УИХ 2020 оны нэгдүгээр сард Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг шинэчлэн баталсан. Ёстой л нэр төдий, цаг үеийн шаардлагад нийцэхээ байсан хууль, бүтэц, зохион байгуулалттай, томилогдсон хүмүүс нь ч, бэлтгэдэг тайлан нь ч хуучинсаг хэмээн шүүмжлүүлж ирсэн Хүний эрхийн үндэсний комиссыг олон талаар шинэчлэх эрх зүйн үндэс нь энэ хууль байх болов уу гэх хүлээлт өндөр байлаа. Тус комиссын гишүүнээр ажиллаж буй таван хүнийг ч шийдвэр гаргагчид хийгээд олон нийтийн аль аль нь ам сайтай томилсон. Харин Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ өнгөрсөн оны дөрөвдүгээр сард баталснаар уг комисс зургаан гишүүнтэй ажиллахаар болсон билээ. Өөрөөр хэлбэл, хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүнээр комисс бүл нэмсэн юм. Гэхдээ эл гишүүнийг томилоогүй л байна. Хүний эрхийн үндэсний комисс бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллахгүй байгаа гэсэн үг.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийнхэн уг албанд нэр дэвшигчидтэй 14 хоногийн өмнө буюу өнгөрсөн сарын 17-нд томилгооны сонсгол зохион байгуулсан. Тодруулбал, нэрээ дэвшүүлсэн Т.Саруул, С.Дондов хэмээх хоёр бүсгүйг оролцуулан сонсгол хийсэн юм. Гэхдээ эл албанд эмэгтэйчүүд нэрээ дэвшүүлсэн нь энэ удаагийн сонгон шалгаруулалт бас бүтэлгүйтэх шалтгаан болж мэдэхээр байна. Учир нь Хүний эрхийн комиссын тухай хуулийн 12.9-д “Комиссын гишүүнийг томилохдоо жендерийн тэгш байдлыг харгалзан үзэх бөгөөд энэ хуулийн зургаан гишүүний 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байна” гэх заалт бий. Үндсэндээ эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай гишүүдийн эзлэх хувь хамгийн багадаа 40 байх ёстой гэсэн үг. Өдгөө ажиллаж буй таван гишүүний хоёр нь эрэгтэй. Тэд комиссын зургаан гишүүний 33.3 хувийг төлөөлж буй. Ийнхүү эрэгтэйчүүдийнх нь эзлэх хувь 40-өөс бага байгаа нь дээр дурдсан заалттай зөрчилдөж байгаа юм. Өөрөөр хэлбэл, одоо томилогдох гишүүн заавал эрэгтэй хүн байж гэмээнэ хууль биелэх нөхцөл үүсэхээр харагдаж байна.
Гэхдээ Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн зүгээс арай өөр тайлбар хийсэн. Тус ажлын хэсгийн ахлагч М.Үнэнбат (УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Хууль зүйн байнгын хороо хариуцсан ахлах зөвлөх) энэ тухайд “Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг хэлэлцэж байхад энэ асуудал хөндөгдсөн. УИХ-д өргөн барьсан анхны төсөлд ийм заалт байгаагүй. Хэлэлцүүлгийн явцад аль нэг хүйсийн төлөөлөл комиссын бүрэлдэхүүнд давамгайлах ёсгүй гэж УИХ-ын гишүүд яриад, 40- өөс доошгүй хувийг аль нэг хүйсийнхэн эзэлж байхаар тусгасан юм. Өөрөөр хэлбэл, энд нэр дэвшиж буй хоёр эмэгтэйн нэг нь сонгогдож, комиссын бүрэлдэхүүн дэх хүйсийн харьцаа 2:4 болсон ч хуультай зөрчилдөхгүй” хэмээн тайлбарласан. Нэр дэвшигч С.Дондов ч эмэгтэй хүн сонгогдсоноор комиссын гишүүдийн жендертэй холбоотой заалт зөрчигдөхгүй гэж үзэж буйгаа илэрхийлнэ лэ. Гэвч ажлын хэсгийнхэн 100 хувь зөв ярьж, тайлбарлаж байна гэсэн үг бас биш. Өмнө нь шүүхийн шинэчлэлийн үйл явцын томоохон хэсэг болох Шүүхийн ерөнхий зөвлөлийг шинээр байгуулах сонгон шалгаруулалтыг ажлын хэсгийнхэн будилууллаа гэх шүүмжлэл гарсныг сануулъя. Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус таван гишүүнийг УИХ сонгон шалгаруулж, томилсон бөгөөд тэдний нэг нь Д.Зүмбэрэллхам. Шүүхийн тухай хуульд зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах зарыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэхдээ нэр дэвшигч нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаагүй иргэн байх шаардлага тавьсан юм. Үүнийг нь хангаагүй, өмнө нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан Д.Зүмбэрэллхамыг сонгон шалгаруулан, томилж, эцэст нь эргэлзээтэй тайлбар хийсэн хүмүүс нь ажлын хэсгийнхэн байлаа.
