Хөл нь гэмтсэний улмаас нисэж чадахгүй болсон тарлан сар (махчин шувуу)-ыг нийслэлийн Байгаль орчны газрын Ан амьтан асрах төвийнхөн 15 хоногийн хугацаанд эмчилж, байгальд нь буцаан тавьжээ. Нийслэлийн суурьшлын бүсээс бэртэж, гэмтсэн амьтан олдох тохиолдол сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн бөгөөд тэдгээрийн дунд шувуу зонхилох хувийг эзэлж байгааг тус газрынхан хэллээ. 2021 онд гэхэд иргэдийн дуудлага, мэдээллийн дагуу 40 гаруй амьтанд тусламж үзүүлсний 24 нь махчин болон жижиг шувуу байжээ. Иргэд суурьшлын бүсэд ийм амьтадтай дайралдвал нийслэлийн Байгаль орчны газрын 11-323780, Шуурхай удирдлагын төвийн 11-310005 утсаар мэдээлж, тусламж дуудах боломжтой аж.
Бэлтгэсэн Ж.Танан