Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин НҮБ-ын Суурин зохицуулагч Т.Мишраг өнөөдөр хүлээн авч уулзаж, Монгол-НҮБ-ын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Талууд уулзалтын үеэр Монгол Улсад НҮБ-аас 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичиг боловсруулах ажлын явц, НҮБ-ын системийн байгууллагуудын үйл ажиллагааны төлөвлөгөө, ажлын уялдааны талаар дэлгэрэнгүй санал солилцсон байна.
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин олон талт хамтын ажиллагааны хүрээнд дэвшүүлсэн зорилтуудыг хангахад НҮБ-ын хөгжлийн тусламжийн хүрээ баримт бичиг чухал дэмжлэг болж ирснийг онцлон тэмдэглээд, олон улсын болон үндэсний хэмжээний хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.
Олон талт хамтын ажиллагааны салбар дундын уялдааг хангахад Гадаад харилцааны яам тэргүүлэх үүрэгтэй оролцон, дэмжиж байгаад НҮБ-ын Суурин зохицуулагч Т.Мишра талархал илэрхийлээд, ирэх 5 жилд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, тэргүүлэх чиглэлийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Талууд НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлэх хамтын ажиллагааны ирэх 5 жилийн төлөвлөгөө буюу 2023-2027 оны “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийн төслийг энэ оны дөрөвдүгээр сард эцэслэн боловсруулж, Засгийн газарт танилцуулахаар тогтов.