийн системээр цааш явах ёстой гээд баясаад сууж байгаа. Ийм хүмүүст өгөөш шидэх хэрэггүй. АН бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа. Монголд болохгүй байгаа асуудал нь улс төртэй холбоотой. Тэр дундаа улс төрийн намтай хамаатай” гээд Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөхдөө намын бүртгэлийг Дээд шүүх шийддэгийг зогсоох ёстой талаар байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр намын бүртгэлийг Сонгуулийн ерөнхий хороо хариуцаж, маргаан үүсвэл Дээд шүүх шийдвэрлэх ёстой гэж үзэж буй аж. Мөн тэрбээр “Орос, Украины дайн одоо хамгийн хүнд хэлбэр лүү орох гээд байна. Эхлээд цэргийн баазыг устгасан бол одоо энгийн иргэд, эмнэлэг, хотын захиргааг бөмбөгдөж байна. Тиймээс энэ дайныг маш хурдан зогсоож, энхийн замаар шийдэх хэрэгтэй. Би Төрийн тэргүүнээр ажиллаж байхдаа Монгол Улс төвийг сахих талаар санаачилга гаргаж, ҮАБЗ дэмжин, УИХ-д мэдээлэл хийж байсан. Төвийг сахина гэдгийг манайхан ямар ч байр суурьгүй байна гэж ойлгодог нь буруу. Монгол Улс хоёр том хөрштэй учраас энхийг эрхэмлэх нь чухал. Төвийг сахина гэдэг нь өөрийн толгойтой байхыг хэлж байгаа юм. Нэг үгээр хэлбэл, “Монгол Улс төвийг сахина. Асуудлыг энхийн журмаар шийдэх ёстой. Тиймээс манай нутаг дэвсгэр дээгүүр цэрэг явахгүй” гэвэл энэ нь манай улсын байр суурь. Монголын хувьд төвийг сахих нь Орос, Хятад, АНУ-д толгойгоо мэдүүлэхгүй байхын нэр. Төвийг сахисан оронд аюул тулгарвал улс бүр хамгаална. Монголыг ардчилсан, нээлттэй, эрх чөлөөтэй, төвийг сахисан улс гэдэг утгаар нь хамгаална. “Төвийг сахисан” гэдэг үгийн хажууд “энхийг эрхэмлэсэн орон” хэмээх ойлголт байнга хамт явдаг” гэлээ.
Харин Ерөнхий сайд асан М.Энхсайхан “1990 оны ардчилсан хувьсгалыг эргэн санахад бид айдсаа давж гарсан. Энэ айдас Монголын нийгэмд гүн шигдээстэй байгаа. Олон хүнээ хэлмэгдүүлсэн ч 1990 оны хувьсгалаар айдсаа дарж, эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэн. Украины асуудаас болж нийгэм айдас хийгээд үнэт зүйлсээрээ хуваагдаж байна. Оросоос Украин руу дайрч байгаа нь нэг өдрийн шийдвэр, үйл явдал биш. Их урт хугацаанд энэ “могой”-н үр бойжиж байсан. Өнөөдөр түрэмгийлэл үйлдэж байгаа Путиний дотор Сталин, Гитлер бий. Өөрийнхөө ард түмнийг хавчин гадуурхаж, устгах бодол түүний дотор бий. Ер нь дарангуйлагч бий болсон цагт амьдрал сайхан байхгүй нь тодорхой. Дарангуйлагч бий болоход түүнийг тахин шүтдэг ард түмэн нөлөөлдөг. Оросын ард түмэн дайныг эсэргүүцэж байна. Гэвч тэдэнд 15 жилийн хорих ял оноохоор хууль баталж байна. Үүнээс харахад дарангуйлал тогтжээ. Украинд болж байгаа үзэгдэл Монголд тохиолдохыг үгүйсгэхгүй. Барууныхан “цэргийн машин”-ыг түргэн зогсоохын тулд хориг арга хэмжээ авч байна. Энэ нь Орос, Монголын аль алинд нь хүнд тусна. Дайныг хурдан зогсоохын тулд АН үзэл бодлоо илэрхийлэх ёстой. Дуугүй суух нь бүр аюултай” гээд дайныг хатуу эсэргүүцэхийг уриаллаа.