Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Жаргалсайхан болон Санхүү, бүртгэлийн тасгийн дарга, ахлах нягтлан бодогч Б.Долгормаа нарт холбогдох хэргийг тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэхээр товлосон ч хойшлууллаа. Учир нь шүүгдэгч Б.Долгормаа өмгөөлөгч авч эрхээ хамгаалуулахаар шүүх бүрэлдэхүүнд хүсэлт гаргасныг шүүгч Г.Ганбаатар хүлээн авсан байна. Уг нь Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2.1 дэх хэсэгт “Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн есөн сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх анх үүснэ” гэж заасан байдаг. Мөн хуулийн 4.1-т “Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг энэ хуулийн зургадугаар зүйлд заасны дагуу бүртгүүлсний дараагийн өдрөөс эхлэн ажлын 76 өдрийн хугацаанд олгоно”, 5.1-ийн “Ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол гурав хүртэл сарын дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг бирж байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчиж албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт дээрх хоёр хүнийг буруутган НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Жаргалсайхан, Б.Долгормаа нар хууль зөрчин эрх мэдлээ урвуулж Сүхбаатар дүүргийн харьяат иргэн С.Л-д ажилгүйдлийн тэтгэмж олгуулсан байдаг. Ингэхдээ ажилгүй болохоос өмнөх 24 сараас доошгүй хугацаанд тасралтгүй ажиллаагүй, үүнээс сүүлийн есөн сард нь даатгалын шимтгэл тасралтгүй төлөөгүй, ажлаас халагдсаны дараа 14 хоногийн дотор харьяалах Нийгмийн даатгалын хэлтэст бүртгүүлээгүй зэрэг зөрчилтэй байхад нь хэлтсийнхээ орлого, шимтгэлийн байцаагчид нөлөөлөн, түүгээр тэтгэмж бичүүлж, цахим санд шивүүлэн 3.7 сая төгрөг олгосон нь АТГ-ынхны шалгалтаар тогтоогдсон юм.