“Сүүлийн жилүүдэд тухайн сав газарт хүн амын төвлөрөл ихсэж, суурьших хөдөлгөөн эрчимжсэнийг дагаад малын тоо толгой өссөн ба нийт газар нутгийн 28.8 хувь нь талхлагдсан. Монгол Улсын мал сүргийн 8.8 хувь нь тус бүсэд ногдож байна. Бэлчээрийн газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны мэдээлэлд үндэслэн боловсруулсан зургаас голын хөндий, татмын хэсэг их хэмжээгээр доройтсон нь ажиглагдлаа”. Энэхүү дүгнэлтийг 2012 онд боловсруулсан “Туул голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө”-нөөс эшлэв. Нийслэл болон Хэнтий, Төв, Сэлэнгэ аймгийн нутгийг хамардаг, ус ашиглалт, хэрэглээгээрээ хамгийн өндөр ачаалалтайд тооцогдсоор ирсэн Туул голын сав газрын нөхцөл байдал одоогоос 10 гаруй жилийн өмнө ийм байж.
Нийт газар нутгийнх нь 85.7 хувь нь бэлчээрийн зориулалтаар ашиглагддаг, түүнийх нь 30 орчим хувь доройтож, талхлагдсан байсан гэхээр тус бүс хүний нөлөө, малын хөлд харьцангуй эртнээс автжээ. Харин одоо энэ үзүүлэлт хэрхэн өөрчлөгдсөн бол?
Туул голын сав газрын захиргаанаас эл бүсэд хамгийн сүүлд хийсэн, мал аж ахуй эрхлэлтийн судалгааны талаар асуухад дээрх менежментийн төлөвлөгөөг нэр заасан юм. “Ногоон, улаан хавтастай ном байгаа. Тэндээс л мэдээлэл авах боломжтой. Өөр судалгаа байхгүй” гэв. Үндсэндээ манай улс Туул голын сав газрын цогц судалгааг Нидерландын Хаант Улсын Засгийн газрын тусламжтайгаар (“Монгол оронд усны нөөцийн нэгдсэн менежментийг нэвтрүүлэх нь” төслийн хүрээнд) 2012 онд хийхдээ тухайн бүсэд газар ашиглалт, бэлчээрээс үүдэлтэй нөлөөлөл ямар байгааг нэлээд ул суурьтай тандаж байж. Харин үүнээс хойш энэ чиглэлийг судлалгүй орхигдуулжээ. Одоогийн нөхцөл байдлыг нь бодитоор үнэлсэн албан ёсны судалгаа, баримт байхгүй гэсэн үг. Гэхдээ тус хэсэг дагуух суурьшлын бүс жилээс жилд тэлж, экосистем нь тэр хэмжээгээр доройтож байгаа нь хэн бүхний нүдэнд илт буй. Газрын наймаа, төлөвлөлтгүй аялал жуулчлал, хүн амын төвлөрөл, уул уурхайн үйл ажиллагаа, стандартгүй нүхэн жорлон, ил задгай хог хаягдлаас үүдэлтэй орчны бохирдол, доройтол энэ сав газарт үлэмж ихэссэн. Мөн мал аж ахуй эдгээрээс дутахгүй дарамт учруулж буйг судлаачид хөндсөөр байна. Сав газрын хамгийн эрүүл хэсэгт тооцогддог байсан Туул голын эх орчим хүртэл малын нөлөөгөөр ихээхэн доройтож, талхлагджээ.