Юутай ч Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг шинэчлэхдээ эхлээд таван ги шүүнтэй, жилийн дараа Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлахдаа нэг хүн нэмж, зургуулаа ажиллахаар болсныг дээр дурдсан. Жендерийн тэгш байдлыг харгалзан үзэхтэй холбоотой заалтыг Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг шинэчлэхэд буюу таван гишүүнтэй байх үед хуульд оруулсан. Ийм тохиолдолд таван гишүүний 40-өөс доошгүй хувийг нэг хүйсийн хоёр хүн хангалттай төлөөлөх юм.
Уг нь Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсны дараа сард буюу өнгөрсөн оны тавдугаар сард комиссын гишүүний эл албан тушаалд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтыг зарласан. Тухайн цаг үеийн нөхцөл, цар тахлын тархалт зэргээс шалтгаалан сонгон шалгаруулалт бараг гурван сар үргэлжлэн, сунжирсан юм. Энэ хугацаанд хоёр хүн нэрээ дэвшүүлсэн ч нэг нь өөрийн хүслээр өрсөлдөөнөөс гарч, нөгөө нь өөр албан тушаалд томилогдсон тул сонгон шалгаруулалтыг дахин зарласан хэрэг. Тус сонгон шалгаруулалтыг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 15-нд эхлүүлсэн бөгөөд өдгөө үргэлжилж буй нь энэ. Нийт гурван хүн нэрээ дэвшүүлснээс нэгэнд нь хуулийн шаардлага хангахгүй гэдэг үндэслэлээр ажлын хэсгийнхэн татгалзсан хариу өгч, Т.Саруул, С.Дондов нар тунаж үлдсэн хэрэг.
Одоо ажлын хэсгийнхэн тэднээс нэгийг нь олонхын саналаар сонгож, Хууль зүйн байнгын хороонд уламжлах бөгөөд УИХ-ын гишүүдийг оролцуулсан томилгооны сонсголыг дахин явуулах ёстой. М.Үнэнбат ахлагчтай ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Мөнгөнцэцэг, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Хадбаатар, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны хуулийн зөвлөх Б.Жамбал, УИХ дахь цөөнхийн төлөөлөл, УИХ-ын гишүүний зөвлөх Д.Батдорж, Монголын өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч М.Баасанбат, “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын Хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн ухаан доктор О.Мөнхсайхан нар бий. Улмаар байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлгийг давж, олонхын санал авсан нэг нь Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн болох юм. Ташрамд дурдахад, хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн нэгнийг комиссын гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар, нууц санал хураалтаар зөвхөн нэг удаа сонгох ёстой. Өөрөөр хэлбэл, зургаан жилээр томилогдож буй комиссын гишүүдэд ротацын зарчим үйлчилж, бүрэн эрхийнхээ хугацаанд бүгд хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүнээр сонгогдон ажиллана гэсэн үг.
Түүнчлэн хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүнээс ч илүү сунжирч, өнөө хэр томилоогүй нэг гишүүн бий. Тэр нь эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүн. Хоёр жил гаруйн өмнө эхлүүлсэн сонгон шалгаруулалтыг хэд хэдэн удаа зарласан ч өнөө хэр томилоогүй л байна. Тухайлбал, анхны сонгон шалгаруулалтад дөрвөн хүн нэрээ дэвшүүлсэн ч ажлын хэсгийнхнээс олонхын санал аваагүй. Өдгөө эл албанд Я.Цэлмэн, Б.Өнөрмаа, Ч.Отгончулуун нар нэрээ дэвшүүлж, тэдэнтэй ажлын хэсгийнхэн томилгооны сонсгол зохион байгуулаад буй билээ.