Нийслэлийн Байгаль орчны газрынхантай тухайн бүсэд өнгөрсөн долоо хоногт хээрийн судалгаа (минж нутагшуулсантай холбоотой)-гаар ажиллаад ирсэн, МУИС-ийн Биологийн тэнхимийн багш Н.Батсайхан энэ асуудлыг соргогоор олж харжээ. Тэрбээр “Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Туул гол дамнан урсах хэсэгт, түүний цутгалуудын хөндийд, хязгаарлалтын бүс бүхий хэсэгт, тэднийг хөвөөлөн байрших суурингуудад олон мал замбараагүй бэлчээснээс үүдэлтэй газрын доройтол гаарсан байна” гэв. Зохистой хэмжээнээс хэтэрсэн олон мал бэлчээрийн ургамлын нөөц барж, шим шүүсийг нь “сороод” зогсохгүй хүрээлэн буй орчин, уст цэгүүдэд аюул учруулдгийг тэрбээр онцлоод “Монголчууд малын өгөөж, буяныг олон зуун жилийн турш хүртсээр энэ цагтай золгосон. Үүнийг үгүйсгэх хүн үгүй болов уу. Харин малаас үүдэлтэй сөрөг үр дагаврыг хөндөж, хэлэлцэх нь ховор юм. Малын аглуун (өтгөн) болон шингэн ялгадсанд азот, фосфор, кали, магни зэрэг элемент, эм, тарианы үлдэгдэл, хүнд металл, эмгэг төрүүлэгч агуулагддаг. Эдгээр бохирдуулагч бодис гол, нуурын хөвөөнөөс алс байлаа ч бороо, цас, шар усанд туугдан орж, бохирдуулдаг. Ялгадаснаас үүссэн их хэмжээний азот голын усыг бохирдуулбал замаг цэцэглэн үржиж, эмгэг үүсгэгч нян, бактери олширч, хүчилтөрөгчийн агууламж буурна. Ингэснээр усанд амьдардаг амьтад устаж, голын экосистем алдагддаг. Туул болон түүний цутгал голуудад ийм эрсдэл учраад удаж байна. Иймд тухайн бүсийн гадаргын болон гүний усны мониторинг судалгааг жил бүр хийж, олон нийтэд ил тод тайлагнах ёстой” гэсэн асуудал дэвшүүлэв.
Туул голын сав газрыг газар зүйн байршлын хувьд зургаан дэд хэсэгт хуваадаг. Энэ мужлалаар бол Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газар дэд хэсэг буюу Туул голын эхэд хамаарна. Харин засаг захиргааны хувьд нийслэлийн Налайх дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт харьяалагддаг. 2018 онд эл бүсэд 43 орчим мянган мал тоологдсон бол өдгөө энэ тоо 2.5 дахин өсжээ. Өөрөөр хэлбэл, 100 гаруй мянган мал тусгай хамгаалалттай бүсэд жилийн дөрвөн улирлын турш идээшилж, бэлчиж байна гэсэн үг. Эдгээрийн ундаалдаг цэг нь мэдээж Туул болон түүний цутгал Заан, Тэрэлж, Гацуурт гол. Идээшилдэг бүс нь түүнийг дагасан хөндий газрууд. Нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр болсон томоохон голд аялал жуулчлалаас гадна мал аж ахуй ихээхэн дарамт учруулдаг гэдэг нь эндээс илэрхий харагдаж буй юм. Тиймээс холбогдох байгууллагууд, ялангуяа БОАЖЯ, түүний харьяаны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, Туул голын сав газрын захиргаа, Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газрынхан эл асуудалд дорвитой анхаарч, зохих арга хэмжээг цаг алдалгүй авах шаардлага хэдийн үүсжээ. Сав газрыг бүхэлд нь биш юм гэхэд ядаж урсац бүрэлдэх эх хэсгийг нь малын хөлөөс чөлөөлж, Туул голын экосистемийг одоогийнхоос дордуурлахгүй байх нь байгаль хамгааллын төдийгүй хүн амын эрүүл мэндтэй холбоотой амин чухал асуудал болоод байна.
Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Налайх дүүрэг, Эрдэнэ сумын удирдлага, малчдын хооронд “гурвалжин, дөрвөлжин” тэмцэл, зөрчил олон жил үргэлжилжээ. Малчид “Бид тухайн бүсэд аялал жуулчлалын бааз, амралтын газрууд бий болохоос ч өмнө малаа адгуулж амьдарч байсан. Мөнгөтэй хүмүүст газар олгодог, барилга, байгууламж барихыг зөвшөөрдөг атлаа малчдыг ад шоо үзлээ, хөөлөө” хэмээн зарга, гомдол мэдүүлдэг гэнэ. Харин орон нутгийн удирдлага, хамгаалалтын захиргааныхан хадны дунд хавчуулагдсан халиуны зулзага шиг БОАЖЯ-ны ам, аясыг харсан байдалтай суудаг аж. Яг одоо гэхэд малчид өвөлжөө, хаваржааны газар ашиглах зөвшөөрөл хүсэж, орон нутгийн захиргаа, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хандаад буй юм байна. Бэлчээрийг сэлгэхгүй ашиглах нь газар доройтох, талхлагдах гол шалтгаан болдог. Гэлээ гээд тусгай хамгаалалттай бүсэд малчдад өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар давхар ашиглуулах нь суурьшлын бүсийг тэлэхээс цаашгүй учир яамныхан шийдэлд хүрч чадахгүй гацаад буй гэх.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар байгалийн цогцолборт газрыг хэв шинжээр нь онцгой, аялал жуулчлалын, хязгаарлалтын бүс гэж ангилдаг. Онцгой бүсэд зөвхөн судалгаа шинжилгээ хийх, байгаль хамгааллын арга хэмжээ авах боломжтой бол аялал жуулчлалын бүсэд зохих зөвшөөрөлтэйгөөр байгальд сөрөг нөлөөгүй хэлбэрээр үйл ажиллагаа явуулах ёстой. Харин хязгаарлалтын бүсэд уламжлалт мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрдөг. Гэтэл бодит байдалд энэ хуулийн хэрэгжилт тэг зааж байна. Бүсчлэлийн хил зааг алдагдсанаас Горхи, Тэрэлж бүхэлдээ суурьшлын бүс болоод хувирчихлаа. Аль нь аялал жуулчлал, хязгаарлалтын бүс гэдэг нь ялгагдахаа байв. Хэрэв бид нийслэл төдийгүй төвийн аймгуудыг тэжээн тэтгэдэг, улсын хүн амын талаас илүү хувийг нь ундаалдаг энэ сав газрын экосистемийг “сэхээ”-нд оруулахгүй байя гэвэл дэд хэсэг буюу голын эхийг бүхэлд нь онцгой бүс гэж авч үзэж, арга хэмжээ авахаас аргагүй нь.
Судлаач Н.Батсайхан “Туул, түүний цутгал голуудын сав газар бол онцгой бүс. Тиймээс энэ бүсэд бэлчээрлүүлж буй малыг татварын бодлогоор цөөлөх, эсвэл малчдыг өөр газарт сэлгэн суурьшуулах ёстой. Үүнийг төр, засаг зохицуулах шаардлагатай. Малтай 100 айл (бодит бус, жишсэн тоо)-ын эрх ашгаас нийслэлийн сая гаруй хүний эрүүл мэнд чухал” хэмээсэн юм. Түүний хэлсэнчлэн хэн нэгний эрх ашгийг дэнслэхдээ тулбал, үүнээс улбаалан шийдвэр гаргахад хүрвэл Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт мал бэлчээрлүүлэх байтугай аялал жуулчлалын үйл ажиллагааг тодорхой түвшинд хязгаарлаж, тэнд бий болсон замбараагүй төвлөрлийг цэгцлэх шаардлагатай юм. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, санал, дүгнэлт боловсруулах чиглэлтэйгээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос томилогдоод буй ажлын хэсгийнхэн үүнийг Засгийн газрын түвшинд асуудал болгож тавиасай. “Эрх зүйн орчныг сайжруулах, шинэчлэх, нэгдсэн стандарт, норм тогтоох шаардлагатай” гэсэн ерөнхий зүйл ярихын оронд нарийвчилсан төлөвлөгөө, шийдэл боловсруулаасай. Мөн БОАЖЯ Туул голын сав газарт байгаль орчны цогц судалгааг холбогдох байгууллагынхнаар хийлгэж, бодит үр дүнг нь олон нийтэд танилцуулбал хэрэгтэй сэн.